“ХУУЛЬ ГЭДЭГ ЧИНЬ БИ БАЙНА”

Хуучирсан мэдээ: 2023.03.21-нд нийтлэгдсэн

“ХУУЛЬ ГЭДЭГ ЧИНЬ БИ БАЙНА”

“ХУУЛЬ ГЭДЭГ ЧИНЬ БИ БАЙНА”

 “УРЬД ШӨНӨ БИ ЗҮҮДЭЛЛЭЭ”

Ойрдоо шүүхийн тухай зүүдлээд болохоо болилоо. Цөхрөнгөө барсан хүн л мөрөөдлөө биелж байна хэмээн зүүдэлдэг юм шиг байна. Анхны шөнийн зүүд. Нэг их баян бизнесмэнтэй хийсэн ажлын хөлснөөс болж заргалдлаа, гэтэл шүүх миний талд хэргийг шийдчихдэг байна шүү. Дараагийн шөнө мөн л зүүдэллээ. Томоохон улс төрч үзэл бодлоос минь болж намайг шүүхэд өгч. Шүүх бас миний талд шийдвэрлэлээ. Монголын шүүх үнэний талд зогсдог болчхож, тэд баячуудаас хээл хахууль авахаа больчхож, эрх мэдэлтнүүдийг зусардахаа больчихож. Сэтгэл сэргээд хэчнээн урам зоригтой, баяр баясгалантай байна гээч. Харамсалтай нь, сэрчихлээ, сайхан зүүднээсээ салах юутай гонсоймоор юм бэ!

Улс орон ядуу, иргэдийнх нь амьжиргаа дорой, хүмүүс нь бүдүүлэгдүү, хот нь замын түгжрэл болон агаарын бохирдол ихтэй байг, энэ бүхэн яах вэ, тэсэж тэвчье гэж бодъё, яваандаа бүгд засагдана гайгүй. Ганцхан ХУУЛЬ-ШҮҮХИЙНХЭН ШУДАРГА ЁСОНД ҮЙЛЧЛЭХЭЭ БОЛЬЧХООР Л ЭЦСИЙН НАЙДВАР ТАСАРЧХАЖ байгаа юм. Авилгач шүүгч нар бол энгийн иргэдийн улс-орондоо шударга, сайхан амьдрах эцсийн найдварыг үгүй хийж буй хүмүүс. Энэ утгаараа шүүхийнхэн бол хамгийн аймшигт гэмт хэрэгтнүүд мөн. Монголд хамгийн түрүүнд засаж,  залруулах ёстой салбар бол ХУУЛИЙН САЛБАР, тэр тусмаа шүүх.

Хуульчидтай холбоотой ямар заваан хэргүүд гарав! Баттулга гэж ерөнхийлөгчийн хуулийн асуудлыг мэдэж байсан хүн Баасандорж гэгч этгээд хууль гэдгийг юу гэж ойлгов оо! Өч төчнөөн хууль, прокурорынхныг атгандаа хийчихсэн, бүх сценарийг бичиж өгдөг байсан гэж байгаа юм, хэдэн шүүгчдийг хиа шиг дагуулчихсан тэр нөхөр, лифтэн дотор яаж тавьтиргүйтэж байв аа! Жигшмээр, гутмаар, халагламаар, хараамаар…

Өмгөөлөгч Батбаяр бил үү, одоо АН-ын хуульч болоод гүйж яваа нэг нөхөр. Youtube дээрх бичлэгүүдээс харахад ёстой ойворгон, сагсуу, дээрэлхүү, энэ улс оронд намайг хэн ч, яаж ч чадахгүй гэсэн байдалтай. Гавьяат хуульч л гэнэ, хэдэн зуун саяар нь авилга аваад эцэст нь … тэр, хүүхэд нь бас хуульч, эхийнхээ хахуульд авсан мөнгийг аваад гадаад руу оргочихдог. Салхитын мөнгөний ордын хэрэг дээр нэг биш нэлээн хэдэн шүүгч үгсэн хуйвалдаж, авилга авсан байгаа юм.  Ам хэл нь яаж эвлэхээрээ ийм юмыг үгсээд сууж байдаг байна аа. Нэгнээсээ ичиж зовно гэж огт байдаггүй бололтой. Эсвэл бүгд ийм юм чинь юунаасаа ч ичих билээ гэдэг юм уу!

Гурван хуульч телевизээр ярина гэхээр нь хараад сууж байтал, хоёр нь шууд зодолдоод унавал яах вэ?

Хуулийн байгууллагын нэг даргыг эхнэр нь сураглаад байхаар нь байгаа газрыг нь хэлээд өгсөн ажилтнаа нэвширтэл зодсон хэрэг гарсан.

Монголд эдийн засагчид шиг олон хүн алга, гэтэл энэ салбар шиг нурсан газар алга гэж ярьдаг байлаа, тэгвэл одоо үүн дээр нэмэгдээд, Монголд хуульчид шиг олон хүмүүс алга, гэхдээ гэмт хэрэг шиг гаарсан үзэгдэл алга. Эдэнд мэргэжлийн этик гэж юм байна уу? Философи, этикийг хамгийн их судлуулмаар хүмүүс чинь эд л болоод байна.

“ХУУЛЬ ГЭДЭГ ЧИНЬ БИ БАЙНА”

ХУУЛЬ ЗАВХАРЧ ДУУСЖЭЭ. Бастиа Хууль номоо энэ өгүүлбэрээр эхэлсэн байдаг. Яг одоо Монголд амьдарч буй хүний үг гэлтэй. Хууль, хуулийнхан гэмт хэрэгтнүүдийн эсрэг биш, гэмт хэрэгтнүүдэд үйлчилдэг болчхож. Ер нь, монголчууд бид гэмт хэргийг үгүй хийх гэж биш, харин гэмт хэрэг хийх гэж хууль судалдаг юм биш үү?

Уг нь, хууль гэдэг гэмт хэрэгтэнд халтай, тэдний айж, эмээдэг зүйл баймаар. Гэтэл манайд ШУДАРГА, ГЭМГҮЙ ИРГЭДИЙН ХАМГИЙН ИХ АЙДАГ, харин гэмт хэрэгтнүүдийн хамгийн их хүсэмжилдэг зүйл нь хууль болжээ! Улс төрчид, бизнесмэнүүд хуулийг үргэлж өөрсдийн хийсэн гэмт хэргийг цайруулах хэрэгсэл болгоно. “Хөөн хэлэлцэх хугацааг богиносгох хууль” ч гэх шиг, хийсэн хэргээ шүүх дээр сунжруулсаар байгаад “хөөн хэлэлцэх хугацаагаа дуусгачихна”, улмаар хэрэг нь цайрна. Тэдний хэлэх дуртай үг “бид эрх зүйт нийгэмд амьдарч байна”, “шүүхээр тогтоохоос өмнө хэнийг ч гэмт хэрэгтэн хэмээн үзэж болохгүй”, мэдэж байгаа л даа, “шүүх хэний талд хэрэг шийдэхийг”. “Татвараас чөлөөлөх хууль” л гэнэ, энэ хуулиар татвараа төлөөд явж байсан хүн хохироод, харин хууль зөрчиж байсан хүн хожоод өнгөрдөг. Энэ мэт хууль шиг юмны дэргэд хүн төрөлхтний анхны бичмэл хууль гэгддэг, бараг 4000 жилийн өмнө үйсэн дээр бичигдсэн Хаммурапийн хууль хамаагүй шударга бичээс мөн.

Манай улс төрчид тун муухай. Олон тохиолдолд худал хууль гаргана, тэдгээр нь энгийн ард иргэдийг хавчин гадуурхах шинжтэй, өөрсдөө болохоор хуулиас дээгүүр амьдарна. Гаргасан хууль нь биднийг ороолгох ташуур, нуруун дээр минь тохсон эмээл болчихдог. Худлаа гэвэл, “Тамхины хуулийг” санаачилж, батлуулсан гишүүн өөрөө ордон дотроо согтуу, тамхи татаад шалчигнаж байхыг бүгд харсан даа. Нэртэйгээр нь, социализмын үед Югославын хуульд “энэ хууль Титод хамаарахгүй” гэсэн заалт байсан гэдэг шиг Монголын хуульд “энэ хууль Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, сайд дарга нарт хамаарахгүй” гээд заачихвал илүү шударга, ил тод, ойлгомжтой болно. Тэр тусмаа замын хөдөлгөөний дүрэм, журамдаа ийм өөрчлөлт заавал оруулах хэрэгтэй.

Шүүгч, өмгөөлөгч нарын дунд хэргийг замхруулах, ял завшуулах талаар бүр хэвшиж, тогтчихсон түмэн янзын арга, технологи байдаг бололтой. Хамгийн түгээмэл нь янз бүрийн шалтгаар шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулах явдал. Бүр 5, 6, 7, 8-аар барахгүй хойшлуулна. Уг нь, Италийн философич, эрхийн онолч Ч.Беккариагийн хэлснээр “Хийсэн хэрэг, оногдуулсан ял хоёрынх нь хоорондын хугацаа ойр байх тусмаа зүй ёсонд ойртдог” (Гэмт хэрэг ба ял шийтгэлийн тухай бүтээл нь монгол хэлнээ орчуулагдсан). Манай шүүгч, өмгөөлөгч нар бүр холдуулаад сурчихсан. Шүүх хуралдааныг удаашруулж, холдуулах тусам масс уг хэргийг мартагнаж эхэлдэг, жигшин зэвүүцэх сэтгэл нь намддаг гэдгийг сайн мэддэг бололтой. Шүүгчид тун дур зоргоороо, шүүгдэгч бараг л өмссөн хувцас, царай зүс, боловсрол, нийгмийн гарал, ярианы манер гээд ямар нэг зүйлээрээ таалагдахгүй бол ялыг нь нэмчих магадлал маш өндөр. “Ямар их философиддог нөхөр вэ, май энэ 3 жилийг нэмээд ав даа” гэж мэдэх улс. Шүүгчийн үзэмжээс бүх зүйл шалтгаална, 500,000 болон 5 тэрбумын хохирол учруулсан хүмүүст ижил ял өгнө, ихэнх тохиолдолд 5 тэрбумын луйварчин нь арай хөнгөн ял авах жишээний.

Ингэж “заваарахдаа” мөн л нөгөөх хуулиа ашиглана, хууль шиг юмаа ухаж, төнхсөөр байгаад өөрийн зүй бус (unjust) шийдвэрийг зөвтгөсөн аргумент “олчихно”. Олдохгүй байсан ч олно. Манай хууль Сольженицынын хэлснээр “хааш нь ч харуулаад өмсчихөж болдог хүрэм” шиг зүйл болж.

Манай хуулийнхан ямар омгорхуу, сагсуу гээч! Энэ хүмүүсийн хувь заяаг би л мэднэ гэсэн бодолтой болоод тийм байдаг байх. Өмнөө зогсож буй жирийн иргэнтэй “ХУУЛЬ ГЭДЭГ ЧИНЬ БИ БАЙНА” гэсэн маягтай харьцана шүү дээ. Шуудхан хэлэхэд, зөв хүний хувьд өөрөөсөө хамаагүй дор ёс суртахуунтай хүмүүст шүүгдээд, амь амьдралаа дэнслүүлээд зогсож байх шиг гутмаар зүйл байдаггүй. Ёстой амиа хорлочихсон нь дээр гэж бодогдмоор. Ер нь, тэгээд нэг авилгач этгээд өөрөөсөө хамаагүй цэвэр ёс суртахуунтай, зөв амьдардаг хүнд 1.6, 3, 5 жилийн ял оноогоод сууж байх нь justice мөн үү?!

“УГ НЬ, ХУУЛИЙГ ХҮРЭЭНД НЬ БАЙЛГАВАЛ ЗОХИСТОЙ”

Хуулийг хүрээнд нь байлгах  тухай энэ үгийг биднээс арай илүү философи сэтгэлгээтэй, боловсролтой хүн хэлсэн юм (Фредерик Бастиа, Хууль, Адмон хэвлэлийн компани, УБ 2007 он, 14-р тал). Хуулийнхан бүх зүйлийг хуулиар журамлах гэдэг. Тэд ёс суртахуун, шашин гэх мэт зүйл байдаг, тэдгээр нь хуулиас хамаагүй чанд журамладаг, чин сүсэг бишрэлтэй хүн муу муухай, буруу зүйл хийхээс ямагт татгалздагийг ямар мэдэх биш.

Хуульчдын цээжилсэн ганц зүйл нь хуулийн хэдэн зүйл, анги. Тэгэхээр “АЛХ ГЭСЭН ГАНЦ БАГАЖТАЙ ХҮНД БҮХ ЗҮЙЛ ХАДААС БОЛЖ ХАРАГДДАГ” гэсэн либертари хэлцийн утга ердөө энэ. Тэд үргэлж л алхаа хэрэглэх шалтаг, далим хайж байдаг.

Хууль бол тун осолтой зүйл, “бандан тас, … жил, гүйцээ!”. Хуулийн үг, өгүүлбэр туйлын тодорхой нэгэн утгатай, ойлгомжтой байх ёстой. Тийм ч учраас АНУ-ын Үндсэн хууль гэхэд л төрийн хийж болох зүйлийг тоочоод хүний эрхийг тоочоогүй (Үндсэн хууль гэдэг бол процедурын хуультай адил зүйл биш, энэ тэр гэсэн яриаг энд орхиё, ямар ч байсан ХУУЛЬ, манайхны ярьдгаар “эцэг хууль”, процедурын хуулийн үндэс). Төрийн хийж болох зүйл бол тоотой хэдэн зүйл, харин хүний эрх бол тоологдошгүй олон, янз бүрийн тохиолдолд янз бүрээр илэрдэг, ө.х. либертариудын хэлдгээр, төрийн эрх бол NUMERABLE, харин хүний эрх бол INNUMERABLE зүйлс.

Дахиад Бастиагаасаа эшилье: “Дэлхий ертөнцийг аваад үзье л дээ. Ямар үед улс түмэн хамгийн аз жаргалтай, өндөр ёс суртахуунтай, энх тайванч байдаг вэ? Хүний хувийн амьдралд хууль цааз хамгийн бага оролцож, засгийн газар байдаг эсэх нь хамгийн бага мэдрэгдсэн үед тийм байдаг” (Ф.Бастиа, Эдийн засгийн софизмууд ба Эдийн засаг дахь эв зохицол, Монсудар хэвлэлийн газар, УБ 2004 он, 37-р тал). Тийм ч учраас АНУ-ын зохиолч Р.У.Грант 1966 онд хэвлэгдсэн (1999 онд 2 дахиа хэвлэгдсэн) Талхны гайхамшигт машин бүтээлдээ “Хуулийн дагуух бүх юм зөв байдаггүй”, Жоржтауны Их сургуулийн профессор, либертари үзэлтэн Жэйсон Брэнан “хууль гэдэг бол цаас төдий зүйл шүү дээ” хэмээн хэлсэн хэрэг (Жэйсон Брэнан, Либертари үзэл,  Нэпко хэвлэлийн газар, УБ 2013 он, 103-р тал).

Энэ мэт багахан философи санаануудаас болж, хулганы тархитай хомо-нууд либертари үзэлтнүүд хуулийг үл тоомсорлож, түүнийг уландаа гишгэж байдаг гэсэн мушгин гуйвуулсан хэл-яриа гаргадаг. Либертариуд хуулийг төрийнхөн шиг unjust үйлдлээ цагаатгах гэж биш, жинхэнэ утгаар нь ойлгож, хэрэгжүүлдэг хүмүүс. Хууль нь зүй ёсонд (Justice-д) үйлчлэх ёстой.

Бид хуулийг хүн төрөлхтний соёл иргэншлийн тулгын 3 чулууны нэг гэдгийг мэднэ (1/ Афины философи, шинжлэх ухаан, 2/ Иерусалимын ёс суртахуун, шашин, 3/ Ромын төр, эрх зүй). Хүн, хууль сахидаг тулдаа Natural Man биш, Cultural Man болдог, тэр ч бүү хэл, “МУУ ИРГЭНД САЙН ХУУЛИЙГ ЗӨРЧИХ ДАЛИМ ӨГӨХГҮЙН ТУЛД МУУ ХУУЛИЙГ Ч ДАГАХ ЁСТОЙ, ерөөсөө хуулийг хэлэлцэх, маргах, философидох гэж биш, хэрэгжүүлэх гэж гаргадаг гэдгийг ч мэднэ. Энэ мэт эрх зүйн философи зарчмууд либертари онолд таарч тохирдог.

Гэхдээ ухвар мөчид, боловсролгүй, ёс суртахуунгүй, дээр нь IQ-гийнх нь түвшин тун доогуур хүмүүсийн бодол санаа хууль болон гарч ирээд байгаагийн улмаас гэмт хэрэгтнүүд тэр хуулийг үйлдсэн хэргээсээ мултрах хэрэгсэл болгоод байна.

Тиймээс л Монголын шүүх, хуульчдын талаарх энэ шүүмжлэлт санаа бодлоо ийнхүү тэрлэж буй хэрэг.

ЗҮҮД, МӨРӨӨДӨЛ МИНЬ ХЭРЭГЖИХ БОЛТУГАЙ!

Нийтлэлийнхээ эхэнд өгүүлсэн дээ. Монголд RULE OF LAW хэрэгждэг болчхож хэмээн зүүдэлсэн тухай. Нээрэн, улс оронд маань хууль бүх хүнд тэгш үйлчилдэг болчихвол сайхан аа! Буруу бол шийтгэлээ авна, харин зөв бол мөнгөтэй, эрх мэдэлтэй хэнийг ч байсан шүүх дээр ялаад л гарна. Ямар ч гомдолгүй. Тийм улс оронд амьдрахад айх аюулгүй, сэтгэл өөдрөг ямар сайхан байх бол.

Либертари үзлийн томоохон төлөөлөгчдийн нэг Ф.Хайкийн Эрх чөлөөний үндсэн хууль номын үндсэн агуулгыг базах юм бол 1/ Хууль бүх хүнд, түүний дотор удирдагчдад хамаатай, 2/ Хэн ч хуулиас дээр байж болохгүй, 3/ Шүүх бие даасан байх ёстой, ялангуяа улс төрчдөөс хараат бус байх ёстой, 4/ Хууль нь зүй ёсны (justice-ийн) шалгуураар орсон байх ёстой гэсэн санаанууд шүү дээ. Үнэхээрийн зөв, сайхан санаа мөн биз!

Эцэст нь хэлэхэд, ХУУЛЬ ХЭЗЭЭ ИРГЭНЭЭ ХАМГААЛНА, ТЭР ЦАГТ ИРГЭД ХУУЛИА ХАМГААЛЖ, ХЭРЭГЖҮҮЛДЭГ БОЛНО, бусад тохиолдолд хууль чинь гууль, эсвэл 3 хоногийн л настай эд хэвээр үлдэнэ.

Б.БАТЧУЛУУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж