"Хар нүдэн бүсгүй" сортолзсон сайхан бүсгүй байсан"

Хуучирсан мэдээ: 2023.03.18-нд нийтлэгдсэн

"Хар нүдэн бүсгүй" сортолзсон сайхан бүсгүй байсан"

"Хар нүдэн бүсгүй" сортолзсон сайхан бүсгүй байсан"

“Хилийн заставын хар нүдэн бүсгүй
Хээр талын хээнцэрхэн сарнай
Хэний ч хүүгийн хайрыг булаасан
Хэнзхэн соёолох ганган сарнай”…

Одоогоос 37 жилийн өмнө энэ дуу төрж байжээ. Хилийн застав дээр, хар нүдэн бүсгүй амьдарч байх үед.  Хорин хэдэн настай хонгор зүстэй, хээр талын хээнцэрхэн сарнай шиг явсан хилийн заставын анир гүмхэн өдрүүд. Нэг өдөр Сулинхээрийн застав дээр хотоос гийчид очжээ. Яруу найрагч Ш.Дулмаа, Цэргийн ансамблийн хөгжмийн удирдаач, гавьяат Д.Бадарч, хөгжмийн зохиолч Л.Магсаржав, “морины” хэмээн алдаршсан гавьяат дуучин Г.Батбаяр, н.Амгалан нарын уран бүтээлч хилийн цэргүүдэд урам өгч, уран бүтээлийн мялаалга өргөхөөр буугаад, мордож. Тэднийг оройн хоол зооглох үед хөөрхөн алаг нүдтэй бүсгүй үйлчилсэн нь дууны эзэн. Эр нөхрөө дагаж, эх орныхоо хилийг манаж яваа бүсгүй зочдын анхаарлыг ч татаж. Ингээд хаан найргийн хатан ахайтан маргааш өглөө нь

“…Зүүдэнд гийх наран байгаарай
Зүрхэнд гэрэлтэх саран байгаарай…” хэмээх бадгаа бичсэн гэдэг. Тэрбээр “Зүрхний наран” хэмээх шүлгээ хөгжмийн зохиолч Л.Магсаржавт үзүүлснээр "Хар нүдэн бүсгүй" олны хүртээл болжээ. Одоо тэр дууг монголчууд андахгүй.

Хилийн заставын хар нүдэн бүсгүйг Хүрэнбандийн Эгиймаа гэдэг. Хачин гоё хар нүдтэй, энхрийхэн нэртэй энэ бүсгүй Дорноговь аймгийн Сулинхээрийн хилийн заставын дарга Дамдины Энхжаргалтай танилцаж, таван хүүхдийн ээж болжээ. Эр цэргийн баярын өдрөөр тэрбээр дөчөөд жилийн өмнө залуу насыг нь дуу болгон мөнхөлсөн хатан авхайд хүндэтгэл үзүүлэхийг хүссэн байна. Тэд эгч дүүс шиг уулзаж, эртний сайхан дурсамжаа хуваалцсан юм.

 Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Ш.Дулмаа ахайтанд хүндэтгэл үзүүлэхээр явах зуураа  "Хилийн заставын хар нүдэн бүсгүй"-тэй багахан хуучлав. 


-Хөөрхөн, залуухан бүсгүй яагаад хилийн застав дээр амьдрахаар зориглов?

-Эмэгтэй хүн цагаан зээр хоёр нутаггүй гэдэг шүү дээ. Хань ижлээ дагаад хил рүү явсан. Тэнд миний залуу нас, хамгийн сайхан дурсамжууд минь бий. Монгол Улсын их сургуулиа төгсөөд, 1984 онд Дорноговь аймгийн Сулинхээрийн отрядад нөхрөө дагаад очсон юм. Намайг хилийн хоёрдугаар заставт очиход нэг ч эмэгтэй хүн байгаагүй. Дан эрчүүд байсан даа. Сулинхээрийн тавдугаар заставт хань минь заставын даргаар ажиллаж байхад Монголын зохиолчдын эвлэлээс Ш.Дулмаа, хөгжмийн зохиолч Л.Магсаржав, “морины” Г.Батбаяр нар манай заставт ирж байлаа. Ирсэн зочдод заставаараа санаа тавина, үйлчилнэ. Эгч нь багш мэргэжилтэй. Харамсалтай нь, хилийн застав дээр сургууль байхгүй. Заставт ариун цэврийн зааварлагч, зочид буудлын эзэн, угаагч, саальчин, үйлчлэгч гээд бүх л ажлыг хар бор гэж гололгүй хийдэг байлаа.

-Дууны эзэн болсоноо яаж мэдэв?

-Нэг өдөр хотоос баахан зочид ирлээ. Яруу найрагчид, хөгжмийн зохиолч дуучид манай застав дээр зочилсон. Тэдэнд сайхан борцтой цай чанаж өгсөн чинь Ш.Дулмаа гуай надаас “Аль нутгийн хүүхэд вэ?” гэж асуудаг юм байна. Би ч хотын гоё эгч, том найрагч хүн намайг тоосонд баярлаад, “Дундговь аймгийн Эрдэнэдалай сумынх” гэсэн чинь “Бид дөрөв, таван хилийн заставаар яваад ирлээ. Ямар ч эмэгтэй хүний бараа харагдсангүй. Ийм хөөрхөн охин энд ингээд байж байдаг” гээд надаас ямар сургууль төгссөн, заставт хэзээ ирсэн тухай баахан байцаав. Тэгж бид сайхан танилцаж байв. Хилийн заставт намайг хараад Ш.Дулмаа ахайтан шүлэг зохиож, хөгжмийн зохиолч Л.Магсаржав ах аяыг нь хийгээд, анх хилийн цэргийн наймдугаар заставт “морины” Г.Батбаяр дуулсан түүхтэй.

-Дөчин жилийн дараа та Ш.Дулмаа найрагчтай уулзах гэж байна. Хэр их догдолж байна вэ?

-Хачин их догдолж байна. Залуу насны дурсамжууд маань хөврөх шиг. Ш.Дулмаа гуайтай уулзах юмсан гэж бодсоор явсан. 2000-аад оны үед Сэлэнгэ аймгийн заставт байхад “Хилийн заставын хар нүдэн бүсгүй” дууны үүх, түүхийг дурсан, хань маань Ш.Дулмаа гуайн утасны дугаарыг олж, уулзуулахаар хөөцөлдөөд бүтээгүй юм. Ер уулзах юмсан гэж бодсоор л явсан.

Сүүлд хөгжмийн зохиолч Л.Магсаржавын тоглолтын үеэр Ш.Дулмаа гуайтай уулзах гэсэн боловч  бие нь тавгүй байгаа гээд уулзаж чадаагүй.

-Та залуудаа дүрлэгэр хар нүдтэ,й ёстой л хээрийн сарнай шиг бүсгүй байжээ?

-Баярлалаа, бүсгүй хүн болгонд л хээнцэр сарнай явсан үе байдаг байх. Эгч нь Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрж, өссөн. Сумын 80 жилийн ойн номонд “Эрдэнэдалай сумын сайхан бүсгүй” гээд зургийг минь тавьчихсан байдаг юм. Зуны ажлаар очсон залуус барааг нь хараад гүйлддэг байсан тухай бичсэн байдаг. Удахгүй сумын маань 100 жилийн ой болох гэж байна.

-Хань нь насаараа хилийн байгууллагад ажилласан, бас их урлагийн авьяастай сайхан хүн байсан гэдэг. Ханийнхаа тухай дурсахгүй юу?

-Манай нөхөр хилийн цэргийн дэд хурандаа цолтой хүн байсан. Насаараа эх орныхоо хилийг хамгаалж, гавьяаныхаа амралтыг авсан. Өнгөрсөн 2021 онд бурхан болсон. Аавынхаа үйл хэргийг хүүхдүүд нь үргэлжлүүлж, хил хамгаалах байгууллагад ажиллаж байна.

Том хүү маань Сэлэнгэ аймгийн 0243 дугаар ангид ахмад цолтой ажиллаж байна. Хоёр дахь хүү маань хилийн цэргийн ахлах ахлагч хийж байгаад Швед улсад ажиллаж, амьдарч буй. Манайх дөрвөн хүү, ганц охинтой.

-Таныг өнөр гэр бүлд өссөн тухай сонссон. Эхээс хэдүүлээ вэ? 

-Би чинь айлын хамгийн том хүүхэд бөгөөд доороо 10 сайхан дүүтэй хүн дээ. Зургаан хүү, таван охинтой айл. Бүгд сайн сайхан амьдарч, ажил төрлөө хийж байна. Дөрвөн дүү маань АНУ-д ажиллаж амьдарч байна. Аав маань малын эмч мэргэжилтэй, нутаг усандаа Бандгай гэж нэртэй мундаг хүн байлаа. Ээж минь эм найруулагч хүн байсан.

-Таныг Сэлэнгэ аймагт багш мэргэжлээрээ ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан гэж дуулсан?

1993 онд хүүхдүүд маань том болж, хичээл сургууль бараадъя гээд бид хоёр Сэлэнгэ аймагт очсон. Миний хань тэнд 101 нэгдүгээр ангийн шалган нэвтрүүлэх боомтын ээлжийн даргаар ажилд орсон.

Эгч нь Г.Бумцэндийн нэрэмжит Нэгдүгээр арван жилийн сургуульд бага ангийн багшийнхаа мэргэжлээр ажиллаж, тэндээсээ тэтгэвэрт гарсан.

-Сүүлд “Хар нүдэн бүсгүй” дууг анх удаа дүрсжүүлэхэд танаас зөвшөөрөл авч, өөр бүсгүй клипэд нь тоглосон гэдэг?

-Нэг жил 243 дугаар ангийн дарга гэж хүн ирээд “Хар нүдэн бүсгүй” дууны клип хийх гэсэн юм “Та өөрөө тоглох уу” гэсэн. Би дууны клипэд тоглохгүйгээ хэлсэн. Хилийн цэргийн дуучин н.Лувсанням тэр дууг дуулж, клипжүүлж, хил хамгаалах байгууллагын ажилтан н.Цогзолмаа гэх бүсгүй надаас зөвшөөрөл авч тоглосон байдаг. Сэлэнгэ аймагт намайг анх тэгж мэдэж, бөөн юм болж байлаа. Жил болгон багш нарын баяраар хуралдаж, цэргийн үлээвэр хөгжимтэй надад шагнал гардуулж өгдөг байсан. Одоо ч бүх шагнал нь бий. Хэдэн хүүхдүүд маань Сэлэнгэ аймгийн нэгдүгээр арван жилийн сургууль төгсч, би тэнд бага ангийн багшаар ажилласаар байгаад тэтгэвэртээ гарсан. Сургуулийн хамт олон маань Хөдөлмөрийн хүндэт медаль, Боловсролын тэргүүний ажилтан гээд олон сайхан цол тэмдгээр шагнасан.

-Сулинхээрийн отрядад сүүлд хэзээ очив?

-Ер нь 1993 оноос хойш очиж чадаагүй. Өнгөрсөн 2020 оны намар Сулинхээрийн отрядын түүхт 80 жилийн ой тохиосон. Би ойн арга хэмжээнд очиж чадаагүй. Өөрсдийн хандиваа өгч, найз нөхөд маань зураг хөргөө явуулсан. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын төвд 0168 дугаар анги гэж байсан. Тэнд тавдугаар заставт ажиллаж, заставаас заставын хооронд л амьдардаг байлаа. Нэг жил болоод өөр застав руу нүүнэ. Сүүлдээ нүүсээр байгаад бүр сурчихдаг юм. Ямар сайндаа “Сурлагагүй хэдэн хүүхэд, хэдэн чемодантай ямар ч өмч хөрөнгөгүй хүмүүс хилийн заставт ажилладаг” гэж хошин яриа гарах вэ дээ. Сайхан залуу насаа дурсаад, маш сайхан байна.

-Хилчин хүний амьдрал ахуйн тухай ярьж өгөөч. Таныг залуу байхад одоогийнх шиг юм хөгжсөн байгаагүй шүү дээ?

Тийм ээ. Монгол, Хятадын харилцаа 1980-аад онд сайн хөгжөөгүй, таатай биш байлаа. Ер нь хилчид хүнд нөхцөлд ажиллаж, амьдарч байсан даа. Отрядын төвд нэг бага сургуультай. Заставт ямар юмных нь сургууль, соёл байх вэ. Залуу насны минь хамгийн сайхан дурсамжтай цаг мөч хилийн заставт өнгөрсөн. Сүүлд гурван офицер, гурван ахлагч бүсгүйтэй болсон. Тэгээд хамтраад л хилийн манаанд явсан цэргүүдийнхээ дуртай хоолоор “Нэрэмжит хоол” гэж хийнэ. Төрсөн өдрийг нь тэмдэглэнэ. Заавал сурах 10 бүжиг гээд лааны гэрэлд их бүжиглэдэг байлаа. Олон нийтийн арга хэмжээнээс гадна орос хэлний дугуйлан ажиллуулна.

Би чинь анх хилийн заставт очоод “Хэрэггүй нөхрөө дагаж ирлээ” гэж бодож байсан ч байгаа орчиндоо дассан. Ах, дүү нар маань эргэж ирнэ.

Хань маань урлагийн авьяастай хүн байсан учраас хөгжим их тоглоно. Отрядын төвд заставаа сурталчлах ажил болохоор манай застав тэргүүн байр эзэлнэ. Би чинь дуулна, бүжиглэнэ. Уран нугарахаас бусдыг л хийдэг байлаа шүү дээ (инээв).

ХҮМҮҮС “ТЭР САЙХАН ХҮҮХЭН ЧИНЬ ХААНА БАЙНА ВЭ” ГЭЖ ИХ АСУУНА

Өдгөө 90 насыг давсан эрхэм яруу найрагч маань ирсэн зочдоо хүндэтгэн ягаан торгон дээлээ өмч, уруулаа үзмэн ягаан өнгөөр будсан байв. 


-Таны дууны эзэн “Хар нүдэн бүсгүй”-г дагуулаад ирлээ.

Ш.Дулмаа: Тийм ээ. Энэ хүн чинь залуудаа ёстой сортолзсон сайхан бүсгүй байсан даа. Одоо 40-өөд жилийн дараа бидний уулзалт сайхан болж байна. Сэтгэл сайхантай эмэгтэй юм.

-Одоо ч тэр сайхан хар нүд нь хэвээрээ байгаа биз дээ?

Ш.Дулмаа: Сайхан нүдтэй, сайхан охин байсан. Их залуу байж. “Хилийн заставын хар нүдэн бүсгүй” дууг бүтээсэн чинь ард түмэнд их таалагдсан юм билээ. Хүмүүс “Тэр сайхан хүүхэн чинь хаана байна вэ” гэж надад их захидал бичнэ. Би тэнд байдаг гэж хэлж өгдөг байлаа. Тэгж л хилчдийн амьдрал ахуйгаас ургаж гарсан дуу юм.

-Энэ дуу анх “Зүрхний наран” нэртэй байсан гэдэг?

Ш.Дулмаа: Би өөрчилсөн юм. Ер нь дуу бичүүлэхэд янз бүр байдаг юм. Яг бичүүлэхээр сэтгэлд таарахаа байчихдаг. Тийм учраас зохиолч хүн юмаа өөрчилж, сэтгэлдээ тааруулна. Тэр ёсоор л дууныхаа нэрийг өөрчилсөн хэрэг. Тэрнээс биш хэн нэгэн санал тавиагүй ээ.

Анх энэ дууг “Морины” Г.Батбаяр дуулсан. Тэрнээс хойш маш олон уран бүтээлч дуулсан байдаг. Сүүлдээ энд тэндээхийн хөдөөний соёлын ордныхон хүртэл дуулдаг шүү дээ.

Х.Эгиймаа:  Энэ дуу зөвхөн надад зориулсан дуу биш. Эх орныхоо дархан хилийг хамгаалж, эр нөхрөө дагаж яваа мянга мянган хилчин бүсгүйчүүд зориулсан дуу гэж бодож явдаг. Тандаа маш их талархаж явдаг гэдгээ хэлье. Би тухайн үед 25 настай байсан бол одоо би 65 нас хүрсэн байна. Залуу насыг минь дуунд мөнхөлсөнд баярлаж, талархаж явдаг.

Ш.Дулмаа: Дуу гэдэг өөр өөрийгөө аваад явчихдаг юм. Олны сэтгэлд хүрсэн дуу аяндаа дэлгэрч, түгдэг. Зарим дуу их сайхан ая, үгтэй мөртлөө төдийлөн хүнд хүрэхгүй тохиолдол бий. Би ч олон дууны шүлэг бичиж, олон уран бүтээлчтэй харьцаж байсан хүн. Сайн муу, сайхан муухай янз бүр л байдаг. Дууныхаа ая үгээс хамаарна. Ердөө анхаарахгүй дуу гэнэтхэн ард түмний сэтгэлд хүрч, аманд нь аялагдах тохиолдол ч байдаг.

Дуу гэдэг зүйл зохиолчоо баярлуулахаас гадна дуулж, сонсч байгаа хүмүүсээ баярлуулдаг юм. Одоо хүртэл энэ дууг ард түмэн дуулж байна. Намайг хил дээр очихоор байнга дуулна. Цаадуул чинь бэлтгэчихдэг юм уу яадаг юм, байнга дуулна. Би цэргийн тухай дуу, шүлэг, тэмдэглэл, найруулал зөндөө бичсэн. Цэргийнхэн намайг андахгүй.

Ийн одоогоос дөчөөд жилийн өмнө Дорнод аймгийн Сулинхээрийн заставт анх учирч байсан яруу найрагч, офицерын гэргий хоёр маань дууныхаа тухай яриа өрнүүлж, бие биедээ талархсан сэтгэгдлээ илэрхийлсэн юм. 

Гэрэл зургийг: Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН, Г.МӨНГӨНСИБИРЬ
Эвлүүлэгч: Д.УУГАНБАЯР
Сэтгүүлч: Н.УЯНГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
78
ЗөвЗөв
7
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж