Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ барилгын бизнес эрхэлдэг кекүшюзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нарт Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт газар олгосон тухай дуулиан дэгдэж, энэхүү асуудалд салбарын сайд өнөөдөр /2023.03.16/ тайлбар хийсэн. Энэ үеэрээ сайд Б.Бат-Эрдэнэ “Горхи-Тэрэлж дээр 48 уугуул иргэнд газар олгосон. Үүн дотор Д.Батбаяр, Т.Баясгалан нарын нэр орсон юм байна. Өнгөрсөн 2011 оны арванхоёрдугаар сарын 23-ны А/466 тоот тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрлах эрхийн гэрчилгээг олгосон юм билээ. Бид уугуул иргэдэд газрыг олгосон. Зарим нь яамны гадна эсэргүүцэл илэрхийлж, суулт зарлаж байсан" гэдэг тайлбар хийсэн.
Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Уугуул иргэд” гэсэн хууль зүйн ойлголт Монгол Улсын хууль тогтоомжид байхгүй” хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хууль зөрчсөн нь тодорхой боллоо гэдэг бас нэгэн дуулианыг араасаа дагуулж эхэллээ.
Засгийн газрын хуралдаанаас өчигдөр /2023.03.15/ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн хүсэлтээр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг чөлөөлсөн. Чөлөөлөгдөх энэхүү операцитай зэрэгцэн “сайд Б.Бат-Эрдэнэ дуучин Д.Болд тэргүүтэй 50 шахам хүнд газар бэлэглэсэн. “Шахааных нь хүмүүсийг яаманд ажилд аваагүйн төлөө Төрийн нарийн бичгийн дарга нь ажилгүй болж, чөлөөлөгдлөө” гэдэг мэдээлэл цацагдсан нь Засгийн газар буруу хүнээ чөлөөлсөн юм биш үү гэдэг асуудал ч хөндөхөд хүргэсэн юм.
Гэхдээ Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга өндөг шиг өөгүй хүн биш, ажилд орж байгаа хүмүүсээс мөнгө авдаг байсан” гэдэг ноцтой мэдээлэл ч сошиалд цацагдсан юм.
Ямартай ч ноёнтой тэрсэлдвэл толгойгүй гэдэг хуучны үг сайдтай тэрсэлдвэл ажилгүй болно гэдэг үгээр солигдоод байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ