Төр төсвийн хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэхээ зарлаад багагүй хугацаа өнгөрч буй. Үүний хүрээнд улс, нийслэлийн төсвийн зарим зардлыг танасан бол эсрэгээрээ нэмсэн нь ч бий. Бид энэ удаа нийслэлийн есөн дүүргийн сар тутмын зарлагаас зөвхөн нэг сард зарцуулсан цалин, урамшууллын зардлыг онцолж байна.
Монгол Улсын хүн амын тал хувь нь амьдардаг хот нэг сард зөвхөн төрийн албаныхны цалин, урамшуулалд 17,7 тэрбум төгрөг зарцуулдаг.
Дүүргүүдийн хувьд хүн ам болоод бүтээн байгуулалттай харьцуулахад цалин, урамшууллын зардал харилцан ялгаатай байна. Сүхбаатар дүүрэг хэдийгээр олон хүн амтай төвийн дүүрэг ч гэсэн 829 сая төгрөгийг нийт ажилчдын цалинд зарцуулсан байгаа бол Баянзүрх дүүрэг 2,3 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Бусад дүүргүүд ч мөн 300-аас дээш сая төгрөгийг цалин, урамшуулалд тусгасан байгаа юм.
Гэхдээ өнгөрсөн оны төсвийн зардлаас харвал энэ тоо нэмэгдсэн байна.
Учир нь энэ оноос эхэлж төрийн албан хаагчдад олгох цалин, урамшууллын хувьд дараах дөрвөн төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлж буй. Тодруулбал, улсын хэмжээнд:
- Төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын цалинг нэг суурьтай болгох. 165 ялгаатай цалингийн системтэй байсныг 20 ялгаатай цалинтай болгож байна.
- Төрийн албан хаагчдын ажилласан хугацааны нэмэгдлийг жил тутам олгодог болгож өөрчилнө. Өнгөрсөн жилүүдэд 5-10, 10-15 гэсэн жилээр энэхүү нэмэгдлээ авдаг. Энэ өөрчлөлтийг хийснээр нэг жил ажиллавал нэг хувь, хоёр жил ажиллавал хоёр хувь, гурван жил ажиллавал гурван хувь гэх мэт нэмэгдэж тооцогдох болсон.
Мөн төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй болон байгууллагын туслах чиг үүргийг хэрэгжүүлж буй ердийн ТҮ-ний ажилчдын цалинг 6-8 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гарсан билээ. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдаж байгаа аж.
Төсвийн зардалтай холбоотой мэдээллийг нийслэл шилэн данс хэсэгт сар тутамд байршуулдаг бөгөөд жилийн нэгдсэн төсвийн мэдээллийг ч мөн тус хэсгээс харах боломжтой.
Холбоотой мэдээ