Сангийн сайд Б.Жавхлангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
-Хаврын чуулган эхэлж, сонгуулийн тогтолцоо, улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулахаар ярьж байна. Та хувь гишүүний хувьд, гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх талаар ямар байр суурьтай байна вэ?
-Монгол Улс, 1990 онтой харьцуулбал хүн амын тоо хоёр дахин нэмэгдсэн. Гэвч төлөөлөх институци маань 76 хэвээрээ байгаа юм. Өөрөөр хэлбэл, бидний 10 хүнийг нэг хүн төлөөлөх үү, нэг хүн төлөөлөх үү гэдэг нь чанар ач холбогдол хүртээмжийн асуудал боллоо. Тиймээс 76 арай цөөдөж байна гэдэгт санал нийлж байна. Харин тоо нь хэд байх вэ гэдэгт хэд хэдэн тоо яригддаг. Бэлгэдлийн шинжтэй 99, 108 гэсэн тоог ярьдаг. Эсвэл ойр ойрхон өөрчлөөд байхгүйгээр 152 гэдэг тоог судлаачид ярьж байгаа. Тооны сонголтод сайн судлах ёстой. Гэхдээ, одоогийн 76-г дор хаяж зуугаас дээш болгон нэмэгдүүлэх ёстой.
-Таны хувьд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах уу?
-Ерөнхийлөгч хориг тавьсан учраас бүлэг хэлэлцэж улс төрийн шийдвэр гаргах байх. Бүлгээс ямар шийдвэр гаргах нь уу, тэр шийдвэрийг дагана даа. Миний хувьд Засгийн газрын байр суурин дээр хэвээр байгаа. Уг хуулийн төслийг өргөн барьсан ч зөв. Тиймээс УИХ-д Засгийн газрын шийдвэрийг хамгаална, тайлбарлана.
-Гадаад валютын нөөц бүрдсэн ч ам.долларын ханш буусангүй. Нөгөөтээгүүр, ам.доллар хоёр ханштай байна. Энэ талаар ямар арга хэмжээ авах вэ?
-Жилийн эцсийн гадаад валютын нөөц 3.4 тэрбум ам.доллар байна. Тэрнээс хойш экспортын хэмжээ тогтмол нэмэгдээд явж байна. Гэхдээ бид ийм богино хугацаанд сүүлийн арав гаруй жил явж ирсэн гадаад худалдааны тэнцлийн гол алдагдалд оруулаад буй нүүрсэд биет хэмжээгээр нэмэгдээд байдаг. Харин манайд орж ирдэг нь бага байна. Нүүрсний төлбөр тооцоо нь “цаад” талдаа байдаг. Ялангуяа тээврийн мөн л төлбөр тооцоо “цаад” талдаа үлдэж байна. Үүнийг бид дөнгөж энэ оны нэгдүгээр сараас эхэлж зарж эхэлж байна.
Биржээр нүүрсээ худалддаг боллоо. Энэ бол маш том реформ.
Өөрөөр хэлбэл, жилд оргил үедээ 1.5-аас хоёр тэрбум ам.долларын төлбөр тооцоо гадна талд явдаг байсныг дотор талд оруулж ирж байна гэсэн үг. Алхам, алхмаар том өөрчлөлтийг хийнэ. Уул уурхайн сайдын хэлж буйгаар эхний ээлжид нүүрсний экспортынхоо 20 хувийг биржээр явуулж эхлэх зорилго тавиад ажиллаад эхэлж байна. Өөрөөр хэлбэл, экспортын орох урсгалаа сайжруулахад онцгой хэрэгтэй. Тэгж байж бүрэн валютын нөөц, гадаад худалдаатай уялдаж, импортоо нөхөх хэмжээнд очно гэсэн үг. Хэдийгээр экспорт нэмэгдэж байгаа ч импортоо нөхөх хэмжээний валютын орох урсгал нь тэр хэмжээгээр орж ирэхгүй байна. Гэхдээ чамлахаар чанга атга гэгчээр, бид нүүрсээ биржээр худалдаалдаг боллоо. Дор хаяж хагас жилийн дотор эхний үр дүн гарах ёстой гэж. Ам.долларын ханшийн хувьд 3540 төгрөг гэсэн мэдээг авсан. Хоёр, гуравдугаар сарын хугацаанд 10-15 хувийн өөрчлөлт биш учраас төв банк хяналтдаа байлгах хэмжээнд бодлого нь байгаа гэж найдаж байна.
Холбоотой мэдээ