БАЙР СУУРЬ: Цахим орчинд иргэдийн эрхийг хамгаалах ёстой

Хуучирсан мэдээ: 2023.03.20-нд нийтлэгдсэн

БАЙР СУУРЬ: Цахим орчинд иргэдийн эрхийг хамгаалах ёстой

БАЙР СУУРЬ: Цахим орчинд иргэдийн эрхийг хамгаалах ёстой

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ өнгөрөгч Баасан гаригт хүлээн авсан. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 89.1 хувь нь хүлээж авах нь зүйтэй хэмээн үзлээ. Гэсэн хэдий ч тус хуулийг санаачлагч УИХ-ын гишүүн Н.Учрал “Миний хувьд үзэл санаа, үнэт зүйлээсээ ухраагүй. Тус хуулийг дахин оруулж ирнэ. Энэ хууль батлагдах нь цаг хугацааны асуудал. Цаашид олон гишүүн энэ хуулийг санаачилсаар байх болно гэдэгт итгэлтэй байна”гэв.  Хуулийн төслийг дахин өргөн мэдүүлэх эсэх, олон нийтээр хэрхэн хэлэлцүүлэх талаар Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг тодруулахад, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан "Энэ хуулийн хэрэгцээ, шаардлага, ач холбогдлыг ойлгож, хийгүй, чамбай хууль батлах шаардлагатайг Монгол Улсын Ерөнхийлөгч хоригтоо дурдсан. Тиймээс Засгийн газар энэ хуулийн төслийг дахин боловсруулж, өргөн мэдүүлэх нь зүйтэй гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн юм. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн талаар гишүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ц.САНДАГ-ОЧИР:

-Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн агуулгыг буруу мушгиж тайлбарлан гуйвуулаад байна. Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, нэгдэж жагсаж цуглах эрхийг хааж боосон зүйл уг хуульд нэг ч байхгүй. Цахим орчинд эрх нь зөрчигдөж байгаа иргэдийн эрхийг хамгаалах тухай хууль юм. Гэтэл жагсаж цуглаж, үгээ хэлэх гэж байгаа иргэдийн эрхэд халдаж байгаа юм шиг зүйл ярьж, ингэж ойлгуулж байгаад харамсаж байна. Харин тухайн хуулийг заавал ийм яаруу сандруу намрын чуулганы төгсгөлд хэлэлцэж батлах хэрэгцээ шаардлага юу байсан бэ. Ингэснээр Ерөнхийлөгчийн хориг тавих нөхцөлийг бүрдүүлсэн гэж харж байна. Нийгэмд тус хуулийн хэрэгцээ шаардлага байна. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг олон нийтээр хэлэлцүүлж, дахиж оруулж ирэх хэрэгтэй. Зөрчил гаргасан бол түүнийгээ засъя. Миний хувьд ийм хууль батлагдах нь цаг хугацааны асуудал гэж ойлгож байгаа. Цахим гэмт хэргийн хохирол, хохирогчдын тоо нэмэгдэж байна.

УИХ-ын гишүүн Ц.БАЯРСАЙХАН:

-Техник технологи өндөр хөгжсөн энэ цаг үед цахим харилцааны зохицуулалт чухал байна. Нийгмийн харилцаанд  эрх зүйн олон зохицуулалт байдаг. Сүүлийн үед идэвхжиж байгаа цахим харилцаанд эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Монгол Улс хүн амынхаа тооноос давсан тоогоор цахим сүлжээний хэрэгслийг ашиглаж байгаа. Хүүхдүүд багаасаа цахим орчины хэрэглэгч болж байна.Тэдний өдөрт цахим орчинд өнгөрүүлэх цаг өдөрт дунджаар 4-7 цаг байна. Дэлхий даяар цахим орчинд хүүхдийн эсрэг хүчирхийллийн тоо нэмэгдэж байна. Монгол Улс үүнийг тойроогүй. Томчуудын цахим орчин дахь бүдүүлэг үйлдлүүд хүүхдүүдэд сөргөөр нөлөөлж байна. Хүүхдүүд хаалттай групп нээгээд бие биенээ цахимаар хүчирхийлж байна. Тиймээс цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах бие даасан хууль батлах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:

-Тус хуулийн төслийг анхнаас нь дэмжээгүй. Тус хуулийг олон нийтээр хэлэлцүүлж, эрх ашиг нь хөндөгдөж байгаа бүлгийн төлөөллийг оролцуулж, мэдээллээр хангасны дараа дахин хэлэлцэх ёстой гэж үзсэн. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэн. Хуулийн төсөл дотор зарим шаардлагатай зохицуулалтууд байгаа.  Ардчиллын зарчмыг эвддэг гадна дотны оролцоо цахим орчинд бий. Тухайлбал, олон тролл хаягаар улс төрийн үйл ажиллагаа явуулж, иргэдийн саналд нөлөөлдөг арми бий. Үүнийг хэрхэн зохицуулах талаар нээлттэй ярилцах ёстой. Түүнээс биш иргэдийн үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг хязгаарласан хориглосон зүйл байж болохгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж