Ард иргэдээ шүүдэг хаад ноёдтой боллоо!

Хуучирсан мэдээ: 2023.03.20-нд нийтлэгдсэн

Ард иргэдээ шүүдэг хаад ноёдтой боллоо!

Ард иргэдээ шүүдэг хаад ноёдтой боллоо!

Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин долдугаар зүйл:

1.Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.

2.Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно хэмээн заасан.

Гэвч УИХ-аас байгуулагдсан УИХ-ын гишүүн Б.Энхбаяраар ахлуулсан УИХ-ын Хянан шалгах Түр хороо нь Хөгжлийн банкнаас олгосон зээл, төслүүдийн хэрэгжилт, үр дүнг шинжлэн судлах сонсгол зохион байгуулах нэрийн дор ард иргэд, бизнес эрхлэгчид, сөрөг хүчнээ гурван сар шүүв.

Олны анхаарал татсан асуудлыг ил болгож, ард түмний мэдэх эрхийг хангах нь Түр хорооны эрх, үүрэг боловч шүүгч шиг ажиллах эрх хуулиар олгогдоогүйг хууль тогтоогчид мэдэхийн дээдээр мэдэж байх ёстой ч буруутгаж, яллах нь гол зорилго нь бололтой.

Зээлдэгч нь зээл авах шалгуур хангаж байв уу, авсан зээлээ зориулалт дагуу хэн нь ашиглаж, юм хийв. Хэн нь хийлгүй, хийдүүлэв. Хэн нь зээлээрээ юм хийхийн төлөө чардайтал зүтгэв, ямар бэрхшээл гарав, зээлээсээ хэдийг нь төлөөд явж байна, хэн нь төлөлгүй даврав, хэн нь төлөв, хэдий хэмжээний татвар төлөв гэдгийг яриулж, олон нийтийг мэдээллээр хангах ёстой ч “Чи том бизнестэй гэл үү, таныг тэр групптэй холбоотой гэж ярьдаг. Энэ чинь үнэн юм уу. Яагаад энэ компанид давуу эрх олгов” гэхчлэн хоосон хардалтаар шүүж, түүнд нь нийгмээрээ алга ташицгаав.

Уг нь сонсголд гэрчээр оролцсон бизнесмэнүүд “Монголд баялаг бүтээхэд ямар их бэрхшээл тулгардаг, төрийн бодлого шийдвэр богино хугацаанд өөрчлөгддөгөөс ямар их хохирол учруулж ирэв. Covid-19 цар тахлын нөлөөгөөр хил хаагдсанаас баялаг бүтээгчдийг хэрхэн хаалгаа барихад хүргэв. Цаг хугацаа хождож олгогдсон зээлээс болж, ямар эрсдэлтэй тулсан бэ гэдгээ ярьсан ч “Аа та нар бол хулгайч” гэх хандлагаар нийтээр нь шүүв. Дансны хуулгыг нь шүүж үзсэн баримтаар буруутгаж байна гэдгээ ч зарлав.

Уг нь хувь хүн, хуулийн этгээдийн данс руу гарын арван хуруунд багтах, тусгай эрх авсан хүмүүс нэвтрэх эрхтэй тухай Татварын ерөнхий газрын дарга өмнө нь мэдэгдэж байсан ч дээрх Түр хорооны дарга, гишүүд, шинжээч нар Хөгжлийн банкнаас зээл авсан иргэн, хуулийн этгээдийн данс руу нэвтэрчээ гэж ойлгогдсон. Энэ бол УИХ нь эрх мэдлээрээ далайлган, Хувь хүний нууц, Компанийн нууцын тухай хуулийг зөрчин, данс шалгасан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хуулийн байгууллагын мөрдөгч нарт олддоггүй, бусдын дансыг шалгах эрх УИХ-д олдож байна гэдэг нь УИХ давхар мөрдөн шалгах ажиллагаа явуулчихав уу гэх хардлага ч дагуулж эхэллээ.

Нөгөөтэйгүүр, УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганыг нээж үг хэлэх үеэрээ Хөгжлийн банк тойрсон гурван шатны сонсголын эцэст Түр хорооны хуралдаанаас гаргах санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, шүүхэд нотлох баримтыг хүргүүлэх нь бидний зорилго байх болно” гэсэн нь хамгийн ноцтой юм.

Хууль зөрчин хувь хүний нууц, компанийн нууц руу нэвтэрч орж, олсон зүйлээ нотлох баримт болгон, шүүхэд хүргүүлэх нь. Энэ юу болж байна вэ.

УИХ-ын үндсэн үүрэг нь хууль баталж, ард иргэд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах ёстой байтал хуулийн байгууллагынхны хийх ажил руу орж, шүүхэд нотлох баримт хүргэдэг газар болж хувирч байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин есдүгээр зүйл:

1.Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.

2.Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.

3.Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана хэмээн заасан.

Гэвч шүүх засаглал хараат бусаар үйл ажиллагаа явуулж чадаж байгаа юу гэдгийг анхаарах шаардлага ч гарч буй. Учир нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сар шинийн өмнөхөн МҮОНРТ-ын “Онцлох зочин” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Шүүх байгууллагад нийт 500 шүүгч байна. Үүний тал нь Ц.Элбэгдоржийн томилгоо, тал нь Х.Баттулгын томилгоо юм. Би улс орны хөгжлийн бодлого тодорхойлох ёстой байтал авлигатай холбоотой асуудал руу татагдаж ороод байна гэдэг нь шүүхийн байгууллага ажлаа хийгээгүй гэсэн үг.

Шүүх дээр "Эрдэнэт" ТӨҮГ-ын 49 хувьтай холбоотой асуудал очсон. Хэрхэн яаж шийдэгдэхийг нүд цавчилгүй хамтдаа харна” гэж ярьсан зэрэг нь шүүх засаглал хэдийнэ гүйцэтгэх засаглалынхаа занаанд оржээ гэж ойлгогдож буй.

Уг нь Ерөнхий сайдын энэхүү заналхийлэл бол шүүгчийн, шүүхийн хараат бус байдал руу шууд халдсан үйлдэл. Энэ асуудалд Шүүхийн ерөнхий зөвлөл мэдэгдэл гаргах ёстой ч чимээгүй л өнгөрсөн.

Шүүхийн дээр сандайлчихаад байгаа эрх баригч нартаа хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг нь сануулж, тэмцэх ёстой УИХ дахь Ардчилсан намын бүлэг ч энэ асуудалд нүдгүй, чихгүй мэт сууж буй.

Шүүх засаглал руу УИХ, Засгийн газар гэсэн хоёр субьект ийнхүү халдаж байхад Ерөнхийлөгч ч байр суурь илэрхийлсэнгүй. Угтаа бол УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрыг дуудаж авч ирээд шүүх засаглал хэнээс ч хараат бусаар үйл ажиллагаа явуулах ёстой шүү гэдгийг сануулаад “шанаа” өгчих характертай хүн шүү дээ.

Анхааруулга, сануулга өгөхгүй бол хэргийг шүүхээр дэнслэхээс өмнө УИХ-аар шүүдэг боллоо.

 Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
7
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж