УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг маргааш 09.30 цагт зарласан бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэхээр болжээ.
Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ж.Мөнхбат гишүүний асуудлыг маргааш Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Ж.Мөнхбат гишүүнтэй холбогдсон, өөрөө хуралдаанд оролцож чадахгүй, ээжийгээ эмчлүүлж байгаа гэсэн. Өөрөө оролцох боломжгүй ч миний асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөөч гэж хүссэн. Энэ асуудлыг хэлэлцэхэд хуульд харшлах зүйлгүй" хэмээсэн юм.
Нүүрсний хэрэгтэй холбогдуулж, Авлигатай тэмцэх газар нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг яллагдагчаар татсан. Энэ асуудалтай холбоотойгоор тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-д гаргасан юм.
УИХ-ын намрын чуулган завсарласан байсан тул эл асуудал хэлэлцэгдээгүй. Харин хаврын чуулган эхэлснээр хэлэлцэж эхэлж байна.
Уг нь нүүрсний хэрэгт холбогдуулан Авлигатай тэмцэх газар нь УИХ дахь МАН-ын бүлгээс Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Ш.Раднаасэд нарын хэд, хэдэн гишүүнийг шалгаж, заримынх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт гаргана гэдгээ өнгөрсөн долоо хоногт зарласан.
Гэвч УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нь гагцхүү УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат болж буй.
Бусдынх нь хувьд Ж.Мөнхбат гишүүн шиг хүсэлт гаргаагүй тул УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлт Улсын ерөнхий прокуроос УИХ-д өргөн мэдүүлсэн нөхцөлд л хэлэлцэх шаардлага үүсэх юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ