Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах мөн энэхүү түүхийн хар бараан үйл явдал дахин давтагдуулахгүйн тулд түүхийн үнэнийг ард түмэнд харуулж сургамж авах үүднээс зохион байгуулж буй “Хамаг монголчууд бүү мартагтун”баримтад контентын хоёр дахь цувралын нээлт болов.
Улаан орхимж, шар хүрэн эрх хослуулан зүүсэн лам болон шавилан суугаад удаагүй ламхай нар эгнээ байраа эзлэн суужээ. Хэсэг лам нар мэнд мэдэлцэн, яриа дэлгэн тойрон суух аж. Албаны зохион байгуулагчаас гадна энгийн иргэд нэмэгдэж заал дүүрчээ. Гаднаас улаан орхимжтой нэгэн наашлах үед бүгд яаран сандран босож хүндэтгэл үзүүллээ. Энэ эрхэм бол Гандантэгчилэн хийдийн Тэргүүн их хамба лам Д.Чойжамц. Удалгүй “Хамаг монголчууд бүү мартагтун” баримтат контентын хоёр дахь цувралын нээлт албан ёсоор эхэллээ.
Монгол Улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр нээж үг хэллээ. Тэрбээр ”Хуучнаар Бүгд Найрамдах Монгол ард улс буюу социалист нийгмийн үед зөвхөн лам гэдэг энэ гуравхан үсгийн цаана сүйрүүлсэн тэр их өв соёл, зан заншил монгол түмний гашуун дурсамж бидний түүхэнд байдаг. Энэ түүхийг бид цаашдаа дахин давтахгүйн төлөө түүхэн гашуун үнэнийг ард иргэддээ таниулж, түүнээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд баримтад цуврал нэвтрүүлэг хийж Монголын ард түмэндээ өргөж байна”гэлээ.
Үргэлжлүүлэн Тэргүүн их хамба лам Д.Чойжамц “Хэлмэгдүүлэлтийн үед ард түмнийг дайсан болгож хооронд нь тэмцэлдүүлж байсан. Малчин ардын Монголоо гэсэн сэтгэлтэй тэр хүүхдүүдийг ганцхан сүм хийдэд очиж шавилан суусан гэдэг шалтгаанаар хомроглон амийг нь егүүтгэж байлаа. Одоо бид залуу үедээ энэ бүхнийг үнэнээр ойлгуулж, ийм үе дахиад хэзээ ч ирж болохгүй гэдгийг ойлгуулан үлдээх хэрэгтэй болж байна. Тийм учраас энэхүү ажлуудыг зохион байгуулж байна” гэдгийг онцлов.
Гэрэл унтарч танхимд цугларсан үзэгчид дэлгэц рүү анхаарлаа. Хүний араг яс овоорсон нүд халтирам дүр зургаар контентын ерөнхий агуулга бэлхэн харагдах аж. Монголд өрнөсөн их хэлмэгдүүлэлт нь 1921 онд Санж ламын хэргээр эхлэн 1937 онд оргил үедээ хүрч, 1939 онд бага зэрэг саарсан боловч янз бүрийн хэлбэрээр үргэлжилж 1990 оны Ардчилсан хувьсгалтай золгож байжээ.
Хилс хэрэгт нийт 18,775 лам, мяндагтныг хэлмэгдүүлж тэдгээрийн 75 орчим хувь буюу 13827-д цаазын ял оноосон бол үлдсэн хэсэгт нь хорих ял оноосон.
Хэлмэгдүүлэлтийн хар шуурганд өртсөн лам, мяндагтан нартай хамт соёлын үнэт өвүүдээ алдаж, оюун санааны асар их хохирлыг амссан юм. Түүхийн үнэнийг эрдэмтэн судлаачдын судалснаар гаргаж он цаг тооллын хэлхээнд оруулж баримт, зураг, дүрс бичлэгээр дүрсжүүлжээ. Хэлмэгдүүлэлтэд энгийн нэгэн гэхээс илүүтэй эрдэмтэн сэхээтэн, хутагт хувилгаануудыг түүвэрлэн авч хилс хэрэг тохож яллаж байсан. Үүнээс улбаалан дэлхийн түүхэнд хөгжил дэвшлээрээ хэд дахин хойшилж соён гэгээрч чадалгүй явсаар байсан нь туйлын харамсалтай. Насны хувьд авч үзвэл, нас тогтсон эрдэмтэн мэргэдээс гадна бичиг үсэг сурахаар ирсэн хүүхдүүд хүртэл үүний нэгэн золиос болжээ. Түүхийн хар мөрийг нүд халтирам зургийн хэлхээс өгүүлэх аж. Хуран суусан үзэгчид чих тавин сонсч тоо баримтад итгэж ядан харуусан үзэгдэнэ.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулж буй улсын комиссын ажилтан “Тухайн үеийн нийгэм, нөхцөл байдлаас хамаарч хэлмэгдүүлэлт үүсэж, их хэмжээний хохирол амссан. Иймд цагаатгах, нөхөн олговор олгох, дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэхүү контентын гол зорилго нь энэ хар бараан үйл явдал дахин давтагдахгүй байх талаас нь түүхийн үнэнийг дэлгэж байна. 19,480 хүнд нөхөн олговор олгосон.
Гэхдээ жил жилээр шүүгээд нэмэгдээд явж байгаа. 1998 оны хуулиар 1 сая төгрөгийн нөхөн олговор олгодог байсан бол 2018 онд нэмэлт өөрчлөлт оруулж хэлмэгсдийн төрсөн болон үрчилж авсан үр хүүхдүүдэд нь цаазаар авхуулсан бол 80 сая төгрөг, шоронд хоригдож байсан бол хэдэн сар, жил хоригдсоноос нь хамаараад 40 сая төгрөгийн нөхөн олговор олгож байна” гэв.
Нийт таван цуврал нэвтрүүлгийг хийжээ. Эхнийх нь хэлмэгдүүлэлт гэж юу болсон талаар, Хоёр дахь нь хэлмэгдүүлэлтэд хамгийн их өртсөн лам нарын талаар гаргажээ. Лам нар гэдэгт боловсролын систем тэр чигтээ соёл, урлаг, зан заншил, уран барилга бүх зүйл багтсан. Гурав дахь нь хэлмэгдүүлэлтийн үед эмэгтэйчүүдийг ялангуяа жирэмсэн бүсгүйчүүдийг буудаж байсан бөгөөд Богдын сүүлийн хатан Гэнэнпил хатан, Г. Дэмид жанжины эхнэр Навчаа, Хэнтий аймгийн Засаг дарга байсан Дунгаамаа гэх мэт эмэгтэйчүүд жирэмсэн байхдаа алуулсан байна. Дөрөв дэхь нэвтрүүлгээр сэхээтнүүдийн талаар, мэдлэгтэй гэсэн болгоныг хэлмэгдүүлж, хөнөөж байжээ. Сүүлд энэ болсон үйл явлын хохирогчдыг цагаатгах, соён гэгээрүүлэх, яагаад үүнийг хийх ёстой вэ гэдэг үндсэн ерөнхий сэдвээр хүмүүст мотивац өгөхийн тулд гаргаж байгааг зохион байгуулагчид онцоллоо.
Монгол Улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр “Энэхүү ажлын хүрээнд нийгэм, түүхийн хөгжлийн хэмжээнд 70 жил явсан энэ зүйл эргэхдээ их удаан байна. Бид “Хамаг Монголчууд Бүү Мартагтун”энэхүү 5 цуврал контентоор ерөнхий монгол улсад явагдсан хэлмэгдүүлэлтийн түүхийн үнэнийг эрдэмтэн судлаачдын судалснаар гаргаж тавьсан. Таван нэвтрүүлэг гарсны дараагаар нийгмийн сүлжээг анхаарч хэлмэгдүүлэлт, түүхэн үнэний талаар хэр их зүйл цацагдаж байгаа талаар судалгаа хийнэ. Эхэнд асуудлыг хөндөх хэрэгтэй. Асуудлыг харсаны дараа нь хүмүүс судалж эхэлдэг. Үүний дараа түүхэн үнэн тодорно. Хэлмэгдүүлэлтийн үед 44 засаг ноён, 1150 гаруй тайж нар, Чингисийн алтан ургыг устагчихсан. Эрдэмтэн болгоны гаргаж буй үгний цаана судлагдах бүхэл бүтэн том зүйл анги байж байна” гэдгийг онцоллоо.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссоос өөр ямар үйл ажиллагаа зохион байгуулж буй талаар тодруулахад “Бидний хийсэн ажлуудаас дурдвал, 21 аймагт “Хэлмэгдэгсдийн ногоон төгөл”-ийг байгуулж байна. ЗХУ-д буудсан, шоронд хорьсон 249 хүний нэр бүхий гэрэлт самбарыг үндэсний цэцэрлэгт хүрээлэнд босгосон. Монгол хүн болгон түүхээ мэддэг байх хэрэгтэй. 1928 онд Коминтерний бодлогоор ирсэн Чехийн төлөөлөгч Шмераль “Монголын газар нутаг нь хүн амаасаа илүү ач холбогдолтой” гэж бичгээр дүгнэлт хийсэн байдаг. Монголчууд л хоорондоо эвтэй байх хэрэгтэй. Эв түнзэнгүй байсан учраас л Их гүрнүүдийн тоглолтод орж 700 гаруй байсан ард иргэдээс 100 гаруй хүн хэлмэгдэж амь насаа алдсан. Түүхээ мэддэг, түүнээсээ сургамж авах хэрэгтэй. Агуу том газар нутагтай хэдий ч цөөхөн хүн амтай шүү гэдгийг бага наснаас нь хойч үедээ ойлгуулах хэрэгтэй” гэлээ.
Д.НЯМХҮҮ
Холбоотой мэдээ