Мьянмарын дүрвэгсдийг буцаах төсөлд НҮБ оролцжээ

Хуучирсан мэдээ: 2023.03.21-нд нийтлэгдсэн

Мьянмарын дүрвэгсдийг буцаах төсөлд НҮБ оролцжээ

Мьянмарын дүрвэгсдийг буцаах төсөлд НҮБ оролцжээ

Мьянмар дахь НҮБ-ын суурин зохицуулагчийн цахим шуудан өнгөрсөн долоо хоногт задарснаар дүрвэгсэдтэй холбоотой ноцтой асуудал ил болжээ. Тодруулбал, Бангладеш дахь рохинжа дүрвэгсдийг Мьянмар руу буцаах туршилтын төсөлд НҮБ-ын дүрвэгсдийн агентлаг оролцож байгаа нь тодорхой болсон байна. Өнгөрсөн долоо хоногт цэргийн хунтагийнхан Бангладеш руу явахдаа НҮБ-ын завь ашиглажээ. Нийтэд ил болсон цахим шууданд дурдсанаар, гуравдугаар сарын 15-нд Мьянмарын цэргийн засгийн газрын албан тушаалтнуудыг Бангладеш руу зөөвөрлөсөн байна. Мөн тухайн завьнууд дээрх НҮБ-ын тэмдэглэгээг устгасан байжээ.

Бангладешийн зүүн өмнөд хэсэгт орших Кокс-Базар хуаранд одоогоор нэг сая орчим рохинжа дүрвэгч байна. Дүрвэгсэд Мьянмар руу буцлаа гэхэд эх оронд нь нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй байгаа тул аюултай юм.

Бангладеш болон Мьянмарын цэргийн засгийн газар Хятадын зуучлалаар 1140 орчим рохинжа дүрвэгчийг эх оронд нь буцаах туршилтын төсөл хэрэгжүүлж байна. Тэгвэл НҮБ-ын завь ашиглан Мьянмараас Бангладеш орсон цэргийн хунтагийнхан уг туршилтын төсөлд багтсан дүрвэгсэдтэй ярилцлага хийж, хэн болохыг нь шалгах зорилготой байжээ.

Мьянмар, Бангладеш, Хятад гурван улсын төлөөлөгчид 2018 онд рохинжа дүрвэгсдийг эх оронд нь буцаах тухай гурван талт зөвлөлдөх уулзалт хийсэн. Энэхүү хэлэлцээрийн үр дүн өдгөө үргэлжилж буй.

Хятадын хувьд Мьянмарын дүрвэгсдийг эх оронд нь буцаах тодорхой шалтгаан бий. Тодруулбал, рохинжа дүрвэгсдийн ихэнх нь амьдардаг Рахкайн мужид Хятад, Мьянмарыг холбох дэд бүтцийн хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн. Энэ нь Хятадын ашиг сонирхолд нийцэж байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлснээр, Ракхайн мужийн Маунгдав хотын эрх баригчдын маш хатуу шаардлагыг ёсоор болгосны үндсэн дээр цэргийнхнийг ийн тээвэрлэсэн гэв. “Хүсэлтийг маш богино хугацаанд буюу төлөвлөгөөт аялалаас 36 цагийн өмнө гаргасан. Бүх завинаас НҮБ-ын тэмдэглэгээнүүдийг арилгасан” гэж Мьянмар дахь НҮБ-ын суурин төлөөлөгч Раманатхан Балакришнан хэллээ.

Дүрвэгсэд Мьянмарт буцаж ирэх эрхтэй ч энэ үйл явц нь сайн дурын үндсэн дээр, аюулгүй байдлыг хангасан байх ёстой аж. Мөн Мьянмарт очоод тогтвортой нийгэмших боломжийг тэдэнд олгох ёстой юм. Гэтэл Мьянмар дахь одоогийн нөхцөл байдал рохинжа дүрвэгсдийн аюулгүй байдлыг хангахааргүй байна гэж Балакришнан хэлжээ.

Дүрвэгсдийг ийнхүү хүчээр нутаг буцааж байгаа нь удахгүй болох сонгуультай холбоотой аж. 2023 оны наймдугаар сард хийхээр төлөвлөж байсан сонгууль нь 2021 оны цэргийн эргэлтийн дараах анхны сонгууль болох юм. Гэвч уг сонгууль тодорхойгүй хугацаагаар хойшлогдсоор байгаа билээ. Төрийн эргэлт гарснаас хойш цэргийнхэн онц байдлын хугацааг гурван удаа зургаан сараар сунгасан юм. Одоо хэрэгжиж буй онц байдал энэ оны наймдугаар сарын 1-нээр дуусгавар болно. Үндсэн хуульд зааснаар сонгуулийг онц байдал дууссанаас хойш зургаан сарын дотор явуулах ёстой байдаг аж. Цэргийнхэн энэ сонгуулиар өөрсдийн засаглалаа хууль ёсны болгохыг эрмэлзэж байна.

“НҮБ хуурамч сонгуулийн өмнө хунтагийн бүдүүлэг суртал ухуулгыг дэмжиж байна. Энэ нь рохинжа үндэстийн хоморголон устгах ажиллагаан дахь НҮБ-ын оролцоог хамгийн доод түвшинд хүргэлээ. Ялангуяа НҮБ-ын таних тэмдэгийг завинаас арилгах шийдвэр нь тус байгууллагын төвийг сахьсан байдалтай ноцтой зөрчилдөж байна. Мөн улс даяарх тусламжийн хүргэлтэд аюул учруулж, хүмүүнлэгийн ажилчдын амь насыг эрсдэлд оруулж байна” гэж Мьянмарын хариуцлагын төслийн захирал Крис Ганнес хэлэв.

Дүрвэгсдийг эх оронд нь буцааснаар сонгууль чөлөөт, шударга байдлаар, Мьянмарын ард түмний дэмжлэгтэй явагдсан гэдэг ойлголтыг дэлхий дахинд өгөх зорилготой юм.

Энэ удаагийн хэрэг нь НҮБ-ын агентлагууд болон засгийн газрууд хооронд байнга тулгардаг хурцадмал байдлыг ил гаргасан гэж үзэв. Мьянмарын засгийн газар харгислал үйлдэж, хүн амын дийлэнх хэсгийн эсэргүүцэлтэй тулгараад буй тул энэ хурцадмал байдал нь улам даамжрах төлөвтэй байна.

2021 оны хоёрдугаар сард төрийн эргэлт гарснаас хойш Мьянмарт үйл ажиллагаа явуулж буй НҮБ-ын агентлагууд цэргийн хунтатай харьцах ёстой юу, үгүй юу гэдэг дээр маргаан өрнөсөөр байна. Зарим ажиглагчийн үзэж буйгаар НҮБ-ын агентлагууд цэргийнхэнтэй харилцаатай байх нь засаглалыг хууль ёсны болгох давуу талтай. Нөгөөтэйгүүр НҮБ-ын агентлагууд ийм бодлого баримталбал Мьянмараас хөөгдөж ч болзошгүй юм.

Цэргийн хунтагийн төлөөлөгчид гуравдугаар сарын 15-нд Бангладешийн Текнаф хотод очжээ. Тэд долоо хоногийн турш төсөлд сонгогдсон рохинжа дүрвэгсэдтэй ярилцлага хийнэ. Цэргийнхнийг ирэх үеэр Хятад, Бангладеш зэрэг найман орны төлөөлөгчид Ракхайн мужид хүрэлцэн ирж, нутаг буцах дүрвэгсдийг хэрхэн бэлтгэж байгаагаа танилцуулжээ. Нийт 1140 дүрвэгчээс 711-ийнх нь хэргийг хянан шийдвэрлэсэн гэдгийг “The diplomat” хуудас мэдэгдлээ.

Эх сурвалж: THE DIPLOMAT, WIKIPEDIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж