Гарал үүсэл нь баталгаажсан түүхий сүү нийлүүлэгчдэд урамшуулал олгож байна

Хуучирсан мэдээ: 2023.03.15-нд нийтлэгдсэн

Гарал үүсэл нь баталгаажсан түүхий сүү нийлүүлэгчдэд урамшуулал олгож байна

Гарал үүсэл нь баталгаажсан түүхий сүү нийлүүлэгчдэд урамшуулал олгож байна

Сүүний урамшууллыг мал эмнэлгийн цахим гэрчилгээ болон татварын цахим төлбөрийн системээр хяналт тавьж баталгаажуулан олгоод байна.

Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд “Түүхий сүүний нийлүүлэлтийг сэрүүний улиралд нэмэгдүүлэх зорилгоор Монгол улсын Засгийн газрын 2020 оны 130 дугаар тогтоолоор “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг баталсан. Журмын хүрээнд шаардлага хангасан сүүний үйлдвэрт зөвхөн өвлийн улиралд нийлүүлж байгаа сүүний литр тутамд 500 төгрөгийн урамшууллыг жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд малчид, эрчимжсэн аж ахуй эрхлэгчдэд олгож байна.

Мал эмнэлгийн ахлах мэргэжилтэн Л.Даваасүрэн:

-Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.3-т заасан зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд “Түүхий сүүний нийлүүлэлтийг сэрүүний улиралд нэмэгдүүлэх” зорилгоор дээрх журмын хүрээнд 2020-2021 оны өвлийн улиралд 9516 малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн 8.5 сая литр сүүнд, 2021-2022 онд 8851 малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн 10.5 сая литр сүүнд тус тус мал эмнэлгийн цахим гэрчилгээг олгож, хяналт тавьж баталгаажуулсан байна.

Журмын хүрээнд малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн бэлтгэж буй түүхий сүүг улсын хэмжээнд энэ онд 15 үйлдвэрт хүлээн авч нийслэл болон томоохон хот суурин газрын иргэдийг өвлийн улиралд сүүгээр хангах бодлого хэрэгжиж байна. Сардаа дунджаар малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид 1.8-2.2 сая литр сүүг бэлтгэн мал эмнэлгийн цахим гэрчилгээний системээр баталгаажуулан үйлдвэрүүдэд тушааж байгаа. Жишээ нь, 2022 онд мал эмнэлгийн цахим гэрчилгээний систем болон татварын цахим төлбөрийн системүүдээр тус тус баталгаажуулан 8800 орчим малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн 10.5 сая литр сүүнд урамшуулал өгч байна гэсэн үг. Өвлийн улиралд Улаанбаатар хот, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл, Хэнтий гэсэн аймгуудын малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүүг нийлүүлж урамшуулал авч байгаа. Сүүний урамшууллыг сүүлийн гурван жилийн хугацаанд малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд олгож байна. Ингэснээр эрчимжсэн мал аж ахуй эрхэлж байгаа иргэн, аж ахуй нэгжид тодорхой дэмжлэг олгож байна гэсэн үг. Өнгөрсөн жилийн 11, 12 дугаар сард мал эмнэлгийн цахим системд сүүний мэдээллээ оруулсан эрчимжсэн мал аж ахуй эрхэлж байгаа иргэн, аж ахуй нэгжүүдийн сүүний цахим гэрчилгээг хянаж баталгаажуулан урамшууллыг олгоод байна. 2023 оны 1, 2 дугаар сард сүүний урамшуулал авах эрчимжсэн мал аж ахуй эрхэлж байгаа иргэн, аж ахуй нэгжүүдийн мал эмнэлгийн цахим гэрчилгээг хянаж баталгаажуулан ХХААХҮЯ-нд хүргүүлээд байна.

Монгол Улсын Их хурлаар батлагдсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хүрээнд Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2021 оны А/67 тушаалаар батлагдан гарсан Мал эмнэлгийн гэрчилгээний загвар хэрэглэх заавар гэж батлагдсан. Энэхүү зааврын хүрээнд улсын хэмжээнд шилжилт хөдөлгөөн хийж байгаа мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн болох сүүний мал эмнэлгийн цахим гэрчилгээнд хяналт тавьж баталгаажуулан ажиллаж байна.

Малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид тухайн сумын мал эмнэлгийн нэгжийн эмчээсээ цахим гэрчилгээгээ авч түүндээ сүүнийхээ литр тутмын мэдээллүүдээ оруулна, Мал эмнэлгийн нэгдсэн системд оруулсан малчны сүүний гарал үүслийг хянаж цахимаар баталгаажуулан ХХААХҮ-ийн яамд цахимаар хүргэгдээд, урамшууллын цахим системтэй тулгаж үзсэний үндсэн дээр 130-р тогтоолын дагуу иргэдийн дансанд сүүний урамшууллын литр тутам 500 төгрөг шилжинэ. Мал эмнэлгийн цахим системээр хянаж баталгаажсан сүүний гэрчилгээг ХХААХҮ-ийн яам татварын цахим системээр давхар хяналт тавьж ажилдаг юм.

Мал эмнэлгийн нэгдсэн цахим системийг 2020 оноос эхлэн 21 аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газар, 330 сум, есөн дүүргийн мал эмнэлгийн тасаг, 1109 мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, улсын хэмжээний мэргэжлийн хяналт болон цагдаагийн албан хаагч нарын өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглах боломж нөхцөлийг бүрдүүлсэн. Ингэснээр мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний худалдаа, шилжилт хөдөлгөөнийг бүрэн хянах, мал эмнэлгийн гэрчилгээний олголт, хэрэглээнд үр дүнтэй хяналт тавих, шуурхай удирдлага, зааварчилгаагаар хангах боломж бүрдсэн юм.

2020-2023 оны хооронд мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг сум, дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш худалдаалах, тээвэрлэх, нийтийг хамарсан арга хэмжээнд оролцуулах, хээлтүүлэгт ашиглах, отор нүүдэл хийх зорилгоор 1.5 сая мал эмнэлгийн цахим гэрчилгээг иргэн, аж ахуй нэгжид олгож, 450 мянган гэрчилгээнд хяналт тавьж баталгаажуулсан байна.

Жишээ нь, Мал эмнэлгийн цахим гэрчилгээний хувьд малчин өрхийн хотноос мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүн, амьд мал шилжилт хөдөлгөөн хийхэд нэгжийн эмч шалгасны дараа 330 суманд ажиллаж байгаа мал эмнэлгийн тасгийн албан хаагч буюу төрийн нэрийн өмнөөс ажил гүйцэтгэж байгаа улсын байцаагч нар цахимаар илгээсэн нэгжийн эмчийн мэдээлэлд хяналт тавьж баталгаажуулна. Баталгаажсан гэрчилгээ улсын хэмжээнд шилжилт хөдөлгөөн хийж байна гэсэн үг. Энэ гэрчилгээнд мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн болох 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн бичигдэж байгаа. Жишээлбэл, малчны хотноос худалдаалах зорилгоор гарсан малын мах тухайн үйлдвэр, худалдааны төвд иртлээ мал эмнэлгийн цахим гэрчилгээ дагалдана гэсэн үг юм. Ер нь мал, малын гаралтай бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөний хяналт, шалгалтад маш олон давуу талыг авчирсан, маш олон боломжуудыг бий болгосон, үр дүнтэй ажил болсон. Мал эмнэлгийн цахим гэрчилгээг аваагүй хүн бол Монгол улсын нутаг дэвсгэрт явах ямар ч боломжгүй болж байгаа. Учир нь цагдаагийн байгууллагын болон мал эмнэлгийн байгууллагын шугамаар гарч байгаа постууд дээр мал эмнэлгийн байцаагч, цагдаагийн албан хаагч нар тус тус цахим гэрчилгээг шалгаж, хяналт тавьж ажиллаж байна.

Э.Хулан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж