Хойд Солонгос улс өчигдөр /2023.03.19/ Зүүн тэнгис рүү ойрын тусгалтай баллистик пуужин харвасан. Өмнөдийн Штабын дарга нарын нэгдсэн хорооноос мэдээлснээр, 11:05 цагийн орчимд баруун эргийн Тунгчан-ри бүсээс пуужинг хөөргөжээ. Пуужин 800 км зам туулсны эцэст далайд унасан байна. Тунгчан-ри бүс нь Умардын алсын тусгалын пуужин хөөргөх гол цэг юм.
Пуужин хөөргөсний дараа Өмнөд Солонгос, АНУ, Японы цөмийн хэрэг эрхэлсэн албан тушаалтнууд утсаар ярьж, харилцан уялдаатай хариу арга хэмжээ авахаар тохиров.
Энэ хэргийн дараа АНУ-ын стратегийн бөмбөгдөгч В-1В онгоц Өмнөд Солонгост ирлээ. Тус онгоц нь гуравдугаар сарын 13-аас хойш үргэлжилж буй "Эрх чөлөөний бамбай" сургуулилалтад оролцох юм. Өнөөдрийг хүртэл Өмнөд Солонгосын F-35A үл үзэгдэгч сөнөөгч онгоцууд болон АНУ-ын F-16 сөнөөгч онгоцууд сургуулилалтад оролцож байжээ. Холбоотнуудын хамтарсан сургуулилалт нь хоёр улсын Агаарын цэргийн хүчний батлан хамгаалахын чадавх, хүчин чармайлтыг харууллаа гэж албаныхан мэдэгдлээ.
Дашрамд дурдахад, холбоотнуудын 11 хоногийн хугацаатай сургалт Пүрэв гаригт өндөрлөнө. Энэ хугацаанд Хойд Солонгос хэд хэдэн удаа пуужин харвасан ба өнгөрсөн долоо хоногт л гэхэд АНУ-ын эрэгт хүрэх чадвартай "Хвасон-17" тив алгасагч баллистик пуужинг харважээ.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ