СОНСГОЛ: "Хоёр жилийн хугацаанд хартай авгай шиг л ажилласан"

Хуучирсан мэдээ: 2023.03.16-нд нийтлэгдсэн

LiveСОНСГОЛ: "Хоёр жилийн хугацаанд хартай авгай шиг л ажилласан"

СОНСГОЛ: "Хоёр жилийн хугацаанд хартай авгай шиг л ажилласан"

Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо  өнөөдөр /2023.03.16/ үргэлжилж байна.


 

17 : 23
2023-3-16

Нээлттэй сонсгол дөрөв дэх өдрөө болж өндөрлөлөө

Үдээс хойших хуралдаан Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд бүсийн тулгуур төв, аймаг, орон нутагт Жижиг, дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар ажлын байрыг бий болгоход 50 тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилт, Үйлдвэрлэлийг дэмжих зорилтын хүрээнд Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байр бий болгох 70 тэрбум төгрөг хүртэл төгрөгийн санхүүжилт олгосон асуудлыг авч хэлэлцлээ.Энэ үеэр ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:  Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын тушаалаар 2015 оны тавдугаар сарын 18-ны өдрийн журам шинэчлэн батласан.  Сүүлдээ зээлийг хэнд олгох вэ гэдгийг дарга шийддэг болсон. Тухайлбал,  Аж үйлдвэрийн сайд тушаал гаргаад 2015.03.02-ны 43 тоот тушаалаар мөнгийг хувиарласан нь хавсралтаас харагдаж байгаа юм. Учир нь бүх аймагт хүн амын тоогоор нь итгэлцүүр болгоод олгосон. Хөгжлийн банкны том төсөл биш эсрэгээрээ Монгол Улсын гурван сая иргэн зээл авах гэж байгаа мэт аймгийн хүн амын тоогоор нь харьцуулж зээл хувиарласан. Энэ бол улс төрийн шийдвэр байсан гэдгийг тодотгож байлаа. Ийнхүү нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь удаагийн нээлттэй сонсгол дөрөв дэх өдрөө Төрийн ордонд болж өндөрлөлөө.

15 : 19
2023-3-16

Я.Санжмятав: Хоёр жилийн хугацаанд хартай авгай шиг л ажилласан

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

ЖДҮДС-аас олгосон зээлд тухайн үеийн улс төрд нөлөө бүхий хүмүүс нөлөөлсөн үү. Эргэн төлөлтөд яагаад хяналт тавьж чадаагүй вэ. Засгийн газрын хуралдаануудад мэдээллийг хэр өгч байсан бэ?

 Я.Санжмятав:

ЖДҮДС-ийн хэмжээн дээр хязгаар тавьсан. Энэ бол 2013 оны шийдвэр. Ингэж хязгаар тавьж өгөөгүй бол нэлээд замбараагүй явчих гээд байсан. Тухайлбал, 11 тэрбум төгрөгөө томоохон хүнсний агуулах худалдаад авчихсан зүйл намайг ажил авахын өмнө гарсан шүү дээ. Үүнийг цэгцлэе  хэмээн сан дээрээ 1.5-аас доош, аймаг орон нутаг, нийслэл дээрээ хязгаар тавьж өгснөөр тодорхой хэмжээнд цэгцэндээ орсон гэж би боддог. Ер нь бол ЖДҮДС-аас авсан зээлийн эргэн төлөлт маш сайн байдаг. Учир нь зээлийн хэмжээ харьцангуй бага байдаг. Мөн янз бүрийн нөлөөлөлтэй хүмүүс бага. Нэг хоёр ажлын байраа 2,3 болгох гэсэн 10-ыгаа 30 болгох гэж мачийсан хүмүүс байдаг учраас магадгүй Хөгжлийн банкнаас авсан зээлүүд дотроос Хөдөлмөрийн яамаар дамжсан 100 тэрбум төгрөгийн төсөл байгаа бол эргээд 95 тэрбум нь төлөгдсөн байх хэмээн харж байна.

Ямар нэгэн байдлаар улс төрийн гэдэг юм уу албан тушаалтаны нөлөө байгаагүй. Би тэгж хүний нөлөөгөөр ч ажилладаг хүн биш. Тийм ч учраас надтай хамаарлтай янз бүрийн асуудал гарахгүй учраас  үүнийг бардам хэлнэ.

УИХ-ын гишүүд тойргийнхоо асуудлыг ярьдаг л байх. Тэрэнд, энэнд зээл өг гэдэг асуудлыг Я.Санжмятавынхаар шийддэг юм биш. Зээл олгох комисс хуралдаж байж шийддэг. Шийдвэрийг нь сайд баталгаажуулж, гарын үсэг зурдаг ажил явагдаж байсан.  ЖДҮДС-гийн зээл олгох комиссын гишүүдийн ямар нэгэн нөлөөнд автуулахгүйн тулд шат шатанд шалгарсан төслүүдийг хольж хольж хувиарладаг байсан. Хоёр жилийн хугацаанд би хартай авгай шиг л ажиллаж, зууралдаж байгаад салсан. Тийм сайн ч ажил биш. Бөөстэй гарчихгүй юмсан гэж хичээж ажилласан. Дороо ажиллаж байгаа хүмүүст нэлээд хяналт тавьсан. Гэхдээ завсраар нь хоёр ч төсөл орчихсон байна гэж харж байна.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Тухайн үед 888 төслийн санхүүжүүлэх ажлын хэсгийн гишүүн Сангийн яамны Санхүүгийн бодлого өрийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан н.Нямаагйн хамаарал бүхий компани "Эко-Могул импекс" компани байна гэх шинжээчийн дүгнэлт танилцууллаа. Нийт 1.6 тэрбум төгрөгийн зээл авснаас 1.5 тэрбум төгрөгийг нь бэлнээр зарлагадсан дүгнэлт танилцууллаа. Үүн дээр тайлбар өгнө үү?

н.Нямаа:

Тухайн үед "Эко-Могул импекс" компанитай ямар нэгэн холбоо байгаагүй. Тиймээс шинжээчийн дүгнэлтийг эргэж харж залруулах ёстой байх гэж бодож байна. Энэ компанийг би 2019 онд хөрөнгө оруулалт хийж нэг хувьцаа эзэмшигч нь болсон. Тухайн үед ямар үйл ажиллагаа явуулж, яаж зарцуулж байсан талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй. Энэ зээлд хамрагдснаас таван жилийн дараа хувьцаа эзэмшигч нь болсон байдаг.

14 : 15
2023-3-16

"Бонд босгоод авчирсан мөнгөө яаралтай гаргахын тулд 888 төслийг хэрэгжүүлсэн"

Өнөөдрийн сонсголоор экспортыг дэмжих импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төслийн асуудлыг хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр тухайн үед Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан Д.Батмөнх гэрчээр оролцлоо.

Д.Батмөнх:

Аль ч Засгийн газар тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж шийдвэр гаргадаг. 2012-2014 оны улс орны эдийн засгийн хувьд түүхий эдийн үнэ уналттай байсан. Тухайлбал, зэсийн үнэ 3500 орчим доллар, нүүрс 35-45 ам.доллар, алт 1300 орчим ам. доллар гэх мэт эдийн засгийн бүх үзүүлэлтүүд манай эсрэг байсан. Дээрээс нь нефьт 100 ам.доллар буюу үнэ нь өндөр байсан. Тухайн үед бонд босгож 1.5 тэрбум ам.доллар авч ирээд анх ярихдаа 500 сая ам.доллараар нь төмрийн хүдрийн үйлдвэр, 500 саяаар нь зэсийн үйлдвэрээ босгоё, 500 сая доллараар нь замаа сайжруулах чиглэлтэй явж байсан. Энд нэг зүйл яригдахгүй байгаа нь бонд орж ирэнгүүт Үндэсний аюулгүй байдлын захирамж гээч нэг юм гарсан.

Тэнд хоёр зүйл дурдсан байсан. Нэгдүгээрт, Нийт төслийн 33 хувийг Хөгжлийн банкаар санхүүжүүл, 33 хувийг тухайн аж ахуйн нэгжүүд нь өөрсдөө гарга, 33 хувийг нь арилжааны банк санхүүжүүл гэсэн сонин зөвлөмж гарсан. Хоёрдугаарт, бондын зөвлөл гэх 30 гаруй хүнтэй зөвлөл байгуулагдсан. Ухаандаа Засгийн газар дангаараа ажиллах боломжгүй болсон.

Яагаад том төслүүд ярьж байхад үүнийг ярьж байна гэхээр тухайлбал, төмрийн хүдрийн үйлдвэрийн төсөл 400 орчим сая доллар байсан. Үүний 33 хувь нь 130 сая ам.доллар болчихож байгаа юм. Хөгжлийн банкны тухайд 130 сая ам.долларын зээл бол асуудалгүй. Тэгэхэд ААН-үүдийн хувьд ийм хэмжээний мөнгө гаргах боломжтой нь манайд хэд байсан бол. Мөн арилжааны банзуудын хувьд 130 сая ам.долларын зээл өгөх банк байх боломжгүй. Учир нь арилжааны банкууд өөрийн хөрөнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний үнийн дүнг нэг зээлдэгчид олгох ёстой. Тухайн үед 650 сая ам.долларын өөрийн хөрөнгөтэй банк байхгүй байсан. Ингээд том төслүүд явах ямар ч хууль эрх зүйн үндэслэлгүй болсон. Ингнэд ямар шаардлага үүссэн гэхээр 888 төсөл эрэгжүүллэх шийдэлд хүрсэн.

Ингээд хоёр тэрбумаас дээш өртөгтэй төсөл хөтөлбөрүүдийг том хэмээн Хөгжлийн банк дээр үлдээгээд, түүнээс дээш өртөгтэй төслийг ЖДҮДС болоод бусад харьяалагдах яам руу нь явуулсан. Ийм л юм хийсэн. Бид ямар нэгэн зээлийн шийдвэр гаргаагүй. Нэгэнт бонд босгоод авчирчихсан мөнгөө буцаагаад яаралтай гаргахын тулд эдийн засгийг идэвхжүүлэх ажил зохион байгуулж экспортыг дэмжих импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төслийг хэрэгжүүлсэн.

11 : 56
2023-3-16

"Ц.Цогтгэрэл өмнө нь Ерөнхий сайдын зөвлөх байсан учир энэ асуудалд холбогдсон"

УИХ-ын гишүүн Ц.Цогтгэрэл:

-Би сонсголд хоёр дахь удаагаа оролцож байна. Өмнө нь хамаарал бүхий компани, зээл авсан компани санамж байгууллага байгуулсан гээд ирж байсан. Хоёрдугаарт, экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих 888 төсөлтэй холбоотой асуудал байгаа юм. Төрөөс бизнесийг, эдийн засгийг дэмжих оролцоо сүүлийн 30 жил явж ирсэн. Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн олон алдаа булхайг бид мэдэж байгаа. Харин энэ төслүүдийн хувьд арилжааны банкан дээрээс засгаас бодлогоо тодорхойлоод аж ахуй нэгжүүдэд зээл олгъё, эрсдлийг нь арилжааны банк, Хөгжлийн банк хариуцъя гэдэг нь зөв байсан. Ийм ч учраас энэ зээлийн хүрээнд гарсан нийт зээлийн дүн, төлбөр тооцоо бараг байхгүй эргэж дууссан гэж ойлгодог. Хэрэгжилт бас гарч ирдэг. Тухайн төслийг зориулалтын дагуу зарцуулсан уу? Үр дүн гарсан уу? гэдэг чухал. Зөв бодлогыг буруу хэрэгжүүлбэл буруу л болно. Арван жилийн өмнө Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан. Өнөөдөр ямар асуудлаар дуудагдсанаа мэдэхгүй учир бичиг, цаас харах боломж гарсангүй. Сая л ирээд харж байна. Тухайн үед ажлын хэсэг хуралдаж байсан. Санал гаргаад арилжааны банк руу санал хүргүүлээд ийм шаардлага хангасан төслүүдэд зээл олгож болно гэж байсан. Ийм л бичиг ажлын хэсгээс гарч байсан байх. Байх гэдэг нь яг ямар бичиг, протокол үйлдэгдсэнийг санахгүй байна. Арилжааны банк төрийн өмнө үүрэг хүлээгээд тухайн аж ахуй нэгжүүдтэй гэрээ хийж байсан баримт бичиг харагдсан. Тухайн компани Хөгжлийн банктай харилцаанд орж байгаагүй гэсэн үг. Энэ төслийн хүрээнд байгуулагдсан хуурай сүүний үйлдвэр жил бүхэн мянгаас доошгүй тонн экспортлож байна. Цаад үр дүнгийн асуудлуудыг нягталж харах ёстой.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Ц.Цогтгэрэл гишүүний хэлсэн үр дүн чухал. Экспортыг дэмжинэ гээд Засгийн газар тогтоол гаргасан юм байна. Гол нь эргээд экспортоор гаргаж, импортоо орлосон уу? Шинжээчийн дүгнэлтэд “Төслийн үр дүнг нягт тооцсон талаар тусгагдаагүй байгаа” гэж байгаа. Үр дүнгийг нь тооцох асуудал хангалтгүй байжээ. Чухал төслүүд байна. Үгүйсгэх юм алга. Үр дүн, тайлан болоход нийтэд нь төслийг дүгнэхэд хангалттай гэж дүгнэх боломж байхгүй байв уу? Материал байхгүй гээд асуудал гарч ирсэн. Материал яагаад иж бүрэн бус, алга болсон бэ? Үүнийг тодруулаач. Анхны сонсгол учир анхаарах зүйлс бий. Урьдчлаад мэдээлэл авч, бэлтгээд орж ирмээр байна гэж байгаа. Ямар ч байсан бид явж байна. Нотлох баримтын хүрээнд л ярьж байгаа. Баримтад үндэслэсэн сонсгол. Зохиогоогүй. Учир дутагдалтай зүйлс байж болно. Тэрийг нь өөрсдөө тайлбарлаад, засаад явах зорилготой. Ц.Цогтгэрэл гишүүн өмнө нь Ерөнхий сайдын зөвлөх байсан учир энэ асуудлуудад холбогдож байгаа шүү. Шинжээчийн гол анхаараад байгаа зүйл нь тайлан мэдээ байхгүй, үнэлэх боломжгүй гээд байгаа шүү дээ. Энэ асуудал үүсгээд байна.

Шинжээч:

-888 хөтөлбөрийн хүрээнд 2 тэрбумаас дээш дүнтэй төслүүдийн сонгон шалгаруулалт дээр төсөлд ямар шаардлага тавих вэ гэхээр тухайн салбарын яам бодлогын хувьд дэмжээгүй төсөл биш байх гэж байгаа. 888 жагсаалт Хөгжлийн банкнаас арилжааны банкуудад 2014 оны дөрөвдүгээр сард хүргэгдсэн. Энэ жагсаалтыг ямар ажлын хэсэг, хэзээ, яаж ангилаад хүргүүлсэн бэ гэдэг баримт хадгалагдаагүй байсан. 888 төслийн жагсаалтыг хэн ямар шалгуураар ангилаад хүргүүлсэн юм бэ? Ийм учир дүгнэлт хийх боломжгүй. Экспортын хэдэн хувиар нэмж, импортыг хэдэн хувиар орлосон бэ гэдэг мэдээлэл салбар яаманд нь байх ёстой боловч яам нь мэдээлэл ирүүлээгүй учир ийм үр дүнд хүрсэн гэх боломж хязгаарлагдмал байлаа.

УИХ-ын гишүүн Ц.Цогтгэрэл:

-Ж.Сүхбаатар гишүүн бодлогын хувьд алдаатай байсан гэж байгаа. Төрөөс эдийн засагт оролцоно гэдэг сайн зүйл биш. Гэхдээ төрөөс эдийн засагт оролцъё гэвэл үүнээс өөр ямар сайн модель байж болохыг Монголын төрөөс өнгөрсөн хугацаанд оролцсон бодлогууд дээр байхгүй л байгаа юм. 2017 оноос эхлээд төрөөс гаргаж буй санжүүжилтийг арилжааны банкаар дамжуулдаг байсан механизм шууд Хөдөө, аж ахуйн яам руу шилжээд ЖДҮ-ийн сан гэж ямар хэрэг гарсан билээ дээ. Арилжааны банкаар явсан учир аж ахуй нэгж хариуцлага хүлээж, төрийн өмнө улсын өмч хөрөнгө шамшигдаагүй байх. Харин хэрэгжилтийн тухайд нягталж ярилцъя л гэсэн байр суурьтай байна.

УИХ-ын гишүүн Д.Батлут:

-Хөгжлийн банк анх зээлэээ гаргасан. Зээл гаргасан учир буцаагаад үр дүн, хариуцлагыг Хөгжлийн банк хариуцах ёстой. Дамжуулан зээлдээд арилжааны банкуудаар явсан байх. Энэ талаар мэдээлэл, тайлан мэдээлэл, үр дүн байдаг уу? Төсөл нь үнэхээр хэрэгжсэн үү? Зээлээ зохих ёсоор нь ашигласан уу?

Хөгжлийн банк:

-2014 оноос 2020 оны хооронд хэрэгжүүлсэн төслүүдээс 888 хөтөлбөртэй холбоотой есөн банкаар зээл дамжуулан гарсан байна. Одоогийн байдлаар Капитал банкнаас бусад нь бүгд зээлээ төлсөн. Тус банкны хувьд 26 тэрбумын зээл яг энэ төсөлтэй холбоотой төлөөгүй байсан. Өнгөрсөн онд үл хөдлөх хөрөнгөөр Капитал банкны зээлийг төлж барагдуулсан гэдгийг дурдъя. Энэ хооронд эдгээр зээлүүдэд хяналт, шалгалт тухайн үед хийгээгүй. Хөгжлийн банкны зүгээс зээлийн судалгаа, шинжилгээтэй холбоотой мэдээллийг харахад арилжааны банкуудын эргэн төлөлтөд л анхаарч байсан юм байна лээ. Тэрнээс биш цаашаагаа ямар үр дүн гарсан, юу хийсэн гэдэгт анхаараагүй.

-Экспортыг дэмжих 888 хөтөлбөрийн зээл хоёр хэсэг хуваагдсан. Хоёр тэрбумаас дээш, доош гэсэн. Хоёр тэрбумаас дээш төсөл хөтөлбөрүүдэд арилжааны банкуудад таван хувиар цаашаагаа есөн хувиар олгосон. Эх үүсвэр нь “Credit Suisse” банктай хамтарсан эх үүсвэр. Долларын эх үүсвэр. Хүү нь АНУ-ын бодлогын хүү дээр нэмдэг нь 4.3 хувь гэсэн долларын үүсвэр. Хоёр тэрбумаас доошхи нь болохоор банкнаас таван хувиар цаашаагаа долоон хувиар олгосон. Эх үүсвэр нь Евро бонд. Долларын эх үүсвэр. Хүү нь 5.7 хувь байсан. Тухайн үед 2014 онд бодлогын 12-13 хувь. Зах зээл дээрх төгрөгийн хүү 18-19.5 хувьтай байжээ. Банк үүнийг шалгасан уу гэж байна. Гэрээн дээрээ “Зээлийг зээл төлөгч нь зориулалтын дагуу ашигласан уу гэдгийг Хөгжлийн банк материалыг нь шаардаж авах, шаардлагатай бол зарцуулалт дээр нь хяналт тавих, эх үүсвэрийг буцаан татах эрхтэй” гэж байжээ. Хөгжлийн банкны архиваас бүтэн жилийн хугацаанд хайсан. Одоогоор ийм зүйл олдоогүй. 2018, 2019 онд хийсэн тайлан байдаг. Өөр тайлан байхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж