Сурвалжлага: Цалингаа бүтэн авахын тулд санаагаа "уралдуулж" байна

Хуучирсан мэдээ: 2023.03.20-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Цалингаа бүтэн авахын тулд санаагаа "уралдуулж" байна

Сурвалжлага: Цалингаа бүтэн авахын тулд санаагаа "уралдуулж" байна

“… Цалингаа авахын тулд санаагаа уралдуулсаар байгаад муу санаатай хүн болох дэг. Ажлаасаа гарах гэж байгааг мэдчих л юм бол цалин өгддөггүй. Тэгсэн хэр нь манай үеийнхнийг ажлаа хаяад явчихдаг амиа бодсон гэх мэтээр буруутгадаг нь таалагддаггүй…” гэж МУБИС-ийн гуравдугаар курсийн оюутан ярилаа. Нэг үеэ бодвол Монголын оюутнууд цагийн ажил эрхлэж, хэрэгцээгээ хангах боломжтой болсон. Залуус аав, ээжийнхээ гарыг хараад зүгээр суух биш сургалтын төлбөр, хувийн хэрэгцээгээ өөрсдөө хангаж, ажил хийхийг хүсдэг. Тэдний 40 орчим хувь нь хөдөлмөрийн биржээр зуучлуулан ажил олдог бол 60 хувь нь фэйсбүүк, сошиал ашиглан ажлаа олдог байна. Гэвч зарим нь ажил олгогчдын залилан, мэхлэлтийн хохирогч болж үлдэж байна.

"Бид ажилтан, ажил олгогч хоёрын хооронд гүүр болдог. Зуучилсны дараагаар ажил хайгч ажилдаа очоогүй, цалинг нь өгөөгүй тохиолдолд манай байгууллага хариуцлага хүлээхгүй. Хувь хүн, байгууллагын хариуцлага, ухамсрын асуудал" болохыг Бодит үнэлэмж мэргэжлийн сургалтын төв, хөдөлмөрийн биржийн сургалтын менежер Г.Жаргалмаа  ярилаа. Тэрбээр “Манайх “Бодит үнэлэмж” гэдэг сургалтын төвтэй. 20 гаруй сургалт үйл ажиллагаагаа явуулж байна. Үүний хажуугаар давхар хөдөлмөрийн биржтэй.  Мэргэжил эзэмшээд төгссөн хүмүүсээ 100 хувь ажлын байранд зуучилж өгдөг. Одоогоор байнгын үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй байгууллага хамтарч ажиллаж байна. Хүмүүс голдуу тогтсон ажил гэхээсээ өдөртөө цалингаа өгдөг цагийн ажил хайж ирж байна. Манайх ажил хайгч, ажил олгогч хоёрыг үнэ төлбөргүй жуулчилж өгдөг.  Ажилд авсан, ажилд орсон хоёр тал гэрээ хийгээд, гарын үсгээ зураад тохиролцсоны эцэст ажилдаа орж байгаа. Тиймээс зуучилж өгсөн газар асуудал гаргалаа гэх үндэслэл байхгүй. Нэг гомдол гаргасан тохиолдол бий. Манайхаас тухайн байгууллагатай холбогдоод санал хүсэлтийг нь дамжуулаад, дараа дараагийн хүмүүст санал болгоход хэцүү байна гэдгийг хэлсэн. Тухайн байгууллагаас “танай явуулсан хүн цаг баримталдаггүй, асуудал гаргасан” гэсэн хариу өгсөн. Тэгэхээр хувь хүний хариуцлагын асуудалтай холоотой” гэлээ.

Фэйсбүүк ажилд авах, орох зар хаа сайгүй. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг пэйж, групп цөөнгүй. Сошиалд тавигдсан ажилд авна, орно гэх зарыг уншихад ажил олгогчид тогтвор суурьшилтай ажиллах ажилтан авах сонирхолтой бол ажилтан нь цагийн тогтмол цагаар биш цагийн ажил хийх хүсэлтэй байдаг нь илт.

Иргэдийн дунд ажлын байранд тэнцэх ажил олгогч алга гэх шүүмжлэл гардаг. Энэ нь нэг талаас ажилтан ажлын ачаалал даахгүй, шалгуур, шаардлага хангахгүй тохиолдол бий. Нөгөө талаар ажилтнуудын зүгээс цалин урамшуулал, хөдөлмөрийн нөхцөл, хамт олны уур амьсгал зэрэг шалтаг, шалтгаан тоочих нь элбэг.

Оюутан залууст буюу 16-21 насны залуучуудад түгээмэл олддог зөөгч, үйлчлэгч, касс, дэлгүүрийн худалдагч, зохион байгуулагч, барилгын туслах зэрэг ажил байдаг. Цагийн ажил хийхдээ ихэнх тохиолдолд “аман гэрээ” байгуулж шууд ажилдаа ордог байна.

“Анх оюутан болоод ажил хийж эхэлсэн. Үндсэн ажлаас илүү цагийн ажил хийдэг. Ажлаа хийгээд шууд мөнгөө аваад байвал амар байдаг. Миний анзаарснаар Монголд яг энэ чиглэл маш муу хөгжсөн гэж бодож байна. Нэг ёсондоо “боловсон хөдөлмөрийн мөлжлөг” хийдэг. Аль аль шат нь хариуцлага муу. Цалингаа авч чадахгүй тохиолдолд хэнд хандахаа ч мэддэггүй худлаа үнэн хэрүүл хийгээд л салдаг даа. Бие дааж нийгмийн харилцаанд оролцож ажил хийж эхлэхэд орчин, хийж буй ажлаасаа их зүйл сурдаг. Гэвч дөнгөж хөдөлмөрийн харилцаанд орж буй залуус гомдолтой, ам муутай байгаа нь эргээд шударга бус харилцааг дахин давтах эрсдэлтэй байна. Би хүлээн авалтын газар ажиллаж байгаад даргатайгаа үл ойлголцсоноос болоод одоог хүртэл цалингаа авч чадаагүй байна. Намайг фэйсбүүкээр блоклоод, утсаар ярихад загнаад шууд тасалчихсан. Хүлээн авалттай өдрөө онцын хийх шаардлагатай зүйл байхгүй байхад гурван цагийн өмнө дууддаг. Цагтаа ирчхээд хүлээгээд байхад өөрөө цагаа барихгүй алга болчихно. Өвөл гадаа хүйтэнд хүлээгээд зогсох хэцүү" талаар МУБИС-ын гуравдугаар дамжааны оюутан Э.Н ярилаа.

Өсвөр насны оюутан залуус хичээлийн бус цагаар цагийн ажил хийдэг. Гэвч хуулийн дагуу эрхээ эдэлж чадахгүй, хийсэн хөдөлмөрийнхөө хөлсийг авч чадахгүй байдалд хүрэх нь наад захын асуудал болжээ.

Хөдөлмөрийн тухай хуульд

5.1.1.үл ялгаварлан гадуурхах;

5.1.2.хөдөлмөрлөх эрх чөлөөг баталгаажуулах, ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангагдах, цалин хөлс авах, амрах;

5.1.3.дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох;

5.1.4.албадан хөдөлмөрлүүлэхийг хориглох;

5.1.5.барьцаа хэрэглэхгүй байх;

5.1.6.эвлэлдэн нэгдэх, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр байгуулах, ажилтан, ажил олгогч, тэдгээрийн төлөөлөгчдийн хоорондын харилцааг зохицуулах эрхийг хангах;

5.1.7.шударга бус үйлдлийг хориглох;

5.1.8.нийгмийн түншлэлийг хангах;

5.1.9.хүүхдийн хөдөлмөрийг хориглох, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах.

Ийнхүү зааж өгсөн байдаг боловч амьдрал дээр хэрэгжилт муутай байна. Хөдөлмөрийн хуулийн тухай мэдлэггүй хөдөлмөрийн харилцаанд орж байна.

Хувиараа худалдаа эрхлэгч Л.Баасансүрэн  “Хүүхдүүд ер нь янз бүр л байдаг. Зарим нь цагаа сайн барьдаг. Зааж өгсөн зүйл хурдан сурдаг байхад зарим нь цаг барихдаа тун муу. Ажлаас гарна гэдгээ ч хэлэхгүй алга болчихдог. Гэр бүлийн хүмүүжилтэй холбоотой болов уу гэж боддог. Манайх хэзээ ч хийсэн хөдөлмөрийнх нь хөлсийг өгөхгүй явуулж үзээгүй. Зарим газар тийм зүйл сонсогддог ч зөвхөн ажил олгогчоос шалтгаалдаг гэж бодохгүй байна” гэв.

“Санаагаа уралдуулж л байж цалингаа авахгүй бол залиланд өртөж" буйгаа залуус шүүмжилдэг бол нөгөө талдаа ачаалал даах чадваргүй залуус олон болсныг ажил олгогчид шогширсоор.

Э.ХУЛАН Д.НЯМХҮҮ  

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж