Герман улсын Кемниц хотын Техникийн их сургуулийн зочин профессор, эрдэмтэн судлаач Т.Уранчимэгтэй ярилцлаа. Эх орондоо судалгааны ажлаар түр ирээд байхад нь түүнтэй уулзсан юм.
-Холын хүний үгийг сонс гэдэг. Эх орондоо хэзээ ирэв. Герман улсын боловсролын салбарын талаар тантай ярилцах боломж олдлоо. Герман улсын боловсролын маш чанартай гэж үнэлдэг. Шалтгаан нь юу юм бол?
-Би Шинжлэх ухаан, технилогийн их сургуулийн багшаар ажилладаг. Одоогоор ХБНГУ-ын Кемниц хотын Техникийн их сургуульд судлаач багшаар ажиллаж байна. Миний хувьд 1992 оноос хойш эх орондоо мэргэжлээрээ тасралтгүй ажиллаж ирсэн. Харин 2016 оноос хойш гадаадад урилгаар багшилж байна. Мөн өнгөрсөн хугацаанд Герман улсаас гадна ОХУ, Филлипин, Японд суралцсан. Германы боловсрол яагаад чанартай байна вэ гэхээр нэгдүгээрт, боловсролын системийн тогтвортой байдал маш сайн. Хоёрдугаарт, бүх шатны боловсрол үнэ төлбөргүй, төрөөс боловсролын байгууллагууд санхүүждэг.
Мэдээж хувийн төлбөртэй сургуулиуд байдаг ч нийтийн сонирхол улсын чанартай сайн сургуульд сурах сонирхолтой.
Тэрнээс гадна хуучин нийгэмд Монголд нэвтэрч байсан текником буюу мэргэшсэн мэргэжилтэн болгож төгсгөдөг систем Германд үлдсэн байдаг. Энэ гурван жилийн цалинтай сургалтад сурагчид их хамрагдах хүсэлтэй. Хүн бүр их дээд сургуульд сурах гэсэн сонирхол байдаггүй. Бас элсэлтийн ерөнхий шалгалт нь эрс ялгаатай. Сурагчдаас аравдугаар ангиас нь эхэлж жижиг жижиг шалгалт авч байгаад 12 дугаар ангидаа 5-6 цаг сууж бичдэг 2-3 том шалгалт өгдөг. Монголд ЭЕШ болгож, бүх шалгалтыг тест болгочихсон. Тэрнээс болоод одоогийн оюутнуудын бичгийн, эх хэлний мэдлэг, чадвар нь буурсан. Аливаа юмыг бүтээлчээр хийх чадвар нь буурч байна. Тиймээс ерөнхий эрдмийн шалгалтыг эргэж нэг хараасай гэж боддог. Хоёр Герман нийлэхдээ аль алиныхаа хамгийн сайн чанаруудыг авч үлдэж чадсан байна лээ.
"1-3-Р АНГИЙН СУРАГЧДАД ДҮН БИТГИЙ ТАВИАСАЙ ГЭЖ БОДДОГ"
-Бага ангийн сурагчдад дүн тавьдаггүй, дунд ангиас үнэлэхдээ дүнг нь тухайн сурагчид л хэлдэг гэсэн?
-Цэцэрлэг болон бага ангийн сурагчдад ерөөсөө дүн тавьж, өрсөлдүүлдэггүй. Дунд ангиас эхлэн хичээлийг нь үнэлж, дүн тавина. Гэхдээ дунд сургууль ч байна уу их сургууль ч байна уу тухайн хүүхдийн дүнг нийтэд зарлаж хэлдэггүй. Оюутан кодоороо дамжуулан дүнгээ мэддэг. Бас дунд сургуульд эцэг эхийн хурлыг багш ганцаарчлан хийдэг. Энэ бүхэн нь хүүхдүүд бие биеэ сурлагаар ялгаварлан гадуурхах байдлаас сэргийлж буй хэлбэр.
Монголын хувьд бага ангийн 1-3 дугаар ангийн сурагчдад дүн битгий тавиасай гэж боддог. Бас хичээлийн хажуугаар тэр их олимпиад уралдааныг бүр зогсоогоосой.
Барууны орнуудад энэ чиглэлийн тэмцээн болдог ч Монгол шиг хавтгайрсан юм болдоггүй. Наймхан настай хүү шал шүргэсэн урт медальтай байна гэж юу гэсэн үг вэ. Сурагчдыг тэгж уралдуулах нь ялгаварлан гадуурхалт гэж үздэг. Бага ангийн сурагчдад нэмэлт даалгавар өгөхгүйгээр гэрт нь сайн амраадаг. Сургуулийн дараах өдөр өнжүүлэх төвд хүүхэд тоглож, нийгэмших ёстой. Тэрнээс биш гэрийн даалгавар хийх гэж сурдаггүй.
-Монголын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр маш тогтворгүй, чанаргүй байна гэдгийг та хэлж байсан шүү дээ?
-Германд ерөнхий боловсрол, дээд боловсролын сургалтын хөтөлбөрийг өөрчлөхөд маш их цаг хугацаа ордог. Ер нь хөтөлбөрийг нь өөрчлөөгүй хэрнээ тэр доторх агуулгыг нь багш нар цаг үетэйгээ нийцүүлдэг академик эрх чөлөөг нь олгож өгдөг.
Тэрнээс биш манайд нэг хэсэг шуурсан Кембридж, Оксфордын хөтөлбөр эсвэл нэгдүгээр ангиас нь гадаад хэл, математикийн хичээл гүнзгийрүүлж заана гэсэн ойлголт байхгүй.
-Эх орондоо судалгааны ажлаар ирсэн гэсэн. Хийсэн судалгааг тань сонирхож болох уу?
-Шинжлэх ухаан, технологийн 10 гаруй багш нартайгаа хамтран “Оюутнуудын сурлагын амжилтад нөлөөлөх хүчин зүйлүүд” гэдэг судалгааг хийсэн. Багш нарын хувьд 18-30 жил ажилласан хүмүүс. Бид өнгөрсөн хугацаанд Монголынхоо боловсролын сургалтын чанарын талаар санал бодлоо хуваалцсан. Тэгээд орчин үеийн оюутан залуусаа судлахаар болсон юм. Бид чинь аналоги үеийн багш нар. Оюутан байхад компьютер, гар утас гэж юм байсангүй. Гэтэл одоогийн оюутнууд цахим ертөнцийн үед төрж, өссөн учраас энэ бүхэн энгийн зүйл болсон.
Хуучин цагийн оюутнууд чимээгүй төвлөрч хичээлээ хийдэг байсан бол орчин үеийнхэн энд аятайхан хөгжим тавьж, хичээлээ хийдэг болсон.
Уг судалгаанд 200 гаруй оюутан хамрагдаж, оюутнуудын ихэнх нь сургалтын орчин миний сурах идэвхид маш их нөлөөлнө гэж хариулсан. Номын сан тав тухтай баймаар байна, багш орчин цагийн арга барилаар хичээлээ заамаар байна, дан онол заамааргүй байна гэж 90 гаруй хувь нь хариулсан. Бид ямар ч байсан эхний хэлэлцүүлгээ хийж, эерэг хариултууд авсандаа баяртай байгаа.
"ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДЭЭ БАГА АНГИА ТӨГСТӨЛ НЭМЭЛТ СУРГАЛТАД ХАМРУУЛАХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЕ"
-Эцэг эхчүүдэд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
-Зарим эцэг эхчүүд хүүхдээ Германд яаж сургах вэ гэж шууд асуудаг. Би болж өгвөл хүүхэдтэй нь уулзахыг хүсдэг. Тэр хүүхэд тэнд сурах хүсэл сонирхол байна уу. Өсвөр насны буюу мэргэжлээ сонгох гэж буй хүүхэдтэй эцэг эхчүүд эхлээд хүүхэдтэйгээ маш сайн ярилцах хэрэгтэй. Яагаад гэвэл орчин цагийн хүүхдүүд тийм болсон.
Одоогийн хүүхдүүд өөрийгөө олж, орон зайгаа тодорхойлж, миний хийхийг хүссэн мэргэжил гэдгээ хэлж, илэрхийлдэг болсон.
Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдээ бага ангиа төгстөл нэмэлт сургалтад аль болох хамруулахгүй байхыг зөвлөе. Тэр хүүхэд эх хэлээрээ сайн ярьж, бичиж сураад нийгэмших нь чухал. Хүүхэд таван хүүхэдтэй эсвэл 50 хүүхэдтэй ангид сурсан ч адилхан л нийгэмд гарна. Ялгаварлан гадуурхалтыг эцэг эхчүүд өөрсдөө бий болгож байна. Хүн болгон гадаад хэлээр төгс ярих шаардлагагүй. Бага ангийн хүүхэд гэртээ ойр, болж өгвөл явган алхаад очдог сургуульд л суралцдаг байх нь зүйтэй. Дунд, ахлах ангиас нь хүүхдээ төлбөртэй сургалтад хамруулах эсэх нь өөрсдийнх нь сонголт.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Холбоотой мэдээ