ТОЙМ: Жилд нэг их наяд долларын хүнс импортолсоор байх уу?

Хуучирсан мэдээ: 2023.03.18-нд нийтлэгдсэн

ТОЙМ: Жилд нэг их наяд долларын хүнс импортолсоор байх уу?

ТОЙМ: Жилд нэг их наяд долларын хүнс импортолсоор байх уу?

Ньюс агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


М.ГАНХҮЛЭГ: АСУУДАЛД ПОП ХАНДАХГҮЙГ ХИЧЭЭДЭГ

Тэр бол 1990 оны залуусын төлөөлөл болсон дэд сайд М.Ганхүлэг. Анх түүнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар томилогдоход гайхах, эргэлзэлзэх хүн олон байлаа. Гэвч тэрбээр залуусыг түүчээлж, улс төрийн гал тогоонд сайн дураар чанагдахаар ирсэн. Түүнтэй хөдөө аж ахуйн салбар хийгээд улс төрийн томилгоо, хувь хүнийх нь талаар онцолж ярилцлаа.

-Хоёулаа ярилцлагаа цаг үеийн асуудлаар эхлүүлье. Орон нутагт хаваржилт хүндэрч, малчид хүндхэн нөхцөл байдалд байна. Та аймгуудаар явж ажиллав уу. Орон нутагт хаваржилттай холбоотой ямар хүндрэл  бэрхшээл гарч байна вэ?

-Хүнс, хөдөө аж ахуйн салбар мал аж ахуйн салбарын нуруун дээр явдаг. Энгийнээр хэлэхэд, Монголд ажил хийж буй хоёр хүн тутмын нэг нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт байгаа бол таван хүн тутмын нэг нь малчин байна. Өнөөдрийн байдлаар, Монгол Улсын нийт газар нутгийн 40 орчим хувьд цас ихтэй байна. Таван аймгийн арав гаруй сум цагаан зудын байдалтай байна. Энэ мэдээллийг бид өдөр тутамдаа авч, тухайн бүс нутагт анхаарч ажилладаг. Миний хувьд 4-5 аймагт ажилласан. Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах болон хөдөө аж ахуйн салбарын боловсруулах үйлдвэр, Ховдын аж үйлдвэрийн парк, Дарханы арьс ширний цогцолборын ажилд голчлон үр дүн гаргахаар ажиллаж байна.

-Ажлаа хүлээн аваад хэдэн сар өнгөрчээ. Энэ хугацаанд яамны  ажлаа “гартаа” оруулж чадав уу?

-Анх ажилд орж байснаасаа хамаагүй илүү мэдээлэлтэй болоод, учраа олоод явж байна. Хөдөө аж ахуйн салбар Монголын уламжлалт салбар. Тиймээс салбарт залуу бодлого боловсруулагч байна гэдэг энэ салбарыг илүү олон улсын түвшинд хүргэхэд анхаарч ажиллах үүрэг гэж харж байгаа юм. Тэр утгаараа салбарын үйл ажиллагааг ойлгох тусам шинэ үеийн боловсролтой, чадварлаг залуус энэ салбарт орж ирээсэй гэж хүсэх болсон. Жишээлбэл, малын эмчээр ажиллаж буй албан хаагчдыг насны байдлаар авч үзвэл дунджаар 55-60 орчим насны хүмүүс байна. Тиймээс дараа үеэ бэлдэх, мэргэжлийн малын эмч, агрономич гэх мэт нарийн мэргэжлийнхэн дутмаг байгааг олж харлаа. Үүнээс гадна

Засгийн газраас хүнсний хувьсгалд анхаарал хандуулж эхэлсэн. Яг энэ цаг үед ажиллаж байгаа нь их завшаантай зүйл болж байна.

Яагаад гэвэл, томоохон боловсруулах үйлдвэрүүдийн ажлууд энэ онд эхэлнэ. Хүнсний томоохон үйлдвэрлэгч нарыг дэмжих бодлогууд тодорхой болж эхэллээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам юу хийдэг вэ гэж хүмүүс боддог. Тэгвэл бид 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэдэг болъё гэж байгаа юм. Энэ зорилгын үүднээс одоо бид мах гурил, төмсөө дотоодоос зуун хувь хангаж байгаа ч цаашдаа сүү, сүүн бүтээгдэхүүн, мах махан гээд таван төрлийн бүтээгдэхүүнийг экспортод гаргах тухай асуудал тавигдана. Нөгөөтэйгүүр, бид жилд нэг их наяд ам.долларын хүнсний бүтээгдэхүүнийг импортоор авдаг. Дараагийн ээлжид өндгөө үйлдвэрлэх боломж байна. Гахай, тахианы махны чиглэлийн үйлдвэрлэл, загас үржүүлэг болон бусад шинэ сортын ургамал, нарийн ногоог дотооддоо тариалах зэрэг том зах зээл бидний өмнө байна.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу


“РИО ТИНТО”-ГИЙН КОМПАНИУДАД 200 ОРЧИМ МОНГОЛ АЖИЛЛАЖ БАЙНА"

“Рио Тинто Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргалтай "Оюутолгой"-н гүнийн уурхай байнгын ажиллагаанд шилжсэн түүхэн мөчид ярилцлаа.

-“Оюутолгой”-н үнэ цэн илүү нэмэгдэх түүхэн мөч тохиож байна. Төслийн хүрээнд Монгол Улсад хай тех, ноу хау хэр сайн нутагшиж байна вэ?

-Маш сайхан асуулт байна. Өнөөдөр “Оюутолгой” компани, “Рио Тинто” компанийн хувьд маш чухал ач холбогдолтой өдөр болж, Монгол Улс дэлхийн зах зээлд томоохон тоглогч болох эхлэл тавигдаж байна. 2023 он “Рио Тинто” группийн хувьд 150 жилийн ой тохиож буй маш чухал жил. Өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлага, нөу хаугаар дамжаад гүнийн уурхай байнгын ажиллагаанд шилжиж, Монгол Улсад маш өндөр технологи, шинэ стандартууд нутагшиж байна. 150 жилийн хугацаанд хуримтлуулсан, 35 улсад явуулж байгаа үйл ажиллагааны үр дүнд бий болгосон “Рио тинто” группийн мэдлэг, туршлага гэдэг бол асар их баялаг.

“Оюутолгой”-н уурхайд хэрэгжүүлсэн ажлууд манай улсын маш олон салбарт шинэ санаачилга болсон.

Аюулгүй ажиллагааны бүх дүрмийг Монголын хууль тогтоомж, олон улсын стандартын дагуу боловсруулж, хэрэгжүүлж эхэлсэн. Үүнийг “Оюутолгой” ХХК-д ажиллаж байгаа хүн бүрийн эд эсэд шингээж, чанд мөрдүүлдэг. Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын амин чухал асуудал нь аюулгүй ажиллагаа шүү дээ. Бид аюулгүй ажиллагааны хамгийн сайн стандарт бий болгож чадсанаараа бахархдаг.

-“Оюутолгой” төслийн ажилтнуудын дийлэнх нь монголчууд байна. Энэ хэрээр монголчууд дадлагажиж, туршлагажиж байгаа нь сайн мэдээ. “Рио Тинто”-гийн бусад компанид өнөөдрийн байдлаар хэчнээн монгол ажиллаж байна вэ?

-Одоогийн байдлаар “Оюутолгой” ХХК үндсэн болон бэлтгэн нийлүүлэгч компанийн ажилтнууд багтаад 20 мянга гаруй ажилтантай. Үүний 97 хувь нь монголчууд. Энэ бол маш бахархам үзүүлэлт. Уул уурхайн салбарт олон жил ажилласан хүмүүс “Үндэсний ажилтныхаа тоог богино хугацаанд яаж ийм өндөр хувь хэмжээнд хүргэж чадав аа” гэж ихэд гайхдаг. Монголчууд дэлхийн хэмжээнд бэлтгэгдсэн, олон улсад ажиллах өндөр чадвартай уул уурхайн салбарын мэргэжилтэн, эксперт болж чадаж байна гэдэг нь бахархам явдал.

“Рио тинто” группийн хилийн чанад дахь салбаруудад 200 орчим монгол залуус инженер, техникийн ажилтнаас эхлээд группийн захирлын алба хашиж байна. Тухайлбал, манай Болд захирал “Рио Тинто”-гийн Зэсийн группийг удирдаад ажиллаж байна. Ер нь уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг дан ганц мөнгөн дүнгээр хэмжих нь өрөөсгөл. “Оюутолгой” төсөлд оруулж байгаа “Рио тинто”-гийн хөрөнгө оруулалтын хувьд ч ялгаагүй. Хамгийн гол нь монголчууд бид бүхэнд, хүнд оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт гэж боддог.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу


“БНСУ-Д ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХ ИРГЭДЭД АРЫН ХААЛГА ҮЙЛЧЛЭХГҮЙ”

Өмнөд Солонгост гэрээгээр ажиллах хүсэлтэй монгол иргэн цөөнгүй. Тиймээс жил бүр Монголоос тус улс руу ажиллах хүч гэрээний дагуу илгээдэг. Ингэснээр нэг талаар хөдөлмөрийн зах зээлд хэрэгтэй төдийгүй нөгөө талдаа иргэдэд нэгдсэн үйлчилгээ үзүүлж байгаа давуу талтай.  Гуравдугаар сарын 9-10-нд гэрээгээр ажиллах сонирхолтой иргэд хэлний шалгалтад бүртгүүлсэн.  БНСУ-д гэрээгээр ажиллахад ямар шаардлага, шалгуур тавьдаг, иргэд юуг анхаарах ёстой талаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүчний шилжих хөдөлгөөний газрын дарга З.Буянбадрахтай ярилцлаа.

-БНСУ-д гэрээгээр ажиллах сонирхолтой хүмүүсийг саяхан бүртгэсэн. Хэчнээн хүн цахимаар бүртгүүлсэн бэ?

-Өмнөд Солонгос улс аж үйлдвэрийн салбартаа Монголоос ажиллах хүч авдаг. Өнгөрсөн жил нийт 855 гэрээний ажилтан авах хүсэлттэй байсан бол энэ жил солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн 2404 иргэнийг БНСУ өөрийн хөдөлмөрийн бирж дээр мэдээллийг нь байршуулъя гэсэн. Тиймээс бидний зүгээс 2023 ондоо багтаж 2404 гэрээний ажилтанг илгээхээр ур чадварын шалгалтыг авах хуваарийг товлосон. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг "EHalamj" системээр гуравдугаар сарын 9, 10-нд явуулсан. Нийт 6968 иргэн цахим системээр хандсан.

Гэхдээ сонирхлын түвшинд сэтгэл хөөрлөөр хандахаас сэргийлж солонгос хэлний түвшин тогтоох таван асуулттай тест оруулсан юм.

Тухайн асуултын хоёрт нь зөв хариулсан тохиолдолд системд үргэлжлүүлэн нэвтрэх боломж бүрдсэн. Солонгос хэл огт мэдэхгүй хүмүүс гэрээний ажилтнаар бүртгүүлэх боломжгүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Тиймээс тест асуултыг оруулсан байгаа. Тэгэхээр гэрээний ажилтнаар явах хүсэлтэй иргэд сэтгэл хөөрлөөр хандаж болохгүйгээс гадна бүртгүүлсэн ч танил талаа ашиглаад явчихна гэсэн ойлголтгүй. Өмнөд Солонгост ажиллах хүсэлтэй иргэдэд арын хаалга үйлчлэхгүй. Тодорхой хэмжээний ур чадвартай, анхан шатны мэдлэгтэй хүмүүс одоогийн байдлаар эхний ээлжид бүртгүүлсэн гэж ойлгож болно.

"EHalamj" системд амжилттай бүртгүүлсэн хүмүүсийг 45, 45-аар хуваарилж товлосон өдрийн дагуу тусгай танхимд ур чадварын болоод тестийн шалгалт авна. Ингэхдээ хүн нэг бүр рүү мэдэгдэж, хуваарьт өдөр заасан танхимд ирэх мессеж явуулдаг.

Нийт бүртгүүлсэн иргэдээс 5444 хүн өнөөдрийн байдлаар шалгалтад орохоо мэдэгдэж, төлбөрөө тушаасан байна. Төлбөрөө төлж чадаагүй иргэдэд өдөр, цаг товлож төлбөрөө төлөх нэхэмжлэл явуулсан. Хэрэв шалгалтын төлбөрийг төлөөгүй тохиолдолд дараагийн удаа дахин бүртгэл үүсгэж, нэвтрэх эрх үүснэ.

-Бүртгүүлэхэд алдаа гарсан, товлосон хугацаанд бүртгүүлж амжаагүй хүмүүст дахиад бүртгүүлэх боломж бий юу?

-Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт гэрээгээр ажиллах иргэдийн бүртгэлтэй холбоотой гомдол, санал ирээгүй. Бид бүртгэлийн хуваарийг урьдчилж мэдэгдсэн бөгөөд тухайн өдөр системд ямар нэгэн алдаа гараагүй учир дахин өөр өдөр товлох боломжгүй байгаа. Бүртгэлийн эхний өдөр буюу гуравдугаар сарын 9-нд 4400 хүн бүртгүүлсэн. Харин 10-нд 500 гаруй иргэн бүртгүүлсэн. Тэгэхээр систем тухайн хоёр өдөр алдаагүй ажилласан учир дахин бүртгэлийн тов үүсгэх боломжгүй гэсэн үг. Өнгөрсөн жил төлбөр төлөлт болон программ дээр алдаа заах тохиолдол гарч байсан. Харин энэ жил дээрх алдаанууд гараагүй.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу


"ХҮНИЙ НАС ХЯЗГААРТАЙ Ч АМЬ, СҮНС НЬ ХЯЗГААРГҮЙ"

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, нийтлэлч Д.Төрмөнхтэй шинэ уран бүтээлийн тухай ярилцлаа.

-Та саяхан “Аниргүйн шивнээ” гэж дуут ном гаргажээ. Таныг ийм олон хит дууны эзэн гэдгийг мэддэггүй байж. Мөн таны нүүр номоос "Нохойн орон" кино ОХУ-ын хотуудад гарсан тухай олж мэдлээ?

-Би тэр дуут номонд хэрхэн дууны шүлэг бичдэг болсон тухайгаа тодорхой ярьсан байгаа. Би ч тухайлан тэр тухай яриад байдаггүй юм. Ийм их стресстэй үед дуу сонсоод тэр дуу хэрхэн бүтсэн түүхийг сонсох зүгээр байх л гэж бодсон хэрэг л дээ. Үүцээ л задалж байна гэх үү дээ. Ихэнх дууг нь манайхан мэднэ дээ. "Нохойн орон" уран сайхны киног Алексей Мыслицкий гэж орос залуу санаачлаад Москва, Санкт Петербург, Красноярск… зэрэг хотуудад зэрэг он лайнаар үзүүлээд дараа нь надтай зүүмээр хоёр цаг орчим ярилцлага хийсэн. Энэ киног 23 жилийн өмнө хийсэн ч одоо ч нэр хүндээ алдахгүй яваад байгаад баяр төрөх юм даа. Ноднин жил Нидерландын нийслэл Амстердамын IDFA наадам Петер Бросенс бид хоёрыг урьж тэнд үзүүлсэн. Николос Рапольд гэж АНУ-ын нэг том кино шүүмжлэгч хөтөлж нэвтрүүлэг ч хийж тэнд гаргасан юм.

-Таны шинээр гаргасан “А” гэх нэртэй романыг Мпласаас татаж авч сонслоо. Нэр их анхаарал татсан. “А” гэж нэрлэсэн нь Аажим, Авид гэх гол дүрүүдтэй холбоотой юу?

-За бараг л тийм. Анх би Даниэл Дефогийн “Робинзон Крузо”-г анх хэвлэгдэн гарахад нь үнэн болсон явдал гэж тэр үеийн уншигчид бодож байсан тухай уншаад нэг бодол төрсөн юм. Зүгээр л нэг өдөр Аажим гэдэг Британид байдаг монгол залуу над руу цахим шуудангаар хандаад тэгээд түүний өдрийн тэмдэглэлийг гололсон зохиомжтой бичвэл үнэмшилтэй болж мэдэхээр санагдаад эхэлсэн. Бараг дөрвөн жилийн өмнө юм уу даа. Тэгээд бичээд байсан чинь нэг дүртэй байх нэг л хачин санагдаад Авид гэдэг дүрийг бий болгосон. Гэсэн ч нэг идэвхигүй дүр болчих гээд тэгээд өнөөх дэлхийгээс 23 шагнал авсан “Нохойн орон” кинотой Авидыг холбовол яасан юм гэж бодсон. Авидыг эрт цагт нохой алдаг хүн байсан болгож өөр нэг шугам нээгээд түүний амьдралыг давхар өгүүлсээр л эцэстээ Аажим, Авид гэх хэзээ ч хоорондоо амьддаа уулзаагүй хоёр монгол хүний зэрэгцээ амьдралыг өгүүлсэн зохиомжтой роман болчихсон юм.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж