Олон улсын эрүүгийн шүүхээс ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг баривчлах тушаал гаргасан. Тэгвэл уйгур хүмүүсийн эрхийг хамгаалах байгууллагаас Олон улсын эрүүгийн шүүхэд хандан Хятадын дарга Ши Жиньпинийг баривчлах тушаал гаргахыг уриалжээ.
“Уйгур болон бусад түрэг үндэстний эсрэг геноцид, хүн төрөлхтний эсрэг үйлдсэн гэмт хэргийнх төлөө Хятадын удирдагч Ши Жиньпинд хариуцлага тооцохыг Олон улсын эрүүгийн шүүхээс бид уриалж байна” гэж Зүүн Туркистаны засгийн газрын Ерөнхий сайд Салих Худаяр мэдэгджээ. Мөн тэрбээр “Олон улсын эрүүгийн шүүх шударга ёсыг сахиж, "Дахиж хэзээ ч үгүй" гэсэн амлалтаа биелүүлж, 21-р зуунд болсон Холокосттой адил хоморголон устгалд шууд оролцсон хэмээн Ши Жиньпинийг баривчлах ёстой” гэв.
Түрэг угсаатнуудыг бөөнөөр нь баривчлах, албадан ажил хийлгэх, албадан шашныг нь солих, гэр бүлээ албадан тусгаарлах кампанит ажлыг Бээжин олон жил хийж байна гэв. Улмаар 2021 оноос хойш АНУ-ын засгийн газар болон барууны 10 орчим улсын парламент үүнийг геноцид гэж тодорхойлсныг онцолжээ.
Өмнө нь Путин болон Оросын албаны хүн Мария Алексеевна Львова-Белова нарыг Украиныг эзлэн түрэмгийлэх үеэр дайны гэмт хэрэгт оролцсон гэх үндэслэлээр баривчлах захирамж гаргасан.
Олон улсын эрүүгийн шүүхээс гаргасан мэдэгдэлд, "хүн амыг (хүүхдүүдийг) хууль бусаар албадан гаргах, Украины эзлэгдсэн бүс нутгаас хүн амыг (хүүхдүүдийг) ОХУ-д хууль бусаар шилжүүлсэн дайны гэмт хэрэгт Путин хариуцлага хүлээнэ" гэсэн.
ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова хариу мэдэгдэл гаргасан. Тэрбээр, “Орос улс Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн нэг хэсэг биш бөгөөд үүний дагуу үүрэг хүлээхгүй" гэж мэдэгдсэн.
ЭХ СУРВАЛЖ: FOX NEWS
Холбоотой мэдээ