Хүүхдийн паркийн өвөө: Шугамын радио, ном миний нөхөр

Хуучирсан мэдээ: 2023.03.17-нд нийтлэгдсэн

Хүүхдийн паркийн өвөө: Шугамын радио, ном миний нөхөр

Хүүхдийн паркийн өвөө: Шугамын радио, ном миний нөхөр

Монгол дээлтэй өвөө шугамын радио сонсч, ажлын заваараа ном, сонин уншина. Харин биднийг очиход ажлын дүрэмт хувцсаараа гангарч угтсан нь энэ. Ажил хүнийг голохоос хүн ажлыг голдоггүй гэдгийг өөрийн биеэр үлгэрлэж яваа энэ хүнийг Н.Чулуунбат гэдэг. Одоо 65 настай. Бидний мэдэх Хүүхдийн паркийн манаачаар сүүлийн 10 жил ажиллаж буй. Ажилчид дундаа нас өндөр, хариуцлагатай, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг нэгэн аж. Тиймээс гавьяаныхаа амралтыг авсан ч хамт олон нь түүнийг үргэлжлүүлэн ажиллахыг зөвшөөрч, тушаалыг нь гаргажээ.

Орчин цагт хүмүүс ухаалаг гар утастай нөхөрлөж, тэндээсээ бүх мэдээлэл авдаг болсон. Харин Н.Чулуунбатын хувьд үндэсний радиогоос өдөр тутмын мэдээ мэдээллээ сонсч, шинээр хэвлэгдсэн ном, сонин шимтэн унших дуртай.

Тэрбээр "Би 2013 оны хоёрдугаар сарын 29-нөөс өдийг хүртэл 10 жил Хүүхдийн паркт ажиллаж байна. Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул хүн. Хотод 2000 оны эхээр шилжин ирж, 20 гаруй жил амьдарч байна. Би 2018 онд тэтгэвэртээ гарсан ч хамт олон маань намайг үргэлжлүүлээд эндээ ажиллаж болно гэсэн" гэв.

АТРЫН ХОЁРДУГААР АЯНЫ ТРАКТОРЧ, КОМБАЙНЫ ЖОЛООЧ

Эцэг эхтэйгээ хөдөө мал маллаж өссөн тэрбээр 1966 онд анх сургуульд сурч, 1974 онд найман жилээ төгссөн. Дараагаар нь трактор, комбайны жолооч гэх тусгай мэргэжлээр суралцаж төгсчээ. Тэгээд Төв хорооны илгээлтээр 1977 онд Атрын хоёрдугаар аянаар Дарханы сангийн аж ахуйд хуваарилагдан очиж, хоёр жил шахуу ажилласан тухайгаа ярилаа.

Тэрбээр "Хань маань худалдааны техникумыг нягтлан, эдийн засагч мэргэжлээр 1980 онд төгссөн. Худалдааны салбарт 40 орчим жил ажиллаж байгаад гавьяаныхаа амралтыг авсан. Бид таван хүүхэдтэй. Том хүүхэд маань “Талх чихэр” ХК-д ажилладаг. Дараагийн охин “Бамбууш” компани, удаах ганц хүү маань хувиараа бизнес эрхэлдэг, бас нэг охин маань хүнсний үйлдвэрт худалдааны мэргэжилтнээр ажилладаг, бага охин маань БНСУ-д суралцаж байгаа гэв. Хүүхдүүд маань аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөж, авсан гэх үү дээ" хэмээн инээмсэглэнэ.

"Ер нь ажил төрлийнхөө онцлогоос хамаарч насны хязгаар тавьдаг болсон байна. Тэтгэвэрт гарсан хүмүүст харуул манааны ажил тохиромжтой санагддаг.

Ер нь тэтгэвэртээ гарсан улс нэг хэсэг ажилгүй хэцүүддэг юм билээ. Тэтгэвэртээ гарсан ч гэсэн нас, эрүүл мэндийг нь харгалзаж үзээд ажиллуулах нь зүйтэй санагддаг. Намайг тэтгэвэртээ гараад ажилгүй болох болов уу гэсэн чинь ажилд орох тушаалыг чинь гаргасан гэсэн. Хэдэн жил ч гэсэн зүгээр суулгүй ажиллаж л байвал сайхан юм даа" хэмээн Н.Чулуунбат ярьсан юм.

Хүүхдийн парк онцгой байгууллага. Тэр утгаараа олны хөл хөдөлгөөн ихтэй. Хамгийн хөдөлгөөн багатай хэсэг нь Түмэн эх чуулгын байр аж. Улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг ч урин дулааны цагт ачаалал ихтэй, хүний хөл тасардаггүй газар.

Тэрбээр "Би хөдөөний хүн болохоор анх хүүхдийн парк ямар байсныг мэдэхгүй. Тоглоом нь таранга хол хол зайтай байсныг муухан мэднэ. Анх гэр бүл болоод хүүхдүүдээ бага байхад хамт Хүүхдийн парк орж байсан. Тэгэхэд их л том талбайтай, сонирхолтой санагдаж байсан" тухай дурслаа.

ХҮҮХДИЙН ПАРК ОНЦГОЙ БАЙГУУЛЛАГА

"Би ажил дээрээ шугамын радио сонсоно. Голчлон мэдээ сонсдог юм даа. Хажуугаар нь сайхан дуу хуур сонсоно оо. Өнөө өглөө тэгсэн радио сонсч байсан чинь ОХУ-д төрийн албан хаагчдаа гадаад руу дүрвэхээс сэргийлж паспортыг хураан авч багаа талаар ярьж байна. Монгол мэдээ гэвэл цаг агаарын мэдээ сонслоо. Ойрын өдрүүдэд нойтон цас орж хүйтрэх төлөвтэй гэнэ" хэмээн Н.Чулуунбат сонин сайхнаас хуваалцаад амжив.

Тэрбээр "Би ном, сонин их уншина. Хүүхэд байхын ном их уншдаг байсан. Тэр дадал зуршлаа одооч гээхгүй л уншина шүү. Өнөөдөр харин номоо гэртээ үлдээчихжээ. Саяхан Майнд Рэндийн “Эрлийз хүүхэн” романыг уншиж дууссан. Бас сэтгүүлч, зохиолч Б.Сарантуяагийн монгол хатдын тухай романуудыг уншлаа. Дээр үеийн номнуудаас уншаагүй ном их ховор. Заримынх нь нэрийг мартжээ. Б.Ренчин гуайн “Үүрийн цолмон”, “Заан залуудай”-гаас эхлүүлээд бүгдийг л уншиж явлаа. Одоо тэр номнууд ч гадуур харагдахаа байж дээ" гэв.

Н.Чулуунбат ажил амьдралынхаа гарааг хүүхдийн байгууллагаас эхэлж, олон жил ажилласан. Сумандаа хүүхдийн цэцэрлэгийн няраваас эхлээд эмнэлэг, сургууль, эмнэлэгээс авхуулаад ажилласан байна.

Тэрбээр одоо есөн ач, зээтэй. Тэдний хоёр нь охин, долоо нь хүү. Үр хүүхэддээ зааж сургасан зүйлээ үр, ачдаа заан сургаж яваа жирийн нэгэн өвөө. Н.Чулуунбат "Сүүлийн үед нийгэм хөгжөөд юм юм сайхан болжээ. Манийн үетэй ярилтгүй. Хүүхдүүддээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тал дээр нэлээн анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг. Одоогийн хүүхдүүд дэлгэц их ширтэж байна.

Бараг дэвтэр дээрээ биш утсаараа л хичээл хийдэг болсон байна. Дэлгэцнээс хөндийрүүлж, биеийг нь хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог. Ер нь гэр бүлийн зөв хүмүүжил нийгмийн төлөвшлийг бий болгодог. Хүүхдийг эрхлүүлэхдээ гол биш зөв хүмүүжүүлж өсгөх ёстой. Тэрийг ч үр хүүхдүүддээ захиж хэлдэг" тухайгаа ярьсан юм.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж