Засгийн газрын 2023 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар зургаан яамны Төрийн нарийн бичгийн дарга, 17 агентлагийн дарга нарыг чөлөөлөх шийдвэр гаргасан. Тухайлбал, Эдийн засаг, хөгжлийн яам, Соёлын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг тус тус үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Мөн Төрийн тусгай хамгаалалтын газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Стандарт, хэмжил зүйн газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Ойн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Боловсролын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Соёл, урлагийн газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга нарыг үүрэгт ажлаас тус тус чөлөөлсөн.
Учир нь Цар тахлын хуулийн үйлчлэл зогссон тул дээрх албан тушаалтнуудыг Төрийн албаны зөвлөл /ТАЗ/-ийн сонгон шалгаруулалтад хуулийн дагуу оруулж, тэнцсэн тохиолдолд дахин томилох боломжтой талаар тухайн үед мэдэгдэж байсан.
Тэгвэл өнгөрсөн хугацаанд ганцхан Төрийн худалдан авах ажиллгааны даргыг хуулийн дагуу томилоод байгаа аж. Өөрөөр хэлбэл, дээрх дарга нарыг чөлөөлөх шийдвэр гарснаас даруй хоёр сарын хугацаа өнгөрчихөөд байхад өнөөдрийг хүртэл сонгон шалгаруулалт явагдаагүй “гацсан” байдалтай байна. Хэдийгээр яам, агентлагийн дарга нарын үүрэгт ажлыг хэн нэгэн үргэлжлүүлэн орлон гүйцэтгэж байгаа боловч албан ёсны дарга томилогдоогүй цагт хэнээс төрийн байгууллагын сахилга, хариуцлага, үйлчилгээг нэхэх билээ.
Дашрамд сануулахад, өнгөрсөн онд Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Тэргүүн түшмэл буюу яамны Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарт тавих шаардлагыг дараах байдлаар өөрчилсөн юм. Тухайлбал өмнө нь Төрийн албанд 16-гаас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд наймаас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх гэх заалтыг өөрчилж, төрийн албанд 16 жил ажилласан байх шалгуурыг 12 жил болгож, эрхэлсэн түшмэлийн албан тушаалд ажиллах хугацааг зургаан жил болгосон байдаг.
Шалгуур үзүүлэлтийн босгыг намсгах тусам шалгарч гарч ирэх хүнгүй болтлоо төрийн алба доройтоогүй л байлтай. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Төрийн нарийн бичгийн дарга болон агентлагын даргын албан тушаал горьлогчид ажилласан жилийн шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа боловч мэргэшүүлэх багц сургалтанд хамрагдаагүй гэх шалтгаанаар шалгуур үзүүлэлтэд тэнцэхгүй байгаа аж.
Тиймээс өөрийн хүнээ “шургуулах”-ын тулд эрх мэдэлтнүүд Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан байх шалгуур үзүүлэлтээ авч хаях уу, эсвэл Төрийн албаны зөвлөл хууль зөрчиж мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан байх шалгуураа зөөллөх үү гэдгээс цаашдын томилгоо ихээхэн хамаарахаар байна. Цар тахлын хуулийн хүрээнд хуулийн дагуу томилогдоогүй ТНБД нар, агентлагийн дарга нарыг ажлаас чөлөөлсөн нь сайшаалтай боловч дараагийн даргыг томилохгүй удаж байгаа нь төрийн ажлыг цалгардуулж байна гэдгийг иргэд шүүмжилж байна.
П.БАТЗАЯА
Холбоотой мэдээ