Бурхан багш зарлиглажээ, “Судрын аймгийн дээд эрхэт хаан Алтангэрэлт судар. Энэ номын учир нь ариун. Утга нь ариун. Хамаг олон нүглийг арилгах харьцашгүй дээд номлол юм.
Бурхан багш зарлиглажээ, “Энэ судар номыг сонсож, сонсгож, уншиж, уншуулсан, хадгалж, түгээсэн буяны үйлд тоо үгүй, хязгаар үгүй. Түүнийг хэмжиж, жишиж чадах үгүй. Хоёр биш, арав биш. Найман түм, найман мянган бурхдын таалалд нийцүүлэн буян үйлдсэнд тэнцэнэ.
“Алтангэрэлт судар нь судрын аймгийн хаан болой. Монгол оронд бурханы шашин дэлгэрэхэд Алтангэрэлт судар дэлгэрсэн. Алтангэрэл судрын хамгийн онцгой эрдэм тус бол ямарваа улс орон хийгээд дэлхий дахиныг амар амгалантай нь золгуулах асар их ид хүчтэй байдагт оршдог ажээ. Түүний ач тус үнэхээр огторгуй лугаа их байдаг” талаар ном сургаальд өгүүлсэн байна.
УИХ-ын гишүүн асан Батж.Батбаяр “Хутагт Алтангэрэлт “ хэмээх их хөлгөн судрыг орчин цагийн монгол хэлнээ хөрвүүлэн гаргасан агаад өнөөдөр “Занабазар”-ын музейд номын нээлтээ хийх аж. Энэ судар нь махаяана буюу Их хөлгөнийхний хамгийн гол библи бөгөөд анх Энэтхэгт самгард хэлээр бичигдэж, VII зууны үеэс гадагшаа олон хэлээр орчуулагдаж алдаршсан бөгөөд Зүүн Азийн буддистуудын эрхэмлэх судар болжээ. Самгард хэлээр судрын нэр нь “Suvarṇaprabhāsottamasūtrendrarājaḥ”…
Судрыг орчин цагийн монгол хэлнээ хөрвүүлсэн тухайгаа тэрбээр “500 гаруй жилийн өмнө орчуулсан шашны гүн ухааны судар учраас Өвөр Монгол докторын кирил бичигт буулгасан эхийг уншихад маш төвөгтэй, ойлгоход хүнд байсан. Маш урт өгүүлбэрүүдтэй. Тиймээс толь бичиг бариад суусан. Нэг өгүүлбэрийг 2-3, дөрөв хувааж орчуулаад, утгыг нь гаргасны дараа нь түүнийгээ нэг бүтэн өгүүлбэр болгож нэгтгэнэ. Түүнийгээ лам, багш нарт үзүүлж, асууж зөвлөнө, дахин засварлана. Б.Идэрбаяр гэж их эрдэмтэй, шашны гүн ухаанч бий. Энэ залуу надтай их ажилласан, Жавзандамба хутагт төвийн багш Д.Нямсамбуу гавж ламаас бас зөвлөгөө авсан. Нархажид сүмийн тэргүүн Д.Мэндбаяр байна. Энэ хүмүүс надад маш их тусалсан.Өөрөө эхэлж судлаад, бичээд дараа нь тэр хүмүүст үзүүлнэ, хянуулна. Аль болохоор хүнд ойлгомжтой, утга санааг нь алдагдуулахгүйгээр орчин цагийн монгол хэлэнд буулгахыг зорьсон. Одоо бол энэ судрыг хэн ч уншаад шууд ойлгоно” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Б.БАТ
Холбоотой мэдээ