Орхон аймгийн Эрдэнэт хотод энэ сарын 10-нд 04:00 цагийн үед төрөх дөхсөн эмэгтэй эмнэлгийн тусламж авахаар очиход хүлээж аваагүй талаар цахим хуудаст мэдээлэл гарсан. Улмаар эмнэлгийн тусламж авч чадаагүй эмэгтэй буцах замдаа машиндаа төрсөн юм. Энэ талаар Эрдэнэтийн Бүсийн оношилгооны төвөөс тодруулахад дараах тайлбарыг өгч байв.
Эмнэлгээс өгсөн мэдээллээр “Машинд амаржсан эх, хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа. Тухайн эмэгтэйн давтан төрөлт. Үүрээр ирсэн ч эмч төрөх болоогүй байгаа учраас буцаасан. Гэхдээ ус нь гарч буцах замдаа төрсөн. Бид машинд төрсөн гэх мэдээллийг авсан даруйдаа яаралтай тусламж үзүүлсэн. Одоо эх, хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хүлээн авч, буцаасан эмчид хариуцлага тооцох эсэх нь тодорхойгүй” гэсэн юм.
Тухайн үед мэдээллийг цахим хуудаст бичсэн иргэн “Эрүүл мэндийн салбар, хот тохижуулалт гээд Монголд хариуцлага гэдэг зүйл огт алга. 04:00 цагт төрлөө гэж үзүүлэхэд болоогүй гэж буцаадаг Эрдэнэт Нэгдсэн эмнэлэг хариуцлагагүйгээс болж 07:00 цагт машин дотроо төрлөө гэж дуудлага өгч байхад өмнөх дуудлагаа үзээд очих гэж байсан гэж хэлээд зогсох эмч. Мөстэй зам дээр хурдлах ч боломжгүй яарч явсаар эх, хүүхэд машинд төрлөө” гэжээ.
МАШИНД АМАРЖСАН ЭХ, ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДЛЫГ ОНЦГОЙ АНХААРЧ БАЙГАА ГЭВ
Машинд амаржсан иргэн Г нь 32 настай хоёр дахь удаагийн төрөлт байжээ. Тодруулбал, 2023 оны гуравдугаар сарын 9-10-нд шилжих шөнө 03:02 цагт БОЭТ-ын төрөх тасагт очиж үзүүлсэн. Тухайн үед гарч байсан эмч сувилагчид үзүүлэн зөвлөгөө авч, 03:22 цагт эргэн гэр рүүгээ буцсан. Үүний дараагаар эх дахин өвдөлт өгөөд ээжтэйгээ гэрээс буюу “Аз хотхон”-оос таксин аван эмнэлгийн зүг явсан байна. Гэтэл урьд шөнө орсон цаснаас үүдэн замын нөхцөл байдал хүндрэлтэй байснаас мөн түүнчлэн ажил, сургууль эхлэж, замын түгжрэл нэмэгдсэн 07:00 цагийн үед, гэрээс эмнэлэг орохдоо 07:28 цагт Орхон молл худалдааны төвийн урд машин дотор 3060 грамм хүү төрсөн байна.
Улмаар 07:45 цагт БОЭТ-ын 103 хүлээн авах утсанд Орхон моллын гадаа автомашинд хүүхэд төрлөө гэх дуудлагыг өгч түргэний тэрэг тухайн таксинаас эх, хүүхдийг авч БОЭТ-ын төрөх хүлээн авахын гадаа хүргэж өгчээ.
Эх барих эмч Т.Ариунжаргал нь авто машинд ороход эх хүүхдээ гэдсэн дээрээ халаадаар ороочихсон хүйн нь салаагүй байдалтай байсан аж. Эх баригч шаардлагатай арга хэмжээг авч эх хүүхдийг эсэн мэнд эмнэлэгт оруулсан байна. Одоогоор эх хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд шаардлагатай шинжилгээ хийж байгаа гэлээ.
БОЭТ-ийн удирдлагын зүгээс эх хүүхдийн биеийн байдалд онцгойлон анхаарахаа илэрхийлсэн байна.
Эмнэлгээс өгсөн мэдээллээр тухайн шөнө жижүүр эмчээр Эх барих эмэгтэйчүүдийн их эмч Б.Д ажиллаж тухайн эхийг үзэн зөвлөгөө өгөөд буцаасан аж. Тэрбээр хэлэхдээ тухай эмэгтэй доошоо хатуураад өвдөөд байна гэж ирсэн бөгөөд үзлэг хийхэд умай хүзүү хангалттай нэгдээгүй нэг см нээлттэй байсан жигд өвдөлтгүй, дуншилттай байсан учир буцаасан гэжээ.
Мөн түүнчлэн ховор тохиолдлоор дөрвөн цаг орчим өвдөж төрөх тохиолдол байдаг энэ гэхдээ ховор тохиолдол гэдгийг онцолсон байна.
Дунджаар давтан төрөгч 8-10 цаг өвдөж байж төрдөг байна. Тухайн эмэгтэйг хурдан хугацаанд өвдөлт өгөөд төрхийг нь анхаараагүй нь эмчийн алдаа байлаа хэмээн эмэгтэйг эмнэлгээс буцаасан эмч уучлалт хүсч, хариуцлага хүлээхээ мэдэгджээ.
Эмнэлгийн зүгээс чанарын шат шатны хурлыг хийж удирдлагын зөвлөлийн хурлаар тухайн эмчид тооцох хариуцлагын асуудлыг шийднэ гэлээ.