Тайландад цацраг идэвхт цилиндр алдагджээ

Хуучирсан мэдээ: 2023.03.17-нд нийтлэгдсэн

Тайландад цацраг идэвхт цилиндр алдагджээ

Тайландад цацраг идэвхт цилиндр алдагджээ

Тайландын эрх баригчид цахилгаан станцаас алдагдсан аюултай цацраг идэвхт бодис бүхий металл цилиндрийг хайж байна. Мөн энэ нь хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж болохыг олон нийтэд анхааруулав.

Австрали улс саяхан хурдны зам дагуу  жижигхэн цацраг идэвхт капсул гээсэн хэрэг гарсан. Тус капсул нь томоохон хотоос хэдэн зуун км зайд хүн амьтангүй алслагдмал бүсэд алга болсон. Гэтэл Тайландын цилиндр хүн ам ихтэй газарт алга болжээ. Тодруулбал, Тайландын Прачин Бури мужийн нүүрсний цахилгаан станцын ажилтнууд энэ сарын 10-нд ээлжит шалгалтын үеэр 30 см урт, 13 см өргөнтэй цилиндр алга болсон гэж мэдэгдсэн байна.

Тус муж нь бараг хагас сая хүн амтай бөгөөд Тайландын хамгийн үзэсгэлэнтэй үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүд энд байдаг. Орон нутгийн болон олон улсын жуулчдын хөл тасардаггүй Хао Яй үндэсний цэцэрлэгт хүрээлэн ч тус мужид байдаг аж.

Алдагдсан цилиндр нь Цезий-137 гэх өндөр цацраг идэвхт бодис агуулдаг бөгөөд үүнийг эрдэмтэд үхэлд хүргэж ч болзошгүй гэж үздэг. Тиймээс цилиндрийг олохын тулд эрлийн баг болон нисгэгчгүй онгоцуудыг гаргаад байна. Мөн цацраг идэвхт бодис илрүүлэх төхөөрөмж ашиглаж байгааг албаны хүн хэллээ. Тайландын цагдаа нар ч эрлийн ажиллагаанд оролцож байна.

Цилиндрийг хоёрдугаар сараас хойш сураггүй болсон гэж үзэж байгаа ч Үндэсний тавдугаар цахилгаан станц компани өнгөрсөн Баасан гаригт л албан ёсоор мэдээлжээ.

Цезий-137-ийн нөлөөлөлд өртсөн тохиолдолд арьсны түлэгдэлт, цацрагийн өвчин, хорт хавдар үүсгэх эрсдэлтэй. Тус бодисын хагас задралын хугацаа нь 30 орчим жил байдаг учир олдохгүй удвал олон 10 жилийн туршид хүн амд аюул учруулж болзошгүй гэсэн үг юм.

Тайландад ийм зүйл анх удаа болж байгаа юм биш. Конгрессын судалгааны албаны тайланд дурдсанаар 2000 онд өөр нэг цацраг идэвхт изотоп болох кобальт-60 агуулсан канистрыг хогийн сав руу аваачиж, задалсан хэрэг гарч байжээ. Үүнээс болж хэд хэдэн хүн түлэгдэлттэй төстэй гэмтэл авснаар эцэст нь гурван хүн нас барж байв. Ойролцоох 2000 орчим хүн цацрагт хордсон гэх мэдээлэл байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж