Жуулчдын тооноос илүү өөрсдийн нөхцөлд анхаараасай

Хуучирсан мэдээ: 2023.03.21-нд нийтлэгдсэн

Жуулчдын тооноос илүү өөрсдийн нөхцөлд анхаараасай

Жуулчдын тооноос илүү өөрсдийн нөхцөлд анхаараасай

Монгол Улс энэ онд нэг сая жуулчин хүлээн авахаар төлөвлөөд байгааг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас мэдэгдсэн. Гэвч тус зорилгод хүрэх боломжгүй, бэлтгэл ажил хангалтгүй байгаа талаар аяллын тур компаниуд болон жуулчны бааз, холбоод, холбогдох яамнаас байр сууриа илэрхийлсэн билээ.

Тодруулбал, сая жуулчин хүлээж авахад жуулчны баазуудын тохижилт, үйлчилгээний чанар хангалтгүй учир сайжруулах шаардлагатай гэсэн юм.

Тэгвэл аялал жуулчлалаар дамжуулж эдийн засгаа хөгжүүлэх өөдрөг төсөөллийг бодит ажил болгоход хэн, юуг анхаарч, хаанаас эхэлж хэрхэн өөрчлөх вэ? Нэгдүгээрт, жуулчдыг хүлээн авах соёл. Олон тооны жуулчдыг эх орон руугаа татах менежмент сайн байсан ч угтах, харилцах соёлоос эхлээд гологдох нь их. Жуулчдын танин мэдэхүй, хэрэгцээ шаардлагаас илүүтэй мөнгийг урьтал болгож, түрийвч мэт хандаж, зөвхөн мөнгө авах харилцаа үүсгэснээр олон жуулчин Монголд дахин ирэх сонголт хийдэггүй. Мөн нөгөө талдаа үүнээс шалтгаалж хэт өндөр зарлага гаргахыг хүсдэггүй жуулчид өөрсдөө газрын зураг бариад, замын унаанд дайгдаж, зарим тохиолдолд мотоцикль түрээслээд тойрон аялал хийх тохиолдол ч их байдгийг аяллын компаниуд хэлсэн. Тиймээс үйлчлэгч хүлээн авахдаа хөтөч, аяллын компанийн ур чадвар, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжтай байдалд онцгой анхаарал хэрэгтэй. Хоёрдугаарт, үе хоцрогдсон  үйлчилгээний чанар. 

2021 оны статистик мэдээллээр орон нутагт 438, Улаанбаатарт 100 гаруй нийт 540 орчим жуулчны бааз байгаа аж. Энэ тоо бол албан бус статистик юм.

Дээрх тоонд багтсан жуулчны бааз, амралтын газруудын 20 гаруй хувь нь л жуулчид хүлээж авах боломжтой болохыг “Жуулчны баазуудын холбоо”-ны тэргүүн Г.Отгонбаатар хэлсэн. Тэгэхээр бид тооноос илүү чанар, үйлчилгээнд анхаарч жуулчдыг татах нь зүйтэй болж таарах нь. Бүхий л боломжийг ашиглаж, шууд нислэг, визийн хөнгөлөлтөөр гадаадаас ирэх аялагчдын тоог нэмж байгаа нь сайшаалтай ч тэднийг угтах орчинг бэлдэхгүй бол харамсалтай. Адаглаад жуулчид хүлээж авахад тохиромжтой, боломжтой орчин, хүний нөөц, үйлчилгээтэй газруудын тоог нарийвчлан гаргаж, аялагчдын анхдагч хэрэгцээнээс эхлээд шаардлагатай зүйлсийг тэдгээр газарт бий болгох. Ингэснээр жуулчид ядаж л цөөн тооны баталгаатай баазад сэтгэл ханамжтай үйлчилгээг авч чадна.

НҮХЭН ЖОРЛОН, МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЧ СҮҮЛИЙН 10 ЖИЛ ЯРИГДАЖ БАЙГАА

Баазуудын зүгээс харин жуулчдыг ихээр татна гэхээс илүүтэй бага, багаар давтамж өндөр татсаар байвал 2025 он гэхэд сая жуулчин хүлээж авах боломжтой гэдгийг илэрхийлж буй. Гол нь Чингис хаан олон улсын нисэх буудал болон Алтанбулаг, Хангимандал, Замын-Үүд зэрэг бүх боомтоор жуулчдыг чөлөөтэй нэвтрүүлбэл сая жуулчин хүлээж авах зорилго биелэх боломжтой гэж харж байгаа аж.

Энэ жилийн хувьд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд авууштай зүйл нь БОАЖЯ-наас онцгой анхаарч ажиллаж байгаа явдал.

Тиймээс дэвшүүлсэн зорилтын хүрээнд хэрэгжилтийг хангах тал дээр мэдээж анхаараад явна. 2023 онд Орос, Солонгос, Хятад, Япон зэрэг улсын жуулчид дээр тулгуурлан ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгааг салбар яамнаас мэдээлсэн. Учир нь дээрх улсуудаас шууд нислэгтэй учир нэг том давуу талыг бий болгох юм. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр хууль батлагдвал жуулчдын тоо өсөх магадлалтай.

Гадаадын жуулчдыг хүлээж авах тал дээр боловсон нойл, хөтөч гээд  аяллын компаниудад тулгамддаг асуудал их. Тухайлбал, улирлын шинжтэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдэд боловсон нойл боломжгүй байна. Харин жуулчдын дийлэнх хувь агаар, хөрсний бохирдол, ариун цэвэр талаас нүхэн жорлонд орохыг хүсдэггүй аж.

Монгол Улс жилийн дөрвөн улиралтай. Жуулчдын хувьд ихэвчлэн Хөвсгөл, Баян-Өлгий, Өмнөговь зэрэг аймгаар аялахыг илүүд үздэг. Аялагч олноор очдог баазуудын хувьд аймгийн төвөөс хол, алслагдсан хэсэгт ихэвчлэн байдаг учир бохироо соруулах боломжгүй хөлдөх эрсдэлтэй. Тиймээс улирлын чанартай аялал жуулчлалд тусгайлан зориулж боловсон нойл шийдвэрлэх хүндрэлтэй байдаг байна. Боловсон нойлоос гадна дараагийн асуудал бол хөтөч. Мэргэжлийн гадаад хэл, түүх, соёлын мэдлэгтэй хөтөч сүүлийн 10 жил толгойн өвчин болж байгааг аялал жуулчлалын компаниуд илэрхийлж байна.

ХОТТОЙ ОЙР БААЗУУДЫГ ТОХИЖУУЛАХ НЬ ӨВӨЛ ЖУУЛЧДЫГ ТАТАХ ГОЛ БОЛОМЖ

Хүмүүс өвөл, зунгүй жуулчдыг хүлээж авах хэрэгтэй гэдэг. Гэхдээ өвлийн хасах 30-40 хэмд төвөөс зайтай баазууд тав тухтай үйлчилгээг амлах хэцүү. Хотод ойр бол мэдээж болно. Тэгэхээр жил тутамд сайжруулалт хийснээр 2025 он гэхэд сая жуулчин хүлээж авах боломж бүрдүүлэхийн тулд хоттой ойр баазуудыг хөгжүүлэх. 

Засгийн газар 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Энэ хүрээнд 2023 онд гадаад орнуудаас жуулчдыг татаж, аялал жуулчлалын салбараас олох орлогыг нэг тэрбум 200 сая ам.долларт хүргэх зорилт тавиад байгаа. Монгол Улс урд хөрштэй 17, хойд хөрштэй 13 боомтоор хил нэвтэрдэг. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлж чадвал хоёр хөршөөс орж ирэх жуулчдын тоог өсгөх боломжтой.

Жуулчид хүлээж авахад Монголд тулгамдаж буй асуудал нь зочид буудал, жуулчны тээвэр, ресторан, зоогийн газар, жуулчны бааз, ариун цэврийн өрөө, орон нутгийн нислэг зэрэг тэргүүн эгнээнд бичигддэг. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд 15 орчим тэрбум төгрөг шаардаж буй юм байна.

Зам тээврийн хөгжлийн яамны хувьд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, гадаад орнууд руу хийх нислэгийн тоог огцом нэмэгдүүлээд байгаа төдийгүй зарим улс руу зорчих тийзний үнийг ч бууруулах арга хэмжээг авсан байдаг. Гэхдээ ойрын хугацаанд боломжит хувилбар нь жуулчдад тав тухтай орчинг бий болгож, сэтгэл ханамжтай үйлчилгээг нэвтрүүлэх. Мөн өвлийн улиралд тусгайлан жуулчдыг татах хүрээнд хоттой ойр баазуудыг хөгжүүлэх шаардлагатай байна. Өнөөгийн нөхцөлд салбар яам, тур компаниудын бодлого, зохицуулалтаас илүүтэй жуулчны бааз, амралтын газруудын орчин, харилцааны соёл, жуулчдыг хүлээх авах, татах хандлага муу байгаад сая жуулчин хүлээж авах боломж  саарч байна гэхэд хилсдэхгүй!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж