“Төр нь иргэдэд таатай нөхцлийг санал болгодоггүйгээс орон нутаг хөгждөггүй”

Хуучирсан мэдээ: 2023.03.16-нд нийтлэгдсэн

“Төр нь иргэдэд таатай нөхцлийг санал болгодоггүйгээс орон нутаг хөгждөггүй”

“Төр нь иргэдэд таатай нөхцлийг санал болгодоггүйгээс орон нутаг хөгждөггүй”

Засгийн газраас орон нутаг руу шилжин суурьшиж буй өрх айлууд, иргэдэд төрөөс тодорхой дэмжлэгүүд олгоно гэж ярьж буй. Ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох, үйлдвэрлэл эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зэрэг олон боломжуудыг олгоно гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл их хотын амьдралаас хөдөөг зорьж, алим, хар интоор, монос, үхрийн нүд гээд жимсний төрөлжсөн төгөлтэй болохоор хөдөлмөрлөж яваа Д.Баасандоржтой ярилцлаа. Түүний хувьд Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт амьдарч байгаад одоо Дорнод аймгийн Баян-Уул суманд жимсний төрөлжсөн төгөлтэй болохоор хөдөлмөрлөж буй нэгэн юм.


Өөрийгөө товч танилцуулна уу. Хаана төрж өссөн, ямар мэргэжилтэй вэ. Хотоос хөдөөг зорихоосоо өмнө ямар ажил хийж байв?

-Намайг Дашдэлгэрийн Баасандорж гэдэг. Ерөнхий боловсролын сургуулийг бусдын жишгээр суралцаж төгсөөд, барилгын өрлөг засал чимэглэл, кранист мэргэжлээр давхар суралцсан. Кранистаар олон жил ажиллаж, нийслэлийн дулааны мянганы анхны шугамууд болон орон нутгийн өндөр хүчдэлийн шугам босгох зэрэг улсынхаа  бүтээн байгуулалтын ажлуудад гар бие оролцож явсан гэх үү дээ.

Би өөрөө унаган хотын хүүхэд байсан болохоор зах зээл шилжихтэй зэрэгцээд янз бүрийн ажил хийж амьдралаа авч явсан.

Сүүлийн 10 гаруй жил бөөний худалдаачдаас  бараа авч хотын зүүн баруунгүй хэрэн хэсч, өдөртөө авсан бараагаа өдөрт нь дуусгачих санаатай түгжрэл дунд үзэж тардаг байлаа. Одоогоор орон нутагт суурьшиж амьдраад дөрөв дэх жилтэйгээ золгож байна.

-Яагаад хөдөөг зорив. Ийм шийдвэр гаргахад юу нөлөөлсөн бэ?

-Хөдөөг зорих эхний том шалтгаан бол хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой эмчийн зөвлөгөө байсан. Агаарт гаргах зайлшгүй хэрэгтэй байсан. Гэр бүлийн хүнтэйгээ олон хоног ярилцаж зөвлөсний дараа ерөөсөө гэр бүлээрээ хөдөө гарья, бусдын амьдарч болоод байгаа газар болгоод амьдарч болно гэж үзээд Дорнод аймгийн Баян-Уул сумыг зорьсон доо. Хөдөөг зорьсноороо одоо бол алдлаа гэж ер бодохгүй байна. Одоо хүү маань мундаг сайн эр болчихоод гүйж явна. Хотод эмнэлэг, эмчийн хаалга сахиад сандарч, түгшиж явснаа бодвол оносон нь их гэж бодож байна.

Яг хүүхдийн минь оноштой адилхан олон хүүхдүүд агаарын бохирдол, стрессээс болж агаар, хөдөлгөөний дутагдалд орж, даамжраад гадаадад эмчлүүлэх хэмжээний ужиг хууч өвчтэй болоод байна уу даа гэж сүүлийн үед хувь хүнийхээ хувьд боддог болсон.

Эрүүл мэнд эрхэм баян гэдэг байх аа. Ний нуугүй хэлэхэд хотын хэт төвлөрөл, агаарын бохирдол, стресс уур бухимдал, хөдөлгөөний дутагдал зэрэг нь хэн нэгэн батлаад нотлоод гаргаж ирээгүй ч хүүхдийн урьд хожид гарч байгаагүй хорт муу өвчлөлүүдийг үүсгээд байна уу гэж боддог болсон. Ингээд орон нутагт анх ирээд суурьшихад эхэндээ байнгын өдөр тутмын орлогогүй болохоор чанга л байсан. Гэхдээ түүнийг бий болгохын тулд өөрөө л хичээх хэрэгтэй болохоор зүтгэсээр ямар ч байсан хийе гэсэн зүйлийнхээ эхлэл суурийг тавиад л явж байна.

-Яагаад Дорнод аймаг гэж?

-Нэгдүгээрт, манай гэр бүлийн хүний нутаг. Хоёрдугаарт, хадам ээжийн хоббигоороо тарьж ургуулдаг модны тарьц суулгац ургуулах тариалах ажилд нь хотоос ажлынхаа зав зайгаар хаа нэг очиж тусалж явсаар тарьж ургуулахад татагдах болсон хамгийн том шалтгаан. Энэ хүнээ түшиглээд заавар зөвлөлгөөг дагаж ажиллах нь арай л илүү дөхөм юмуу гэдэг үүднээс энэ нутгийг сонгосон.

Дорнод аймгийн төвөөсөө 200 км-т байрлах Баян-Уул сум нь хойд талаараа ОХУ-тай хиллэдэг байгалийн сайхан бүрдсэн маш сайхан нутаг.

Нөгөө талаасаа хүн хөдөлж л чадах юм бол юу ч ургуулж болох шимт хөрстэй газар. Ер нь би өөрөө байгальд их ойрхон ногоон эко сэтгэхүйтэй хүн юм болов уу. Яг энэ мод үржүүлгийн ажил эхлүүлсэндээ маш их сэтгэл ханамж өндөр байгаа гэх үү дээ.

-Хотоос нүүж очиход ямар бэрхшээл тулгарсан тухай ярьж өгөөч?

-Мэдээж амаргүй шүү дээ. Бүх юмыг тэгээс эхэлж буй учраас. Байрлах байр, өдөр тутмын орлогогүй, эрхлэх ажлын байрыг өөрөө бий болгоход дор хаяж хоёроос гурван жил шаардах учраас. Мэдээж хамаатан садан, хадмуудын тусаар өдий зэрэгтэй өндийж явааг дурсахгүй өнгөрч болохгүй байх аа. Аливаа ажлыг эхлүүлэхэд банк хүртэл барьцаалах хөрөнгөгүй учраас итгэж зээл олгохгүй нь мэдээж. Орон нутагт шилжин суурьшиж байгаа хүмүүсийн нэн тулгамдсан асуудал бол ажлын байр байхгүйтэй холбоотой. Төрийн албанд ажиллахаар шилжин суурьшиж байгаа хүмүүст бол хууль дүүрмийнхээ хүрээнд хөнгөлөлт урамшуулал байдаг л юм шиг байгаа юм.

Харин жирийн нэг Батаа, Болдуудад өөрөө л ажлын байраа бий болгохгүй бол хэцүү. Ажлын байраа бий болгоход хөрөнгө санхүү гээд асуудлууд ар араасаа гарна.

Тэр бүхнийг орон нутагт жирийн иргэн бүрдүүлэхэд хүнд учраас орон нутагт шилжин суурьших зориг хэн бүхэнд хүрэхгүй байгаа болов уу гэж бодож байна. Төр засгаас эгэл жирийн иргэн хүнд таатай нөхцлийг санал болгохгүй байгаа учраас орон нутагт хөгжил ирэхгүй байгаа шүү. Жишээлбэл, ажлын байраа бий болгох төсөл төлөвлөгөөнд батлан даалт ч юм уу барьцаа хөрөнгө шаардахгүй зээлийн нөхцлийг санал болгох хэрэгтэй юм шиг санагддаг хувь хүний хувьд саналаа хэлэхэд.

-Ер нь хөдөө орон нутагт, аймгийн төвд залуус амьдрахад тулгардаг гол хүндрэл бэрхшээл юу байна вэ. Хөдөлмөр эрхлэх ажлын байрны хангамж, бизнес эрхлэх боломж, мэдээллийн хүртээмж гэх мэт…

– Хамгийн гол бэрхшээл бол эрхэлсэн тодорхой ажлын байр. Нөгөө талаараа орон нутагт хөдөлмөрийн чадвар бүхий залуучуудын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх заал талбай, боловсрол мэдлэгийг нь дээшлүүлэх сонирхолтой сургалт гэх мэтийн зүйлүүд дутагдалтай юм уу гэж хардаг. Яг өнөөдрийн өнцгөөр харахад хувийн хэвшлийн худалдаа үйлчилгээний хэдэн дэлгүүр, нэг хоёр баар караоке л тэдний соёлын хэмжүүр болсноор хаанахын аль ч сумдад ахуйн архидалт тэдний чөлөөт цаг, соёлынх нь хэмжүүр нь болчихоод байна. Сумдад төрөөс гарч буй бодлого шийдвэрийг нэг хүн ороод ирсэн ч, арван хүн ороод ирсэн ч танилцуулаад, хүнд нь таарах боломж, гарц гаргалгааг нягт тайлбарлаад өгдөг төрийн албан хаагч алга.

Нэг боломж аваад судлаад сураглаад явахаар хурдан түргэн шийдэгдэхгүй учраас олон дахин явж ирэх зардал санхүүдээ тушигдаад ихэнх нь зориг мохдог. Уг нь бол сум бүрт боломжуудыг нь бойжуулдаг төвүүдийг байгуулаад янз бүрийн санхүү, менежменийн сувгуудыг нь холбож гүүрлээд өгвөл хөгжил аандаа л ирэх байх даа.

Дараагийн асуудал бол бичиг цаас бүрдүүлдэг асуудал чинь хөдөө орон нутагт хэрэгжээгүй байдаг юм уу, эсвэл цахимжина гэж засаг нь худал яриад байдаг юм уу бүү мэд. Малаа орхиод, талбайгаа усалгаа арчилгаагүй хаяад холдож чадахгүй иймэрхүү хөдөлмөр эрхлэгчид бичиг цаас бүрдүүлж явах зав байхгүйг бодолцож үзмээр байна даа. Бас нэг асуудал бол татвар. Бид гурван  жил ямар ч орлогогүй урдах хойдохоо нөхөөд, өр зээл дээр босч өндийсөн бидний тарьц суулгацаа аль нэг байгууллагад худалдан борлуулахад заавал татвар. Би одоогоор аж ахуйн нэгжээ хараахан байгуулж амжаагүй л байна. Хувь хүн яагаад хийсэн хөдөлмөрийн үр шимээ борлуулж болохгүй гэж. Хувь хүн хувийн хөдөлмөрөө өргөжүүлж өрхийн үйлдвэрлэлээ хөгжүүлж байж, дараагийн аж ахуйн нэгж, ажил олгогч болно биз дээ. Тэрийг л төр засаг ойлгохгүй юм.

-Нууц биш бол одоо орон нутагт эрхэлж буй ажлынхаа талаар товч танилцуулна уу. Бас таны цаашдын төлөвлөгөөг сонирхож болох уу?

-Нууцсаад байх юу байхав. Цөөн тооны хэдэн мал, багахан хэмжээнд хүнсний ногоо тарьж өрхийн хэрэгцээг хангахаас гадна мод үржүүлгийн ажлаа голлон хөгжүүлж байна даа. Одоогоор нарс, шинэс, гацуур, агч, хайлаас, бургас, үхрийн нүд, хар интоор, бөөрөлзгөнө, нохойн хошуу, үрэл, чацаргана гэх мэт модны тарьц суулгац ургуулж байна. Цаашдаа шилмүүст модны тарьц суулгацаа голлоод жимсний аж ахуйг өргөжүүлэх бодолтойгоор ажиллаж байна.

Энэ хөдөлмөр цаг наргүй ажиллах, урт удаан хугацааг шаарддаг учраас  давхар орлого олох хөдөлмөр зайлшгүй хэрэгтэй байдаг.

Тиймээс хүнсний ногоо, мал аж ахуй давхар эрхэлж байна. Цаашдаа гэр бүлийн эко амралт байгуулах санаа бол байгаа. Агаар салхинд хүүхдээ өөрсдөө сувилах гэсэн хүмүүст зориулсан. Өөрөөр хэлбэл, хүнсний ногоо тарьж буй учраас эрүүл ногоо нь бэлэн, мал аж  ахуй байгаа учраас мах, сүү, цагаан идээ нь байна, жимс идүүлье гэвэл бас байж л байдаг тийм л газрыг бүрдүүлэх гээд хичээж байна.

-Засгийн газраас хөдөө орон нутгийг зорих иргэдэд тодорхой дэмжлэг үзүүлнэ, орон нутгийн удирдлагууд ч мөн хотоос орон нутгийг зорих иргэдийг уриад байгаа. Яг хотоос хөдөөг зориод ирэхэд тэдний амлаад байгаа боломж, нөөц нь ямар байдаг юм бол?

-Шилжин суурьшихтай холбоотой асуудлаар төр засгаас дэмжлэг энэ тэр гээд яриад байгаа боловч яг хөрсөн дээр огт байхгүй шүү. Шилжин ирж буй орон нутгийн зүгээс бол яг ийм тийм дэмжлэг байхгүй гэх юм. Аан тэгвэл харьяаллын БЗД-ын нэг цонхны улсын бүртгэгчээс асуулаа. Бас л бүтэлгүй хариулт. За тэгэхлээр Засгийн газрын 1111 төв рүү залгасан энэ талаар таньд өгөх мэдээллэл гарц гаргалгаа байхгүй гээд таслах юм билээ.

Төр нь үнэн яриад байгаа үгүйд итгэхэд бэрх л байна. Эсвэл төрийн шат шатны уялдаа холбоо байхгүй байдаг юм уу, бүү мэд.

Уг нь төрөөс дэмжлэг байдаг бол хүртчих санаатай хотоос хөдөө рүү шилжих шилжүүлгээ одоо хүртэл хийлгэж чадахгүй азнаад л байна. Хэнд ч эдийн засгийн эрх ашиг байхаас хойш. Нэг өрөө ч гэсэн тэглэнэ биз дээ. Орон нутагт ирээд босгох гэсэн бүхэн минь өр зээл дээр л өндийж байна шүү дээ, бор зүрхээрээ гэдэг шиг.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж