Байт харваан спортын XV дахь удаагийн заалны улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 23-26-ны хооронд Эрдэнэт хотод болно. Тус тэмцээн энэ жил рекувр болон компаунд төрлүүдээр U14, U18, U21, насанд хүрэгчид гэсэн дөрвөн ангилалд болох юм.
Тамирчид рекувр төрөлд ангилал тус бүрт эрэгтэй, эмэгтэй хувийн харваа, багийн харваа, холимог багийн харваагаар өрсөлдөх бол компаунд төрөлд эрэгтэй, эмэгтэй хувийн харваа, эрэгтэй багийн харваа төрлөөр 19 багц медалийн төлөө цэц мэргэнээ сорино.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг 24 байгууллагын 330 гаруй тамирчин бүртгүүлжээ.
Тус тэмцээнийг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, ИТХ, Монголын байт харвааны холбоо, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын "Хангарди" спорт цогцолбор, Орхон аймгийн Биеийн тамир спортын газар хамтран зохион байгуулж байгаа аж.
Тэмцээний техникийн зөвлөгөөн гуравдугаар сарын 22-ны Лхагва гаригт 17:00 цагт Орхон аймагт болно. Түүнчлэн, Монголын байт харваан холбооны удирдах зөвлөлийн хурал Эрдэнэт хотод болох юм.
Мөн энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс харьцангуй олон тамирчин оролцохоор бүртгүүлсэн тул холбооны зүгээс тэмцээний үеэр тамирчиддаа чиглэсэн сургалтыг явуулахаар төлөвлөсөн байна.
Холбоотой мэдээ