Тайванийн удирдагч асан, Гоминданы намын ахмад гишүүн Ма Инжөү ирэх долоо хоногт Хятадад айлчлана. Энэ нь 1949 онд Хятадын иргэний дайн дууссанаас хойших түүний анхны айлчлал болох юм. Энэхүү айлчлалыг харьцангуй хувийн шинж чанартай гэх боловч Хятад, Тайванийн харилцаа ид хурцадсан үед тохиож буйгаараа онцлог. Ма Инжөү 2015 онд Ши Жиньпинтэй нүүр тулан уулзсан боловч энэ уулзалт нь Сингапурт болсон юм. Энэ удаагийн айлчлалаар тэр Ши Жиньпинтэй уулзах эсэх нь тодорхойгүй байна.
Ма Инжөүгийн айлчлал гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 7-ны хооронд үргэлжлэнэ. Тэр энэ хугацаанд баруун өмнөд Хунань муж дахь өвөг дээдсийнхээ дурсгалд хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ хэд хэдэн хотод хятад, тайвань оюутнуудын уулзалтыг зохион байгуулах аж.
Хятадын иргэний дайны төгсгөлд Мао Зэдуны Коммунист нам Хятадыг хяналтдаа авч, гоминданчууд Чан Кайшигийн удирдлага дор Тайвань руу дүрвэж байжээ. Гэхдээ Ма Инжөүгийн засаглалын үед Хятад болон Гоминданы нам хоорондын харилцаа хамгийн халуун дотно цэгтээ хүрсэн байна. Ма Инжөү 2008-2016 оны хооронд Тайванийг удирдахдаа Бээжин, Тайпэйн эдийн засгийн харилцаа холбоог бэхжүүлж байсан ч дахин нэгдэх оролдлогыг няцаадаг байв. Түүний Бээжинтэй ойр байдаг байдал нь олон нийтийн дургүйцлыг төрүүлж, эсэргүүцлийн жагсаал хүртэл болсон түүхтэй.
Ши Жиньпин дарга 2016 онд засгийн эрхэнд гарснаасаа хойш Тайваньд эдийн засаг, дипломат болон цэргийн шахалт үзүүлж байна. Өдгөө Тайвань болон АНУ нь Хятадын өсөн нэмэгдэж буй цэргийн чадавхийг идэвхийлэн эсэргүүцэж буй. Энэхүү геополитикийн маргаантай үед Ма Инжөүгийн түүхэн айлчлал давхцав.
Гоминданы нам нь өөрсдийгөө Бээжинг дэмжигч гэж тодорхойлохоос татгалзсаар ирсэн. Тус намын дэд дарга Эндрю Сиа өнгөрсөн сард Бээжинд айлчилсан.
Эх сурвалж: CNN