Орон сууцны үнэ өссөнөөс ипотект хамрагдах иргэдийн тоо буурчээ

Хуучирсан мэдээ: 2023.03.16-нд нийтлэгдсэн

Орон сууцны үнэ өссөнөөс ипотект хамрагдах иргэдийн тоо буурчээ

Орон сууцны үнэ өссөнөөс ипотект хамрагдах иргэдийн тоо буурчээ

Засгийн газар “орлогод нийцсэн орон сууцанд иргэдээ хамруулна” гэдэг суртал ухуулгыг олонтаа хийдэг  ч энэ нь бүтэшгүй мөрөөдөл  болж хувирч байгааг ашиглалтад орж буй орон сууцны үнээс харж болно.

Тодруулбал, шинээр ашиглалтад орсон байрны үнэ байршлаасаа хамаарч 1м2 нь 3.5-8 сая төгрөгийн үнэтэй байгаа юм.  Жишээ татвал, Хан-Уул дүүрэгт ашиглалтад орсон тансаг зэрэглэлийн орон сууц  1м2 нь 7-8 сая төгрөгийн үнэтэй бол энэ оны II улиралд ашиглалтад орох орон сууцны үнэ 1м2 нь 2.2 сая төгрөгөөс эхэлж буй.

Хотын А бүсэд хамаардаг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орсон орон сууц 1м2 нь 6.5 сая төгрөгийн үнэтэй бол ашиглалтад ороогүй нь 3.3 сая төгрөгийн үнэтэй.

Орон сууц хамгийн хямд үнэтэй байдаг Сонгинохайрхан дүүрэгт ашиглалтад орсон байр 1м2 нь 3.5 сая төгрөг бол IV улиралд ашиглалтад орох нь 1м2 нь 2 сая төгрөгийн үнэтэй байгаа юм.

Ашиглалтад орсон хоёр өрөө 56 м2 байрыг 1м2-ыг нь 3.3 сая төгрөгөөр худалдан авахад нийт 188 сая төгрөг шаардлагатай болно.  Ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгон бууруулсан. Гэхдээ энэхүү ипотекийн зээлд хамрагдахын тулд зээлдэгч худалдан авах байрныхаа урьдчилгаа 30 хувийг төлөх шаардлагатай. Урьдчилгаа нь 61.6 сая төгрөг болно. Гэтэл ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн хувьд энэхүү мөнгө нь байхгүйгээс банкны шаардлага хангахгүй болж, буцсаар байна.

Монголбанкнаас гаргасан мэдээгээр 2023 оны гуравдугаар сарын 10-ны байдлаар ипотекийн  зээлд  1115 зээлдэгч хамрагджээ. Тэдэнд ипотекийн 6 хувийн хүүтэй зээл олгоход нийтдээ 115.1 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргасан юм байна.

Мөн албаны хүний тайлбараар ипотекийн зээлийн хүү буурснаас бол эрэлтийг зохиомлоор өсгөн хамрагдах иргэдийн тоог эрс бууруулжээ.  Учир нь, хүү буурснаар орон сууцны эрэлт нэмэгдэж, түүнийгээ дагаад үнэ нь нэмэгдсэн байна. Гэтэл цар тахлын нөлөөгөөр хил хаагдсанаас барилга барихад шаардагдах түүхий эдийг оруулж ирэхэд хүндрэл учирч, эргээд тээврийн зардлыг өсгөсөн нь мөн нэрмээс болжээ.

Хэдийгээр өнөөдөр Эрээнээс-Замын-Үүд боомтоор орж ирдэг ачаа тээврийн зардал буурч, 2019 оны төвшинд очсон тухай Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээлж буй ч нэгэнтээ өндөр өртөг шингэж баригдсан барилгын үнийг автоматаар шууд бууруулах боломжгүйг барилгын салбарынхан тодотгож байна. Учир нь, хүчээр дээрх аргыг хэрэглэвэл барилгын компаниуд алдагдал хүлээнэ. Иймээс зах зээлийн үнээр л зохицуулагдахаас  аргагүй болж буй.

Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн ажлаа хүлээн авсныхаа дараа барилгын үнийн өсөлтөд шалгалт хийнэ гэдгээ мэдэгдсэн.  Гэвч энэ нь орон сууцны үнийг бууруулахад бас л дорвитой дэмжлэг болохгүй. Яагаад гэвэл барихад шаардагддаг арматурын 80 хувийг Монгол Улс урд хөршөөс импортолдог.  Үнэ нь өнгөрсөн хоёр жилд 81 хувиар өссөн байна.

Цаашид барилгын үнийг зугуухан буулгая гэвэл Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпораци гэр хорооллын дахин төлөвлөлтөө эрчимжүүлэх шаардлагатай. Харамсалтай нь, энэ ажил удаашралтай явж буй аж. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн XXIII хорооны нутаг дэвсгэрт 24 га газрыг гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамруулж, 3654 айлын орон сууц барихаар төлөвлөснөөс өнгөрсөн онд 126 айлын орон сууц ашиглалтад оржээ.

Төсөл хэрэгжүүлэгчээр “Шинэ барилга” компани ажиллаж байгаа бөгөөд энэ онд мөн 120 гаруй айлын орон сууцыг ашиглалтад оруулна. Төслийн давуу тал нь гэр хорооллын иргэд газраа байраар сольж буй.Тодруулбал, , 700 ам метр газартай иргэн 70 м2 гурван өрөө орон сууцаар газраа солино. Гэтэл компанийн хүчин чадал, мөн газар чөлөөлөлт зэргээс шалтгаалж жилд ердөө 120 айлын орон сууц ашиглалтад орж байгаа нь төслийг дуустал хэрэгжүүлэхэд 30 жил шаардах болж байгаа нь зарим иргэний хувьд нас хүрэхгүй нь гэдэг гомдлыг тавихад ч хүргэж буй.

Иймээс хотын захиргаа орлогод нийцсэн орон сууцыг олноор ашиглалтад оруулахын тулд гэр хорооллын дахин төлөвлөлтөд илүү хүч хаях шаардлага тулгарч байна.

Ардчилсан нам “Буянт-Ухаа-1”, Буянт-Ухаа-2” орон сууцны төслийг богино хугацаанд хэрэгжүүлэх зорилгоор үндэсний 50 гаруй компанийг нэгэн зэрэг хөдөлгөсөн. Түүний хүчинд таван жилийн дотор 5000 айлын орон сууц Яармагийн талд сүндэрлэж, үйлдвэрийн район байсан Хан-Уул дүүрэгт өнөөдөр хамгийн үнэтэй орон сууцууд баригддаг газар болж хувираад буй.

Тиймээс орон сууцны үнийг бууруулах, иргэдээ орлогод нийцсэн орон сууцанд хамруулж, Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг богино хугацаанд шийдэх ганц зам нь гэр хорооллын дахин төлөвлөлтийг их хүчээр эхлүүлэх л шийдэл хүлээгдэж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж