-Эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтөй нь давуу эрх эдлэх, хөнгөн ял шийтгэл хүлээх байдал оршсоор байна. Үүнтэй эвлэрэхгүй. /Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгнээс/
-Хувь хүний биш хуулийн засаглалыг бэхжүүлнэ. /Монгол Улсын Ерөнхий сайдын амлалтаас/
Шүүхийн өмнө бүгд эрх тэгш эрхтэй. Ийм заалт эцэг хуульд бий. Эрх мэдэлтнүүд ч ингэж ярьж, амлаж ирсэн. Үндсэндээ бүх амьтан тэгш эрхтэй ч шүүхийн өмнө гахай илүү тэгш эрхтэй. Ядарсан хулгайч шоронд орж, задарсан хулгайч ордонд суудаг нь болсон явдал, бодит үнэн.
НЭГ.
Дөрвөн хоногийн өмнө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс АН-ын гишүүн, “лайвчин” Д.Мөнх-Эрдэнэд хилийн хориг тавьж, батлан даалтад гаргасан шийдвэрийг прокурорын эсэргүүцлийн дагуу Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг хүчингүй болгосноор түүнийг цагдаагийнхан өчигдөр дахин баривчилжээ.
Түүнийг анх Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаярыг заналхийлсэн гэх гомдлоор 2022 оны арванхоёрдугаар сарын 18-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс баривчлан, саатуулах шийдвэр гаргасан байдаг. Бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэх “ял” нь нэмэгдсээр Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусдад хахууль өгсөн гэх хэрэгт буруутгаж буй. Чингэхдээ “хэргийн бусад хүмүүст нөлөөлөх, мөрдөн байцаалтад саад учруулах, баримт сэлтийг устгах, нуун далдлах, оргон зайлах, нийтийн эрх ашигт хор хохирол учруулах зэргээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагаанд ноцтойгоор нөлөөлж болохуйц бодитой нөхцөл байдлууд тогтоогдсон” гэсэн үндэслэлээр хорьжээ.
“Лайв” хийсэн, Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлсэн нь “хэргийг нотлох үйл ажиллагаанд саад учруулах”-ад хүргээгүй бол гудамж метрлэж яваа Д.Мөнх-Эрдэнэ хууль, шүүхэд нөлөөлөх хэмжээний эрх мэдэлтэй хүн биш. Эсрэгээрээ Т.Аюурсайхан, Ш.Раднаасад, Ж.Мөнхбат нарын хуулиар хамгаалагдсан хулгайн хэргийн сэжигтнүүдийн хувьд бол өөр. Тэд бусдад нөлөөлөх, мөрдөн байцаалтад саад учруулах, баримт сэлтээ устгах, бүр оргон зайлах магадлал өндөр.
Иргэн Д.Мөнх-Эрдэнийг гурван сарын хугацаанд шүүхээс хоёр удаа суллах, гурван удаа баривчлах шийдвэр гаргасан нь манай хууль, шүүхийнхний “янаглан шоглох”, залхаан цээрлүүлэх нэг арга тактик нь. Барьж тавьж, хорьж цагдаад иргэнийхээ сэтгэлзүйгээр илтэд “сегадаж” байна.
Хэрэвзээ, Д.Мөнх-Эрдэнэ МАН-ын гишүүн байсан бол хэргээс мултардаггүй юмаа гэхнээ, шоронд хоригдохгүй байв. Д.Мөнх-Эрдэнийн хоригдох болсон шалтгаан нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласандаа биш. Эхнэр нь ийм асуудал байхгүй гэсэн, өмнө нь өөрөө ч бас үгүйсгэж байсан билээ.
Бусдад авлига өгсөндөө цагдан хоригдсон гэвэл арван тэрбумын авлигыг С.Батдөлд өгсөн хүмүүсийг адилхан барьж хорих нь яаав. Д.Мөнх-Эрдэнийн гол гэм буруу нь, түүнийг шоронд хийх шалтаг нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэнд л байгаа юм.
Ц.Нямдоржийн хүүгээс шударга ёс хүссэний төлөө тэр шударга бус хуулийнхны хорхойтой араанд зуугдсан хэрэг.
ХОЁР.
“Ядарсныг хамгаалж, задарсныг засаглана” гэдэг нь иргэн Д.Мөнх-Эрдэнэ, эрх баригч намын гишүүн Ж.Мөнхбат хоёрт ижил тэгш үйлчлэх ёстой гэсэн үг. Хувь хүний биш хуулийн засаглал нь хууль тогтоох байгууллагаас, шударга ёс шүүхийн танхимаас эхлэх ёстой, зүй нь.
Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг нь хулгай, луйврын хэрэгт нэр холбогдсон. Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Ш.Раднаасэд нарыг Хөгжлийн банкийг тоносон, нүүрс хулгайлсан хэрэгт буруутай болохыг хууль шүүхийнхэн өөрсдөө зарласан билээ.
Тэднээс нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татагдсан Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ өгсөн даруйдаа ээжийгээ эмчлүүлэх нэрээр Өмнөд Солонгос руу “явчихсан” нь хэргийг нотлох үйл ажиллагаанд саад учруулах, хэргийн ул мөр, баримт сэлтийг устгах, оргон зайлах, онцгой нөхцөл уг нь мөн. Гэвч МАН-ын гишүүнд манай хууль шүүх гөлөг, гөлөг.
Т.Аюурсайханыг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж буруутгаж буй үндэслэлээс нь харвал хэргийн бусад хүмүүст нөлөөлөх, мөрдөн байцаалтад саад учруулах, баримт сэлтийг устгах, нуун далдлах, оргон зайлах, нийтийн эрх ашигт хор хохирол учруулах жинхэнэ аюултай “этгээд” баймаар. Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах гэдэг нь бараг мафийн толгойлогч гэсэн үг. Атал өнөөг хүртэл түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ прокуророос УИХ-д оруулахгүй байгаагийн учир нь МАН-ын гахай АН-ын гишүүнээс илүү тэгш эрхтэй…
Д.Мөнх-Эрдэнэ АН-ын, Ж.Мөнхбат МАН-ын гишүүн байхаас үл хамаараад шүүхийн өмнө ижил тэгш эрх эдэлсэн нөхцөлд хувь хүний биш хуулийн засаглал тогтож байна гэсэн үг.
Хуулийн засаглалыг бэхжүүлэх үү, худалдах уу гэдэг нь үнэндээ хууль тогтоогчдоос илүү хууль шүүхээс хамаарна. Шүүх авлигагүй бол төр авлигагүй болно л гэсэн үг.
Холбоотой мэдээ