Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2023.03.16/ гадаадын хөрөнгө оруулагчдын эрх зүйн байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдөр БНСУ-ын “Хюндай” эмнэлгийн төлөөлөлтэй уулзлаа. Монгол Улсад хөрөнгө оруулалт оруулж, хамтарч байсан нөхдүүд нь хөрөнгө оруулалтыг гэрээгээр луйвардаж завшсан хэрэг гарсан. Энэ хэрэг Баянгол дүүргийн шүүхэд шийдэгдэх шатандаа явж байгаа юм байна. Энэ мэтчилэн хууль шүүхийн байгууллага хуулиа барьж, нөгөө талдаа Монгол Улсын нэр хүндийг өөд татаж, шударга ёсны шийдвэрийг хурдан гаргах нь чухал байна.
Макс Жонсонтой холбоотой асуудал Чингэлтэй дүүргийн шүүхээс мөрдөн байцаалтад буцсан. Удахгүй уг хэрэг шүүхээр шийдвэрлэгдэнэ.
Урд хөршийн хөрөнгө оруулагчдыг хохироосон асуудлууд шүүх рүү шилжих шатанд явж байгаа. Бид хэдхэн хоногийн өмнө Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Гаднын хөрөнгө оруулалтыг зарим нь буруугаар ойлгодог. Тэгвэл, Оюутолгойн тогтвортой олборлолт хийгдсэнээр 2025 онд борлуулалт 6.3 тэрбум ам.доллараас дээш хэмжээнд очно гэсэн тооцоолол байна. 2028 онд Оюутолгойн борлуулалт есөн тэрбум руу дөхнө. Энэ жил УИХ-д гаднын хөрөнгө оруулагчдыг хамгаалах хуулийн төслийг өргөн барина. Дээр нь эдийн засгийг солонгуула хуулийн төслүүд өргөн барьсныг та бүхэн мэдэж байгаа байх. Нөгөө талдаа Төрийн болон орон нутгийн компанийн өмчийн тухай хуулийг өргөн барина. Монголын төр ямар бизнес хийх вэ гэдгээ урьдчилж, гаднын болон дотоодын хөрөнгө оруулагчдадаа тав, таван жилээр ойлгуулна. Монголын төр ийм бизнес хийнэ, үүнээс бусдыг нь хувийн хэвшил хийж болно гэдэг тоглоомын дүрмээ бид тодорхой болгоно. Дампуурлын хууль буюу төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийг гаднын байгууллагууд шинэчлэх шаардлага тавьсан" гэв.
Холбоотой мэдээ