Тойм: Хүлээлтэд хүрээгүй Гарьд, хожигдол үзээгүй Уурхайчид

Хуучирсан мэдээ: 2023.03.20-нд нийтлэгдсэн

The League

Тойм: Хүлээлтэд хүрээгүй Гарьд, хожигдол үзээгүй Уурхайчид

Тойм: Хүлээлтэд хүрээгүй Гарьд, хожигдол үзээгүй Уурхайчид

Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн плей-оффын нэгдүгээр шат өндөрлөж, хагас шигшээ өчигдөр/2023.03.19/ “UG” аренад эхэллээ. Эхний шатанд учраа таарсан найман багийн тулаан тун сонирхолтой өрнөж, сагсан бөмбөг сонирхогчдыг ярих, харах юмтай үлдээв. Плей-оффын нэгдүгээр шатанд юу болсныг эргэн санацгаая.


ЭРДЭНЭТИЙН УУРХАЙЧИД 4 – 0 НАЛАЙХ БИЗОН

Өнгөрсөн жил финалд Хүлэгүүдэд хожигдсон Уурхайчид зун зүгээр суугаагүй. Багаараа хилийн чанадыг зорьж, бэлтгэл хийн, О.Энхбаатар, Г.Баттөр тэргүүтэй өнөө цагийн шилдгүүдийг эгнээндээ нэгтгэсэн. Энэ нь ч өгөөжөө өгч, улирлыг амжилтаараа тэргүүлээд зогсохгүй улирлын шилдгийн шагналуудыг түүсэн. Плей-оффд ч залуу, хүчирхэг Бизоныг “шүүрдлээ”.

Бизоны тухайд улирлыг тааруу эхлүүлж, тоглолт төгсгөх тал дээрээ дутагдалтай байв. Харин улирлын дундуур дасгалжуулагчаа сольж, бүрэлдэхүүнээ жигдлэн плей-оффын төлөөх дайралтаа эхлүүлсэн. Уурхайчидын эсрэг Бизон тун сайн тоглолтыг үзүүлж, 2-3 хожил байгуулах хангалттай боломж байсан гэхэд буруудахгүй. Гэвч цувралын туршид дөрөвдүгээр үед Уурхайчид илүү баг нь байлаа.

Бизоны ирээдүй гэрэлтэй байна. Тус багийн залуу тамирчин Э.Тулга энэ улирлын шилдэг залуу тоглогч болсон билээ. Ирэх жилүүдэд илүү туршлагатай Бизоныг дээд лигт бид харах болно.

IHC APES 2 – 4 ХАСЫН ХҮЛЭГҮҮД

Өнгөрсөн жилийн плей-оффын хамгийн үзүүштэй цуврал энэ жил эргэн ирсэн. Гэхдээ ялагч нь урьдын адил Хүлэгүүд байлаа. Хоёр баг хоёулаа л хүч нэмж, дараагийн шатанд шалгарахыг хүссэн. “Apes” улирлын эхэнд дасгалжуулагчаа сольж, бүрэлдэхүүндээ М.Өлзий-Оршихыг нэмсэн нь тэднийг контендер баг болгов. Мөн Н.Ганбаатар, Б.Тулуй, Н.Пүрэвбаатар зэрэг залуусын ахиц дэвшил багтаа эерэг үр дүн авчирсан.

Цувралын эхний тоглолтод “Apes” хожсоны дараа энэ цуврал удаан үргэлжлэх нь тодорхой болсон. “Apes” эхний цохилт хийсний дараа Хүлэгүүд хариуг нь барьж, ээлжилсээр зургаан тоглолт гарсан. Хүлэгүүд цувралын үеэр бэртэл гэмтлийн асуудалд орсон бол “Apes”-ийн гол тамирчид орон гаран тоглолтыг үзүүлэв.

Цус, хөлс, нулимс гарсан плей-офф гэдгийг утгаар нь мэдрүүлсэн ширүүн, үзүүштэй, тоглолт бүрт хэн нэгэн тодорсон цуврал болсон.

ТЭНҮҮН ӨЛЗИЙ МЕТАЛЛ 4 – 1 АРХАНГАЙ АЛТАН ДОРНОДЫН ДАЙЧИД

Металл энэ жил онцгой байгаа. Багийн цөм болсон монгол залуусаас гадна Кристофер Блэйкийг багтаа нэгтгэсэн нь зөв нүүдэл болжээ. Түүний хамгаалалт, довтолгоо энэ улирал ямар гайхалтай байгааг ярих илүүц биз. Улирлын дундуур Б.Сүхбат гэмтсэн ч тэрбээр плей-оффд хүчтэй эргэн ирсэн. Мөн Н.Мөнхчөдөр улирлын дундуур тэргүүн тоглогчийн өрсөлдөөнд яригдаж байсныг мартаж болохгүй. Ийм л тохироо нь бүрдсэн багийн эсрэг Дайчид тулсан.

Дайчидын хувьд улирлын өмнө О.Энхбаатар, А.Ананд гэх хоёр гол тоглогчдоо алдсан учир хэн нэгэн багаа манлайлах хэрэгтэй болсон. Харин энэ үед Ч.Ихбаяр онцгойрч, өөрөө ч амжилт нь ахисан тоглогч болов. Туршлага, залуу үе хосолсон Дайчидаас ирэх улирал том амжилт хүлээж болно.

М ГАРЬД 2 – 4 ЗАВХАН “BROTHERS”

Гарьдын фэнүүд багаасаа их зүйл хүлээж байсан нь лавтай. Ч.Ижилболдыг О.Баярцогтоор сольж, А.Энхбаясгалан, Д.Дөлгөөнмөрөн нарыг эгнээндээ нэгтгэж, зун Булганд нэгдсэн бэлтгэл гарсан. Харамсалтай нь плей-оффд Завханыг давсангүй. Улирлын эхэнд бэртэл, гэмтэлд ороогдож, тааруу эхлэл тавьсан Завхан улирлын дундуур Стөүнийг авч, Э.Дөлгөөн эргэн ирснээр тэд учраа олсон. Плей-оффын өмнөхөн Тайландын шигшээн Лишийг нэгтгэсэн нь улам хүч нэмсэн.

Энэхүү цувралд олон тоглогч онцгой байсныг нэг нь Д.Мөнхтүвшин. Дутуу явсан тоглолтод багаа сэргээж, онооны зөрүү ойрхон тоглолтод багтаа ашигтай шийдвэрийг тэр гаргаж байлаа. Мөн Б.Энх-Амгалангийн үүрэг, зүтгэлийг дурдахгүй байж үл болно.

Харин М Гарьдын бэлтгэл, зүтгэл, бүрэлдэхүүн цөмөрчих шиг боллоо. Улирлын эхнээс л нэг л болоогүй. Тоглогчид нь ээлж дараалан бэртэж, бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглолтод оролцсон нь тун цөөхөн. Нэгтгэсэн легионерүүд нь ч төсөөлсөн шиг нь байсангүй. Оноо авах тал дээр асуудалгүй ч шийдвэрлэх үед шийдвэр гаргах, тоглолтын хэмнэлийг мэдрэх зэрэг дээрээ алдаа гаргаж байгаа харагдсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж