Төр данхайсаар, хувь сулбайсаар…

Хуучирсан мэдээ: 2023.03.21-нд нийтлэгдсэн

Төр данхайсаар, хувь сулбайсаар…

Төр данхайсаар, хувь сулбайсаар…

ДАНХАР ТӨРИЙН ХӨРӨНГӨ 4 ДАХИН НЭМЭГДЭВ

Таргалалт Монголын асуудал болжээ. Шалтгаан нь, нийгмийн ядуурал, стресс. Хамгийн бага өртгөөр цадах боломжтой хоол хүнс нь нүүрс ус ихээр агуулсан гурил, гурилан бүтээгдэхүүн аж, ЭМЯ-наас хийсэн мэдэгдлээр. Өөрөөр хэлбэл, иргэдийн амьжиргаа, цалин орлого жилээс жилд буурсаар байна. Төгрөгийн ханш унаснаас иргэд халаасаа тэмтрээд удсан бол эсрэг талд нь төрийн үйлдвэрийн газар нэртэй "угжны хурга", валютын ханш, инфляци, нэмэгдсээр уджээ. Таргалалт иргэдийн эрүүл мэндэд заналхийлж буй бол данхар төр Монголын эдийн засагт аюул учруулах болов. Энэ бүхний эх үүсвэр нь ердөө л төр, түүний бодлого болжээ.

2021 оны байдлаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 105 компанитай болжээ. "Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2021 оны санхүү, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд"-ийн тайланд дурдсанаар, тэдгээр компаниудад 2011 он гэхэд ердөө 4 их наяд 673 тэрбум төгрөгийн хөрөнгө байсан бол арван жилийн дараа 12 дахин өсөх хүртлээ данхайсан бөгөөд 53 их наяд 482 тэрбумын хөрөнгөтэй гарчээ.

Гэтэл эдгээр 105 хуулийн этгээдийн өр нь 18 их наяд, 127 тэрбум төгрөг бол ашиг нь ердөө 1 их наяд аж. Төр бизнестэй хутгалдах болсон төдийгүй ямар ч ашиггүй, өр тавин үйл ажиллагаа явуулж, түүнийг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс төлдөг болсны тод жишээ нь энэ.

Бодит тоон үзүүлэлтээс харвал ашиг олоод, хөрөнгө нь арвижаад байгаа юм алга. Харин зарлага нь өсөөд, хөрөнгө нэртэй хогшил, тансаглал нь, тавьсан зээл нь нэмэгдсэн дүр зураг харагдаж байна. Тэдгээрийн хөрөнгөд авсан зээл, өр нь ч багтаж буйг анхаарууштай.

УГЖНЫ ХУРГА 

Бурууг бүдэрч унасан АН руу чихдэг нь тэдний гэм биш зам. Тэгвэл баримт юу өгүүлнэ вэ? МАН эрх барих болсноор төрийн өмчит компаниудын хөрөнгө 2016-2021 онд 15,9 их наядаас 53,2 их наяд болж 4 дахин өсчээ. Өнгөц харвал төрийн компаниудын хөрөнгө нэмэгдсэн нь таатай үзүүлэлт мэт боловч ашиг хуримтлалаар бус өр зээлээр л хөрөнгө нь нэмэгдсэн болохоор татвар төлөгчдийг өрөнд оруулсан гэсэн үг. Хуримтлуулсан хөрөнгөнийх нь 1/3 нь өр, 1,86 их наяд нь авлага хэр нь гаргасан зардал нь хөрөнгөнийх нь 1/5-тэй тэнцүү байх жишээтэй. Харин цэвэр ашиг нь ердөө 1 их наяд 35 сая төгрөг. Хэрэвзээ ийм орлого, зарлагатай хувийн компани байсан бол хэзээний дампуурлаа зарлачихсан гэсэн үг. Харин төрийн өмчит болохоор нэмж өр үйлдвэрлэсээр байгаа төдийгүй түүнд нь 53 мянга 255 хүн ажиллаж байна.

Дээрх тайлангаар хамгийн их өглөгтэй буюу өртэй таван этгээд нь,

  1. "Эрдэнэс Монгол" нэгдэл/5 их наяд 463 тэрбум 208 сая төг/ 
  2. Төрийн банк/3 их наяд 404 тэрбум 250,3 сая төг/
  3. Хөгжлийн банк /3 их наяд 17 тэрбум, 790,5 сая төг/ 
  4. Монголын төмөр зам ТӨХК /1 их наяд 521 тэрбум, 858,2 сая төг/
  5. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ /990 тэрбум 461,3 сая төг/ байна. 

Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны дээрэм, шахаа, улс орноороо хохирол амсаж буй төмөр замынхан тэргүүн эгнээнд жагссан байгаа биз. Авлигын уурхай болсон бидний нэрээр асар их мөнгө үрэн таран хийж буй газрууд… Төрийн өмчид байгаа болохоор цомхон, ухаалаг бүтцээр бага зарцуулж, ихийг олох тухай ойлголт байхгүй. Тиймээс хамгийн өндөр зарлага гаргана. Даргын өрөөг тохижуулахаас эхлээд машин унаа, элдэв хангамж эдлэхдээ гаргуун. Нэгэнт өөрийнх өмч биш болохоор ирсэн хугацаандаа хоноцын сэтгэлээр илүү ихийг идэж, уугаад явахыг бодно. Тиймээс ч элдэв төрлийн хангамж, хүүхдийн сургалтын төлбөр, хоол унааны мөнгө, гадаад томилолтын мөнгө тушаалаар гаргаж яваад нийлээд тансаглана.

Төрийн өмчит компаниудын өрийг Монголын 3,4 сая иргэнд хуваавал нэг хүнд 5,3 сая төгрөгийн өр ногдож байна гэсэн үг. Утаа үйлдвэрлэдэг шахмал түлшний үйлдвэрээс эхлээс Хөгжлийн банкны зээл хүртэл шүү дээ.

Гэтэл найзан дундаа найрласан Хөгжлийн банкны 9 тэрбум төгрөгийн зээлээ  төлөхгүй гэж хээв нэг томорч суусан Монголын томоохон бизнесмэн гээд бодохоор ой гутмаар. Монголын толгой гэгддэг бизнесийнхэн бизнесийнхэн биш, бизнесмэн нь бизнесмэн биш төдийгүй төртэй нөхцсөн давуу эрх эдлэгч адгийн шаарнууд байсан нь өдөр ирэх тусам ил болоод байна. Хөгжлийн банкны зээлийн хүүгийн зөрүүг төрөөс төлж байгаа гэх боловч үнэндээ төрийн мөнгө гэж сохор зоос ч байхгүй. Бүгд л татвар төлөлгчдийн халааснаас цуглуулсан мөнгө билээ. Гэтэл иргэд ипотекийн зээлээ араы ядан төлөхдөө ганц хоёр хугацаа хэтэрснээс болоод "найдваргүй зээлдэгч" ангилалд орж, дахин зээл авах боломжгүй болдог бол хэдэн тэрбумаар нь зээл зувчуулсан нөхөр хээв нэг "Монголд ямар ч бизнес ашиггүй" гэж улайхгүй донгосч байна.

БУУРУУЛНА ГЭСЭН НЬ ӨСГӨВ

2016 онд 20 төрлийн татварт төрийн өмчит этгээдүүдээс 512 тэрбумыг төвлөрүүлсэн бол данхайн данхайсаар 2 их наядын татвар төвлөрүүлдэг болсон байна.  Л.Оюун-Эрдэнэ Засгийн эрхэнд гармагцаа төрийн албыг 30 хувиар бууруулна гэж мэдэгдэж байсан ч хэлснийхээ яг эсрэг хийв. Яамдын тооноос эхлээд яаж нэмэгдсэнийг энд дурдах нь илүүц биз. Эцэстээ иргэдийн уур, бухимдал, шүүмжлэлтэй нүүр тулаад ирэхээрээ хууль бусаар томилогдсон 800 нөхрийг халах тухай мэдэгдлээ. Анзаарсан бол цомхотгох тухай энд яриагүй. Тэгэхээр өмнө ээлжийнхнийг үдээд, үдээс хойшхи ээлжнийхэн хоолондоо орно гэсэн үг. Төрийн албыг 30 хувиар цомхотгох төлөвлөгөө аль их наядын хөтөлбөрийн тоосонд дарагдсаныг бүү мэд.

Эдийн засгийн хямруулаад байгаа нь Хөгжлийн, Төрийн нэртэй банкууд, төрийн барьж буй бодлого болоод хувирчихлаа. Нэгэнт буруу бодлого барьсан болохоор эхнээсээ идээ бээр нь задарсаныг өөрсдөө илрүүлсэн мэтээр баатрын дүр тоглож буй нь инээд хүрмээр. Гэхдээ энэхүү санхүүгийн салбарын хямрал эдийн засгаа бүхэлд нь хямруулаад эхэлснийг судлаачид анхааруулах болсон.

Тиймээс одоо төрийн өмчөө багасгаж, түүгээр зээл, өр тавьдаг байдлаа зогсоож, аль болох данхар төрийг "турааж", сульдай хувийн хэвшлээ анхаарахгүй бол аюул дагуулах нь. Анхаарахдаа элдэв дэмжлэг үзүүлнэ гэж эсэн бусын сангаар мөнгө тараах бус мөрийн хөтөлбөрт тусгасан татвар нэмэхгүй бодлогоо боловсруулж, бүр хөнгөлөх бодлого баталж, аль болох сул, зоргоор нь тавих бодлого барихгүй бол сүйдэх вий…

Ийм байхад төр хувийн хэвшилтэй өрсөлдөх тухай ярьсаар байвал нэг иргэнд ногдох өр нь нэмэгдсээр эцэстээ бид улсаараа дампуурах тэр цаг руу ойртсоор байна…

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж