Азийн улс төрд "мөс зүсэгч"

Хуучирсан мэдээ: 2023.03.17-нд нийтлэгдсэн

Азийн улс төрд "мөс зүсэгч"

Азийн улс төрд "мөс зүсэгч"
FILE PHOTO: A police officer stands guard near Japan and South Korea national flags at hotel, where South Korean embassy in Japan is holding the reception to mark the 50th anniversary of normalisation of ties between Seoul and Tokyo, in Tokyo June 22, 2015. REUTERS/Toru Hanai

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч, Японы ерөнхий сайд нар өчигдөр Токио хотноо албан ёсны хэлэлцээ хийсэн нь хоёр орны харилцаанд "шинэ хуудас" нээснийг шинжээчид онцолж байна. Хөх ордны тэргүүн Юн Сук Ёол дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахын тулд асар их эсэргүүцэлтэй нүүр тулсан. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч сүүлийн 12 жилийн хугацаанд анх удаа Токиод уригдаж, албан ёсны хэлэлцээ хийсэн нь энэ. Түүхийн олон маргаантай асуудлаас болж хөрш орнуудын харилцаа тогтворгүй, заримдаа бүр дайсагнасан шинжтэй явж ирсэн. 1910 оноос дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл хүртэл Солонгосын хойг нь Японы колоничлолд байсан. Энэхүү 30 гаруй жилийн хугацаанд солонгос эмэгтэйчүүд бэлгийн мөлжлөгт өртөж, олон зуун мянган хүн уурхай болон хүнд үйлдвэрүүдэд албадан хөдөлмөр эрхэлсэн нь тэдний сэтгэлд өнөөдрийг хүртэл арилаагүй гомдол, үзэн ядалтыг үлдээсэн юм. 

 Хэдийгээр олон жил өнгөрсөн ч солонгосчууд энэ хэргийг мартаагүй, япончуудыг уучлаагүй. Гэтэл ард түмнийхээ дургүйцлийг сөрөн Хөх ордны тэргүүн Японтой харилцаагаа сайжруулах алхмыг хийсэн нь Азийн улс төрд "мөс зүссэн" үйл явдал боллоо. Бэлгийн мөлжлөг, албадан хөдөлмөр эрхлэлттэй холбоотой Японоос нөхөн олговор шаардаж буй ард түмний гомдлыг ерөнхийлөгч Юн Сук Ёл хэрэгсэхгүй болгож, шаардлагатай бол Сөүлийн засгийн газраас нөхөн төлбөр өгөхөө мэдэгдсэн. Ингэснээр Зүүн Хойд Азийн хүчирхэг хоёр гүрэн аюулгүй байдлын төлөө хамтарч ажиллах боломжийг нээж өглөө.

ӨМНӨД СОЛОНГОСЫГ БҮС НУТГИЙН ГОЛ ТОГЛОГЧ БОЛГОНО

Сөрөг хүчнээс Юн Сук Ёлын үйлдлийг "түүхийн аугаа гутамшиг" гэж нэрлэсэн ч олон улсын дипломатууд түүнийг шагшин магтаж байна. Гадаад бодлого, харилцааны ямар ч туршлагагүй Юн Сук Ёлын хувьд Токиод хийж буй айлчлал нь "зоригтой, ухаалаг үйлдэл" гэж шагшигдаж байна. Тэрбээр өнгөрсөн жил Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болохоосоо өмнө хуульчаар ажиллаж байсан. Тэрээр ерөнхийлөгч болсноосоо хойш энэ тасарсан харилцаагаа засахыг гадаад бодлогынхоо тулгын чулуу болгосон. Цөмийн зэвсгээр өдөр бүр сүрдүүлдэг Хойд Солонгос улам аюултай болж буй энэ үед Сөүл тагнуулын мэдээллээ Токиотой солилцож, цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорьж байна. Мөн Хятадтай өрсөлдөөн, сөрөлдөөнд холбоотнуудаа түшиглэх нь нэмэгдсэн АНУ-ыг аргадахыг Юн Сук Ёл хүсчээ. Түүний Японтой харилцах хандлагыг Жо Байден сайшааж, Цагаан ордонд төрийн айлчлал хийхийг нь урьсан.

Юн Сук Ёлын үйлдэл Өмнөд Солонгосыг дэлхийн тавцанд шинэ түвшинд хүргэнэ гэж харж байна. Тэрбээр гадаад бодлогоо зөвхөн Хойд Солонгосоос сэргийлэхэд анхаарах биш Энэтхэг-Номхон далайн бүсэд Сөүл гол тоглогч болох ирээдүйд зорьж байгаа аж. Тэрбээр ирэх тавдугаар сард Хирошимад болох Их-7 бүлгийн уулзалтад оролцох урилгыг Японы ерөнхий сайд Фүмио Кишидагаас авснаар даалгавар биелэгдэнэ.

Түүний шийдвэр эдийн засгийн боломжуудыг ч дагуулна. Тухайлбал, 2019 онд хоёр орны харилцаа муудсанд Японы талаас хагас дамжуулагч бүтээхэд чухал шаардлагатай химийн элементийг Өмнөд Солонгост нийлүүлэхийг хориглосон. Энэ хоригийг цуцалснаар Өмнөд Солонгос нь Хятадтай өрсөлдөн, дэлхийн хагас дамжуулагчийн хамгийн том үйлдвэрлэгч орон болоход нь маш том дэмжлэг болно.

ЯПОНЫ ХУВЬД Ч СТРАТЕГИЙН ЯЛАЛТ

Олны анхаарал татсан хоёр орны дээд хэмжээний уулзалтын үеэр олон тооны яриа хэлэлцээ хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, Япон, Өмнөд Солонгосын гадаад харилцаа болон батлан хамгаалахын сайд нар аюулгүй байдлын асуудлаар хэлэлцэнэ. Хятад улсаас ардчилсан арал Тайвань руу цэргийн хүчээр дайрахаас Японы эрх баригчид үргэлж болгоомжилсоор ирсэн. Мөн Украин-Оросын хооронд дайн гарснаар Бээжин, Москвагийн харилцаа улам ойртсонд санаа зовниж байгаа.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бэхэжсэнээр хоёуланд нь ашигтай. Гэхдээ Японы хувьд стратеги, дипломат ашигтай гэж ажиглагчид дүгнэж байна. Япон нь Их-7 бүлгийн уулзалтыг ирэх тавдугаар сард Хирошимад зохион байгуулахаар бэлтгэж байгаа бөгөөд энэ удаагийн чуулган ихээхэн анхаарал татаж буй. Их-7 бүлгийн чуулганаар Хойд Солонгос, Хятадын аюул, заналхийлэл хэлэлцэх асуудлын дээгүүрт бичигдэх нь тодорхой. Тиймээс Сөүл, Токиогийн аюулгүй байдлын нягт харилцаа нь дээрх асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн саналуудыг тавьж, хэлэлцүүлэхэд дэмжлэг болно. Мөн энэ нь Токиогийн гол холбоотон, супер гүрэн АНУ-г түшиглэсэн харилцааг батжуулахад чухал ач холбогдолтой.

Хөдөлмөрийн мөлжлөгийн асуудлаас болж хоёр орны харилцаа 2019 онд муудсанаас хойш Хөх ордны тэргүүн Японд анх удаа айлчилж байна. Тухайн жил хоёр орны тэргүүн нар Их-20 бүлгийн чуулганаар хальт уулзсан ч дорвитой хэлэлцээ хийгээгүй.

Токио дахь айлчлалынхаа үеэр Юн Сук Ёл өөрийн дуртай омурайс хоолыг алдартай Ренгатей ресторанд зооглоно гэж Японы " Yomiuri" сонинд мэдээлжээ. Улмаар Японы хэвлэлүүд Юн Сук Ёлын айлчлалыг "омурайс дипломат ажиллагаа" гэж нэрлэж байна.  

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж