Хэдхэн хоногийн өмнө Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхэлж, Монгол Улсын хувьд эдийн засагт гэрэл гэгээтэй мэдээг дэлхийн сонорт хүргэв. Цар тахлаас хойш дэлхийн эдийн засаг төдийгүй, Монгол Улсын эдийн засаг хүндэрсэн, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах эерэг мэдээ нь далд уурхайн бүтээн байгуулалт байв. Яг үүнтэй зэрэгцүүлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг “үргээсэн” үйлдэлтэй хэргүүд шүүхэд шилжсэн талаар дахин мэдээлэл хийв.
Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах бус дээрэмдсэн, үргээсэн олон тохиолдол бий бөгөөд Х.Нямбаатар сайд үүнтэй хатуу тэмцэнэ гэдгээ зарлаад багагүй хугацаа өнгөрөв. Харин гадаадын хөрөнгө оруулагчдыг “дээрэмдсэн” асуудлаас хэд хэд нь шүүхийн шүүхийн шатанд шилжсэнийг тэрбээр хэлэв. Тухайлбал, БНСУ, АНУ-ын иргэн Макс Жонсонтой холбоотой, БНХАУ-ын хөрөнгө оруулагчдыг хохироосон асуудлууд ч шүүх рүү шилжих шатандаа явааг онцлов.
Гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон жишээнүүд өөр бусад хөрөнгө оруулагчдыг үргээх, Монгол Улсад итгэх итгэлийг шууд бууруулна. Тиймээс ч олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсын хууль эрх зүйн тогтвортой байдал, эрх ашгийг нь хамгаалдаг бодит хөрсийг бий болгож байж, хөрөнгө оруулагчдыг татна гэдгийг сануулсаар ирсэн. Гурван жилийн хугацаанд цар тахлаас үүдсэн эдийн засгийн хүнд нөхцөл байдал, ОХУ, Украйны асуудалтай холбоотой геополитикийн асуудлаас үүдэж Монгол Улсын эдийн засаг сэхээнд байгаа. Эрх баригчдын зүгээс эдийн засаг сэргэж байгаа, өнгөрсөн онд төсөөлснөөс өндөр байгааг зарлаж байгаа боловч хууль эрх зүйн орчин сул байгааг одоо ч олон улсын байгууллага, эдийн засагчид сануулсаар байна. Олон улсын байгууллага, гадныхан ч Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдыг татах эрх зүйн орчин нь тогтворгүй, улс төрийн эр зориг гаргаж чаддаггүй гэдгийг ч хэлдэг.
Өнгөрсөн онд эрх баригчид Гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой хууль батлахаар УИХ-ын босго давуулсан ч олон нийтийн шүүмжлэлтэй тулгарч, хууль санаачлагчид нь хуулийн төслөө буцаан татсан байдаг. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар энэ онд багтааж, УИХ гадны хөрөнгө оруулагчдыг хамгаалах хуулийн төслийг өргөн барина гэдгээ мэдэгдэв.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Энэ жил УИХ-д гаднын хөрөнгө оруулагчдыг хамгаалах хуулийн төслийг өргөн барина. Дээр нь эдийн засгийг солонгоруулах хуулийн төслүүд өргөн барьсныг та бүхэн мэдэж байгаа байх. Нөгөө талдаа Төрийн болон орон нутгийн компанийн өмчийн тухай хуулийг өргөн барина. Монголын төр ямар бизнес хийх вэ гэдгээ урьдчилж, гаднын болон дотоодын хөрөнгө оруулагчдадаа тав, таван жилээр ойлгуулна. Монголын төр ийм бизнес хийнэ, үүнээс бусдыг нь хувийн хэвшил хийж болно гэдэг тоглоомын дүрмээ бид тодорхой болгоно” гэсэн юм.
Засгийн газар ч гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд тэдний эрх ашгийг хамгаалах, “дээрэмдүүлэхгүй” байх боломж, хөрсийг нь бэлдэхээр хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барихаар зэхэж байгаа аж. Гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж чадсанаар эдийн засагт өгөх өгөөж, түүний дагасан олон эерэг үзүүлэлтүүд эдийн засагт хэрэгтэй. Гэвч олон нийтийн шүүмжлэлээс “айдаг”, улс орны эдийн засагт чухал нөлөөтэй хуулийн төслөө маш чамбай боловсруулж, УИХ-ын босго давуулах нь нэн чухал байна. 2023 ондоо багтааж хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах боломжтой болж чадвал Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн энэ цагт хамгийн хэрэгтэй хууль болохоор байна. Гэтэл эрх баригчдад өнөөдрийн эрх ашиг, сонгууль нь чухал байгаа энэ цагт гадны хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хууль эрх зүйн орчноо сайжруулах боломж олдох эсэх нь эргэлзээ дагуулж байна. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн нь олон хөрөнгө оруулагчид Монголыг сонирхох, хөрөнгө оруулах боломжийг дэлхийд нээж байна. Харин энэ үеийг ашиглаад гадны хөрөнгө оруулагчдын эрх зүйн орчинг тогтвортой байлгах, тэдний эрх ашгийг хамгаалахаас гадна улс орны том эрх ашгаа харсан хуулийн төсөл батлах цаг нь яг одоо тулж ирээд байна. Эрх баригчид ч гэсэн өнөөдөр, маргаашийн намын рейтинг, сонгуулиа харсан, сонгогчдын санал авах санаархлаас илүү улс орны дунд болон урт хугацааны эрх ашгаа хамгаалсан хууль боловсруулж, түүнийгээ хамгаалаад улс төрөө давж гарах нь чухал байгааг эдийн засагчид онцолж байна.
Өнөөдрийн байдлаар манай улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын 41 хувийг Оюутолгойн уурхайн төсөл эзэлж байна. Азийн хөгжлийн банк (АХБ)-наас 2022-2023 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт болон нэмэлт санхүүжилт зэргийг тооцвол гадаадын шууд хөрөнгө оруулалт 9.4 хувиар өсөх боломжийн төсөөлөлтэй байгаа талаар мэдээлсэн.
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт өнөөдрөөс бидэнд өгөөжөө өгөхгүй ч гадны хөрөнгө оруулагчдыг татах шинэ хуудас нээж байна. Харин эрх баригчид энэ цонх үеийг ашиглаж, гадны хөрөнгө оруулагчдад таатай, алсын хараатай гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх богинохон цаг хугацаатай уралдах шаардлага үүсч байна.
Холбоотой мэдээ