Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж, нэг сая жуулчин хүлээн авахаар төлөвлөөд буй. Тэгвэл сая жуулчин хүлээж авахад Монгол Улс бэлэн эсэх талаар аяллын тур компаниуд болон жуулчны бааз, холбоод, холбогдох яамны байр суурийг хүргэж байна.
БҮХ БОЛОМЖИЙГ АШИГЛАВАЛ ДЭЭД ТАЛ НЬ 400 МЯНГАН ЖУУЛЧИН ХҮЛЭЭЖ АВЧ ЧАДНА
“Жуулчны баазуудын холбоо”-ны тэргүүн Г.ОТГОНБААТАР:
-Холбооны зүгээс холбогдох бүхий л мэдээллийг авч ажиллаж байна. Сая жуулчин хүлээж авах тал дээр буудлуудын бэлэн байдал хангагдсан байж болно. Харин жуулчны баазуудын хувьд бүрэн хангагдсан гэж хэлэхэд хэцүү. Шийдвэрлэх шаардлагатай асуудал, орчин нөхцfлийг тав тухтай болгоход санхүүгийн хүндрэл бэрхшээл их бий.
Мэдээж жуулчны баазууд тав тухтай орчинд олон жуулчин хүлээж авах эрмэлзэлтэй байдаг. Тиймээс энэ тал дээр зээл шийдвэрлэх зэрэг зохицуулалт хийж өгөх, дэмжлэг үзүүлэх талаар БОАЖЯ мэдэгдсэн.
Түүнээс одоо байгаа хүчин чадлаар ажиллана гэвэл сая жуулчдыг хүлээж авахад хүндрэлтэй. Дээд тал нь 300-400 мянган жуулчин хүлээж авч чадна. Манай холбооны хувьд орон нутгийн бүх жуулчны баазтай хамтарч ажилладаг. 2020 оны статистик мэдээллээр орон нутагт 438, Улаанбаатарт 100 гаруй нийт 540 орчим жуулчны бааз байгаа. Энэ бол албан бус статистик. Тиймээс бид энэ жилээс эхэлж нийт жуулчны баазуудын тоон мэдээллийг нарийвчилж гаргах, яг хэчнээн хувь нь жуулчдад үйлчилгээ үзүүлэх боломжтой гэдгийг тодорхойлох судалгааны ажлуудыг хийхээр төлөвлөж байна.
Дээрх тоонд багтсан жуулчны бааз, амралтын газруудын 30 хүрэхгүй хувь нь л жуулчид хүлээж авах боломжтой. Тэгэхээр бид тооноос илүү чанар, үйлчилгээнд анхаарч жуулчдыг татах нь зүйтэй болов уу.
Баазуудын зүгээс юу гэж байна вэ? гэхээр жуулчдыг ихээр татна гэхээс илүүтэй бага, багаар давтамж өндөр татсаар байвал 2025 он гэхэд сая жуулчин хүлээж авах боломжтой. Чингис хаан олон улсын нисэх буудал болон Алтанбулаг, Хангимандал, Замын-Үүд зэрэг бүх боомтоор жуулчдыг чөлөөтэй нэвтрүүлбэл сая жуулчин хүлээж авах боломжтой гэж харж байгаа.
Энэ жилийн хувьд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд авууштай зүйл нь БОАЖЯ-наас онцгой анхаарч ажиллаж байгаа явдал.
Тиймээс дэвшүүлсэн зорилтын хүрээнд хэрэгжилтийг хангах тал дээр мэдээж анхаараад явна. 2023 онд Орос, Солонгос, Хятад, Япон зэрэг улсын жуулчид дээр тулгуурлан ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Учир нь дээр улсуудаас шууд нислэгтэй учир нэг том давуу талыг бий болгох юм. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр хууль батлагдвал жуулчдын тоо өсөх магадлалтай.
Гадаадын жуулчдыг хүлээж авах тал дээр боловсон нойл, хөтөч гээд асуудал их. Тухайлбал, улирлын шинжтэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдэд боловсон нойл боломжгүй.
Жилийн дөрвөн улирал аймгийн төвөөс хол, алслагдсан хэсэгт байгаа жуулчны бааз бохироо соруулах боломжгүй хөлдөх эрсдэлтэй. Хүмүүс өвөл, зунгүй жуулчдыг хүлээж авах хэрэгтэй гэдэг. Гэхдээ өвлийн хасах 30-40 хэмд төвөөс зайтай баазууд тав тухтай үйлчилгээг амлах хэцүү. Хотод ойр бол мэдээж болно. Тэгэхээр жил тутамд сайжруулалт хийснээр 2025 он гэхэд сая жуулчин хүлээж авах боломж бүрдэнэ гэж харж байна.
ЖУУЛЧДАД ЗОРИУЛСАН БАГЦ АЯЛЛЫН ТӨРЛИЙГ НЭМЭХ НЬ ЗҮЙТЭЙ
“Дисковер Монголиа Трэйвэл” ХХК:
-Жуулчдыг хүлээж авах бэлтгэлээ хангаж байна. Арванхоёрдугаар сараас эхэлж зуны аяллын бүртгэлээ нээж жуулчдыг бүртгэж эхэлсэн. Жуулчдын хувьд чөлөөт аялал гэхээс илүүтэй 7-14 хоногийн багц аяллыг түлхүү сонирхдог. Түүндээ хөтөч болон үйлчилгээний бүр зардал багтсан байдлаар хөтөлбөр боловсруулдаг байгаа.
Хоёрооё дээш хүнтэй багцын аялал гаргаснаар жуулчдын сэтгэл ханамж төдийгүй үйлчилгээний тухтай байдал хангагдаж чадна гэж үздэг.
Манай компанийн хувьд 2004 оноос хойш үйл ажиллагаа явуулсан бөгөөд 19 жилийн туршлагатай компани. Жуулчдын тоо жил ирэх бүрд нэмэгдэж байгаа учраас баазууд болон үйлчилгээ, хөтчийн ур чадварыг сайжруулбал сая жуулчин хүлээж авах бүрэн боломжтой байх.
Групп аяллын хувьд бид олон жил харилцаж, хамтын ажиллагаатай байсан баазууд болон төвүүдээр үйлчлүүлдэг учир асуудал бага гардаг. Гэхдээ мэдээж хөтөлбөр тус бүр дээр нэмэх, хасах, үйлчилгээний хувьд нэмэлтээр оруулах зүйлсийг жуулчид хэлдэг.
Жуулчдын хувьд Говь, Хөвсгөл, Завхан, Баян-Өлгийн аялалд хамрагдах сонирхол их байдаг. Орон нутагт аялах жуулчдад тулгамддаг гол асуудал нь боловсон нойл. Үүнээс гадна мэргэжлийн хөтөч зайлшгүй шаардлагатай байдаг. Эдгээрээс бусдаар бол сая жуулчин хүлээж авахад тур компаниудын хувьд бэлэн гэж бодож байна.
ЖУУЛЧНЫ БААЗ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦЭГҮҮДЭД ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ БИЙ
БОАЖ-ын сайд Б.БАТ-ЭРДЭНЭ:
-Соёлын яам, Гадаад харилцааны яам, Боомтын сайд нар хамтран жуулчин хүлээж авах ажлыг хариуцан ажиллаж байна. Энэ сард 40 мянган жуулчин хүлээж авах зорилт тавиад байгаа. Гуравдугаар сарын эхний зургаан өдрийн байдлаар нийт 10 мянган жуулчин ирсэн тоон мэдээлэл бий. Нөгөө талаас жуулчны баазууд, аялал жуулчлалын цэгүүдэд нүхэн жорлонгийн асуудлыг шийдвэрлэх, шинэчлэх, илүү боловсон болгохоор ажиллаж байгаа. Хяналт, шалгалтын ажиллагаа явагдаж байна.
Тавдугаар сараас жуулчдын тоо нэмэгдэх үед нисэх буудлын бэлэн байдлыг хангах тухай Японы Элчин сайдын яам болон холбогдох албаныхантай хамтарч ажиллаж байна. Мөн шинэ нисэх буудлын тухайд нэг цагийн урсгалд 610 зорчигч тээвэрлэх боломж, даацтай гэх тооцоолол гаргасан.
Шинэ нисэх буудлаас Улаанбаатар руу байнгын нийтийн тээврийн автобус явуулна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд “UBUS” компанитай болон бусад нийтийн тээврийн компаниудтай хамтран ажиллаж байна.
Жуулчдын төлбөр тооцоогоо төлөх тухайд хэд хэдэн зохицуулалт хийсэн. Тухайлбал "Солонгосын жуулчид воны картаар төлбөр тооцоо хийх боломжтой. Мөн Хятад иргэд түгээмэл ашигладаг WeChatаар дамжуулан Qpay шууд төлбөр тооцооны системийг нэвтрүүлсэн.
Түүнчлэн үүрэн холбооны операторуудын түрээсийн сим картыг жуулчдад олгоно. Ингэснээр аюулгүй, мэдээллээс хоцрохгүй манай улсад зорчих боломжтой. Энэ жил ОХУ-аас 250 мянган жуулчин хүлээж авна. ОХУ, Монголын 80 тур компани хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Жуулчны компаниудын зүгээс ч мөн адил бүхий л боломжийг ашигласан тохиолдолд Монгол Улс ойрын 3-5 жилд сая жуулчин хүлээж авах боломжтой. Түүнээс энэ онд багтаж сая жуулчин хүлээж авахад бэлтгэл ажил хангагдаагүй гэдгийг онцолж байлаа.
Холбоотой мэдээ