Хуучирсан мэдээ: 2023.03.21-нд нийтлэгдсэн

03.21-НҮБ-аас энэ өдрийг ОЙН ӨДӨР болгон зарласан бөгөөд  дэлхий даяар нэг сэдвээр тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ жилийн  уриа: “ЭРҮҮЛ ОЙ-ЭРҮҮЛ ХҮН”

Ой бидэнд амьсгалах агаар, уух ус, идэх хоол, ангааах эм өгдөг.

Ойн ач тусыг асар өндөр үнэлэх ёстой. Гэтэл энэ бүхнийг ой бидэнд үнэгүй өгдөг болохоор бид ингэх л ёстой, ойгоос үйлчилгээ авах нь жирийн зүйл гэж боддог. Ойн үнэт чанарыг тооцохоор мэргэжилтнүүд ажилладаг ч одоо хүртэл бүрэн гүйцэд тооцож чадахгүй байна. Хүмүүс бид үйлчлүүснийхээ хөлсийг мөнгөн дүн харж үнэмшдэг учраас тэр шүү дээ.

Энэ бол зүгээр нэг тоо нэмж, хасах ажил биш, харин улс төр, нийгэм, эдийн засгийн асуудал юм.

Ойн үзүүлж буй үйлчилгээ, үнэт чанарыг дутуу үнэлэх, мөн тэдгээр үнэт чанарыг зөв зүйтэй ашиглах эдийн засгийн чадваргүй байдал зэрэг нь ой доройтож буй гол шалтгаан юм.

ОЙ-НОГООН УУШГИ

Ой нь хүчилтөрөгч дахин боловсруулах чухал үүрэгтэйгээс гадна агаарын чанарт голлох нөлөө үзүүлдэг. Мөн навч нь үйлдвэрийн болон машин, түлшнээс үүдэлтэй бохир, тоос, тоосонцорыг  өөртөө шингээдэг.

Мод бүрд хэдэн зуун метр квадрат талбай бүхий навчин хучлага байдаг болохоор нэг ойн хэдэн мянган мод шүүлтүүрийн үүрэг гүйцэтгэн, бидний амьсгалах агаарыг цэвэршүүлдэг. Энэ утгаар, хүний уушгинд орох ёсгүй зүйлийг эдгээр ногоон уушги шүүж цэвэрлэдэг болохоор ойг уушгитай зүйрлэх нь оновчтой байж болох юм.

ОЙ-ЭМИЙН САН

Эмийн үйлдвэрлэл хөгжих хэрээр дэлхийн хүн амын 80% нь эмчилгээний зориулалтаар ургамал ногоо хэрэглэж байгаагаа амархан мартаж байна. Ийм ургамлын ихэнх нь ойд байдаг. Бүр балар эртний үеэс ургамлыг эмийн зориулалтаар хэрэглэж байж. Байгаль, ургамлын нууцыг мэддэгээрээ алдартай лам, бөө нар анагаагч шингэн, нэрмэл, эм тан зэргийг ургамлаас гарган хэрэглэж иржээ. Өнөөдөр ч олон газар ийм эм танг бэлдсээр байна. Хэчнээн лабораторийн нөхцөлд бэлддэг ч гэлээ орчин үеийн анагаахын эм тарианы 50%-ийг ургамал, мөөгнөөс гаргаж авдаг. Эмийн үйлдвэрлэл ойн баялгийг судлан шинжилж, шинэ шинэ эм бэлдмэлийг бүтээж байна. Өндөр ургадаг (судал судас бүхий) 250 000 төрөл зүйлийн ургамлын дөнгөж 5 000-ыг нь анагаахын талаас судалж шинжилсэн гэж бодохоор өөр олон үнэт зүйл ойд нуугдаж байна.

МОД-ЭРҮҮЛ МЭНДЭД ЭЭЛТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮН

Зарим үед хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах үүднээс модыг тайрахаас өөр аргагүй байдалд хүрдэг. Орон гэрээ гидро нүүрстөрөгч ялгаруулдаг газрын тосон бүтээгдэхүүнээр дулаацуулж байснаас ойгоос зохих ёсоор тайрч авсан модоор зуухаа галлавал хүрээлэн буй орчинд илүү ээлтэй. Газрын тосны дайвар бүтээгдэхүүн, дахин боловсруулах боломжгүй хуванцар ширээ худалдаж авснаас модон ширээ худалдаж авбал илүү тустай.

Сэргээгдэж болохгүй, бохирдол үүсгэгч барааны худалдааг багасгах нэг арга бол модыг тайрч хэрэглэх явдал болно.

Энэ мэтээр бидний эрүүл мэндэд нөлөөлөх ойн ач тусыг тоочоод баршгүй тул манай орны ойд нэн тулгамдаад байгаа асуудлаас  энэ өдөр сөхөж тавих нь зүйтэй гэж үзлээ.

ЭРҮҮЛ ОЙН ТӨЛӨӨ

Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд одоо байгаа байгалийн ойгоо эрүүлжүүлж авах нь хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт болно гэж харж байна.

Үндэсний ойн тооллогын баримт гол суурь мэдээлэл нь болох юм.

Үүнд:

  1. Холимог ойн хэмжээг нэмэгдүүлэх замаар ойн дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх
  • Ойг нөхөн сэргээх, ойжуулах ажилд тухайн нутагт дасан зохицсон олон төрлийн зүйлийн модны тарьц, суулгацыг ашиглах
  • Бүх насны ангийг хамарсан түүвэрлэн огтлолт явуулах замаар холимог бүтэцтэй ой бий болгох
  1. Ойн өсөлт, бүтээмжийг нэмэгдүүлэх замаар 1 га талбайн ургаа нөөцийн хэмжээг нэмэгдүүлж, ойн бүтээмж, хүлэмжийн хийг шингээх, хуримтлуулах чадварыг нэмэгдүүлэх
  • Модны тэжээлийн талбайг зохицуулах арчилгааны огтлолтыг үе шаттайгаар хэрэгжүүлэх
  1. Ойд хатсан, унасан, болц гүйцэж хөгширсөн модны хэмжээ одоо байгаа ургаа нөөцийн 40%-тай тэнцүү байгаа тул ашиглалтыг нэмэгдүүлэх
  2. Манай ойн сэргэн ургах чадвар хангалттай сайн байгаа тул байгалийн сэргэн ургалтыг дэмжих
  • Байгалийн сэргэн ургалт хангалттай талбайд том моднуудыг үе шаттайгаар аажим зайлуулах замаар байгалийн сэргэн ургалтын өсөлт, хөгжлийг дэмжих
  • Байгалийн сэргэн ургалт хангалтгүй талбайд аажим огтлолт явуулж зулзаган модыг гэрэл болон тэжээлийн талбайгаар хангах, шаардлагатай тохиолдолд нэмэлт тарьц суулгах.

Хүрээлэн буй орчин судлалын доктор, ой судлаач  М.Тунгалаг

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж