УИХ-ын хаврын чуулганаар удахгүй яллагдагчаар татагдсан гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудал орж ирэх байна. Тиймээс УИХ-ын гишүүдээс гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зөв эсэх талаар байр суурийг сонслоо.
УИХ-ын гишүүн Ж.БАТСУУРЬ:
-Авлигатай тэмцэх нь зөв. Гэхдээ нөхцөл байдал улс төр тал руу яваад байна. Жишээ нь эрх баригчид 2016 оноос хойш долоон жил ажиллаа. Бүх эрх мэдэл нь тэдэнд бий. Гэтэл энэ хугацаанд авлигын хэргийг шуурхай шалгахгүй юу хийж байсан юм бэ. Нүүрсний хулгайг ярихаар ихэнх нь МАН-ын гишүүд байна. Эдгээр хүмүүсийн нэрс яригдахад хоёр хар хэрээний нэгээр буюу АН-аас хүн “наах” гээд байгаад нь дургүйцсэн. Түүнээс биш авлигатай тэмцэх нь зөв, шалгах нь зөв. Хөгжлийн банкны хэрэгт МАН-ын гишүүд сайд, дарга нар холбогдсон. Нүүрсний хулгайн зохион байгуулалттай хийсэн нь илт харагдаж байна. МАН-ын гишүүд бүгдээрээ хэрэгт холбогдчихоод “Айсан хүнд аргал хөдөлнө” гэдэг шиг заавал АН-д муу нэр наах гэж байгаа юм шиг хөөрхий А.Адъяасүрэн гишүүнийг “татаж” байна. Тиймээс улс төржихгүйгээр хэлмэгдүүлэхгүй байдлаар хандах ёстой.
Ер нь парламентын дархлааг алдагдуулах зорилгоор ялих, ялихгүй асуудлаар “сугалаад” байж болохгүй. Энэ нь тусгаар тогтнолтой холбоотой асуудал.
УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР:
-Хуультай шүү дээ. Хуулийнхаа дагуу явах ёстой. Хоёр гишүүн өөрийн хүсэлтээ гаргаж, нэмээд гурван гишүүний асуудал яригдаж байна. Уржигдар АТГ-аас прокурорт асуудлыг тавьсан байгаа гэж мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар орж ирсэн санал алга байна. Орж ирсэн үед нь шийдэгдээд явна. Хэрвээ прокуророос санал орж ирлээ гэхэд УИХ-ын гишүүдийн нууц санал хураалтаар шийддэг. Тэр нь хууль журмын дагуу явагдана. Түүнчлэн Монголд ухамсрын доройтол, сахилга ёс зүйн асуудал хүнд түвшинд байна. Ялангуяа дээд шатандаа байгаа гэж иргэд харж байна. Шатыг дээрээс нь цэвэрлэдэг гэдэг шиг УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрмийг тогтоолоор баталсан. Цаашид зөвхөн төрийн өндөр албан тушаалтан гэлтгүй сахилга хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр Төрийн албаны ёс зүй сахилга хариуцлагыг дээшлүүлэх хуулийн төсөл өргөн барьсан. Удахгүй энэ чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж, эрдэмтэн судлаач, иргэдийн саналыг сонсоно.
УИХ-ын гишүүн Т.ДОРХЖХАНД:
-Миний байр суурь өмнөхтэйгөө ижил. Нэгдүгээрт, гишүүдийн асуудлыг оруулж ирэх нь зүйтэй. Оруулж ирсэн тохиолдолд иргэдийнхээ өмнө нээлттэй хэлэлцэх нь зүйтэй. Хоёрдугаарт, парламентын дархлааг хангах үүднээс гишүүдийг түдгэлзүүлэхгүй байх хэрэгтэй гэдэг хандлага байх шиг байна лээ. Бодит байдалд парламент хулгайд холбогдсон нөхдүүдийг авч үлдээд байгаа болохоор иргэд нь парламентад итгэхгүй байна. Иргэд парламентад итгэхгүй байна гэдэг нь парламентын дархлааг эвдээд байгаа гэсэн үг. Парламентын гишүүд ямар нэгэн томоохон хэрэгт холбогдлоо гээд шалгуулах хэрэгтэй. Шалгуулаад шүүхээр үнэн мөнийг эцсийн байдлаар тогтоолгох процесст гишүүний дархан эрх байх уу үгүй юу гэдэг л асуудал.
Гишүүдийн хувьд эрх зориг гаргаад эрхээсээ татгалзъя, шалгуулъя гэсэн байдлаар жишиг тогтоох хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Д.ТОГТОХСҮРЭН:
-Манай намын дүрэмд өөрчлөлт орсон. Энэ дүрмийн дагуу шалгагдаад яллагдагчаар татагдсан тохиолдолд намын гишүүнээс түдгэлзэх зүйл байгаа юм. Дүрмийнхээ дагуу өөрөө өргөдлөө өгөх ёстой. Хэрвээ өргөдлөө өгөхгүй бол дүрмийн дагуу 30 билүү 60 хоногийн дараа Хяналтын хороо шийдвэрлэх ёстой. Харин УИХ энэ асуудалд нухацтай хандах ёстой. УИХ-ын хуулийн дагуу явдаг процесстой. Эхлээд Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцдэг. Тус хорооны таван гишүүн мөрдөн байцаах процесстой танилцах эрхтэй. Тэд бол ямар шалтгаанаар түдгэлзүүлэхийг ярьдаг гол хүмүүс. Ингэхдээ, эхлээд мэдээллээ аваад, уулзаж ярилцаад шийдвэрээ гаргадаг. Уг шийдвэрийн дараа УИХ, байнгын хороо, нэгдсэн чуулганаар ордог.