Монголбанкны Мөнгөний бодлогын хороо энэ өдрүүдэд хуралдаж, төв банкны бодлогын хүүг 13 хувиар хэвээр хадгалах шийдвэр гаргасан байна. Энэ талаар Монголбанкнаас өнөөдөр /2023.03.15/ мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Мөнгөний бодлогын хорооны нэгдүгээр улирлын ээлжит хуралдаан гуравдугаар сарын 14, 15-нд болж, гадаад дотоод эдийн засгийн нөхцөл байдал, геофолитик, дэлхийн томоохон төв банкуудын бодлогын хүүний өсөлт зэргийг харгалзан үзэж, бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.
2023 он гарсаар Хятад улсын Covid-19 хүрээнд хэрэгжүүлж байсан бодлого суларч, хил нээлттэй болсноор Монгол Улсын хувьд экспорт эрчимжиж, гадаад худалдаа сэргэсэн ч дэлхийн эдийн засгийн төлөв сайжраагүй, геофолиткийн тодорхойгүй нөхцөл байдлын улмаас эрсдлүүд үүсч болзошгүй байна.
Гэхдээ нааштай үр дүнгүүд бий. Тухайлбал, 2022 онд эдийн засгийн өсөлт бидний төсөөлж байснаас өндөр буюу 4.2 хувийн өсөлттэй гарлаа. Инфляци алгуураар саарч байна гэв.
-Төв банкны бодлогын хүү өндөр байхаар зээл олголт буурч байна. Энэ нь эргээд эдийн засгийн өсөлтийг сааруулж байгааг эдийн засагчид анхааруулдаг. Бодлогын хүүг өсгөснөөс хойш зээл олголт ямар байсан бэ. Гадаад, дотоод хүчин зүйлийн эрсдэл буурвал бодлогын хүүг бууруулах уу?
-Бодлогын хүүг 2021 оны сүүлээс 2022 оны сүүл хүртэл 7 нэгж хувиар нэмэгдүүлсэн. Алгуураар буюу нэг хувиар нэмэгдүүлэх байдлаар мөнгөний бодлогыг чангаруулж ирсэн нь Covid-19-ийн дараах эдийн засгийн сэргэлтэд тодорхой нөлөө үзүүлсэн болов уу.
Санхүүгийн салбараар дамжин гарч байгаа зээлийн өсөлт ямар байна вэ гэдгийг анзаарч явсан. Мөнгөний бодлого чангарахын хэрээр зээл олголт буурч байгаа. Гэхдээ зээлийн тасалдал бий болоогүй. 2022 онд банкны салбарын хэмжээнд 31 их наядын зээл олгогдсоноос 29 их наядын зээл төлөгдөж, зээлийн өрийн үлдэгдэл 2 их наяд байгаа.
Сүүлийн үед БНСУ, Индонези зэрэг орнууд төв банкны бодлогын хүүгээ нэмэгдүүлэхгүй байх шийдвэр гаргаад зарлаад явж байгаа. Хэрвээ инфляци хагас жилээс нэг оронтой тоо руу орвол бодлогын хүүг инфляцид нийцүүлж бууруулна.
2022 оны эцсийн инфляци, өнөөдрийн инфляцын 50 орчим хувь нь импортын нөлөөтэй байгаа. Түлш, нефтийн нөлөө өндөр байсан.Засгийн газраас нефтийн бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах хүрээнд инфляцид үзүүлдэг нөлөө нь багасч байна. Гэхдээ олон улсын геофолитикийн тодорхой бус байдал нь нефтийн бүтээгдэхүүний үнийг тогтвортой байна гэж шууд үзэх боломжгүй болгож байгаа.
-Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буугаад байхад Монголд энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ буудаггүй нь ямар шалтгаан байна вэ?
-Дэлхийн зах зээл дээр түүхий нефть буюу баррель нь нэг торх нь 60-80 ам.доллар болдог ч эцсийн бүтээгдэхүүн буюу ДТ болохоор өөр үнэтэй байдаг. Ялгаатай гэж ойлгох хэрэгтэй. Монголчуудын хувьд шууд машиндаа авч хэрэглэхээр эцсийн бүтээгдэхүүн худалдан авч байгаа. Эцсийн бүтээгдэхүүн нь зарим үед дэлхийн зах зээлийн үнээс доогуур, заримдаа дээгүүр гаарч ялгаатай байдаг. Монгол Улс нефтийн эцсийн бүтээгдэхүүн авч хэрэглэдэг гэдгийг ойлгох хэрэгтэй.
-2023 онд Монгол Улсын эдийн засагт үзүүлэх эрсдэл юу байна гэж харж байгаа вэ?
-2023, 2024 он Монгол Улсын хувьд хамгийн их өр төлбөр хийх хуваарьтай жил. Засгийн газрын баталгаатай буюу төрийн өмчит компани, Засгийн газрын Гэрэгэ, Евро, Самурай бондын нийт төлбөр 1.3 тэрбум ам.доллар болно. Хөгжлийн банк 650 сая ам.долларын бонд гаргасан. Түүгээрээ төлөх өрнийхөө 50 хувийн санхүүжилтийг хийнэ, тэгэхээр төлөх өр зээл буурна.
Иенээр төлөх өрөө Хөгжлийн банк Монголбанкнаас өөрийн эх үүсвэрээр худалдаж аваад хадгалсан. Бусад зээлийг төлөх эх үүсвэр цугларч байгаа ч эх үүсвэр нь төгрөг. Төлбөрийг доллараар хийх ёстой тул төв банкны нөөцөөс худалдан авна.
Хоёрт, олон улсын геофолитикийн нөхцөл байдал тодорхойгүй, Орос-Украйны дайнаас үүдэж, олон улс хориг арга хэмжээгээ нэмэгдүүлээд явж байгаа тул нөхцөл байдлыг хүндрүүлэх эрсдэлтэй.
Монгол Улсын экспортын 94 хувийг Хятад улс худалдан авдаг. Хятад улс эдийн засгийн өсөлтөө өөдрөгөөр төсөөлбөл манай улсын түүхий эдийг худалдан авах эрэлт нэмэгдэнэ. Түүнийг дагаад түүхий эдийн үнэ өснө. Эрэлт буурвал үнэ буурч болзошгүй, экспортын хэмжээ бас буурч болзошгүй.
Эдийн засгийн хөгжлийн яам 2023 оны нүүрсний экспортыг 36 сая тонноос илүү 40-45 сая тоннд хүргэх. Нүүрсийг хилийн үнээр зарах бодлого барьж ажиллаж байна. Сүүлийн үед нэг тонн нүүрсний үнэ 150-170 ам.долларт хүрч байгаа. Энэ хэмжээгээр экспортлох, худалдах боломж гарвал Монгол Улсын төлбөрийн тэнцэл алдагдалгүй гарна. Төлбөрийн тэнцэл алдагдалгүй гарснаар ханш тогтвортой болно. Төгрөг чангарах боломж бүрдэнэ.
-Төв банкны судалгаа хэр нийцтэй гарч чадаж байгаа вэ?
-Өнгөрсөн оны зургадугаар сард Мөнгөний бодлогын хорооноос Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2022 онд 3 хувь байх болов уу гэж төсөөлөл гаргаж байсан. Харин Дэлхийн банк 1.7 хувиар төсөөлж байсан бол 4.8 хувьтай гарч, бидний төсөөлснөөс ч өндөр гарсан.
Инфляци төв банкны төсөөлөлтэй маш ойр нийцтэй явж байгаа. 2023 оны хагас жил рүү нэг оронтой тоо руу оруулах гэдэг рүү ойртоод явж байна.
-Инфляци буурч байгаа боловч гадаад талд эрсдлүүд бна. Тухайлбал, АНУ-д инфляци сэргээд эхэллээ. Доллар чангарч бна. Эдийн засаг эрчимждэг үе эхэллээ. 2023 оны төсөвт тодотгол хийж болзошгүй байна. Иргэдийн бодит орлогыг хамгаалахад ямар арга хэмжээ авах вэ?
–Өнөөдрийн инфляци 12.1 хувь байгаа, дийлэнхийг импортын барааны нөлөө эзэлж байгаа. АНУ -ын сүүлийн инфляци 6 хувь, Европынх 12 хувьтай байна. Цаашипд өсөхгүй саармагжсан гэдэг нь нэмэлт дарамт байхгүй болно гэсэн үг.
Өнөөдрийн 12 хувийн инфляци Ази, Европоос оруулж ирж байгаа үнэ нэмэгдэхгүй байх.
Ханшаар дамжиж нөлөөлж байгаа нь тийм их биш. Өмнө нь тээврийн зардалд инфляци өндөр хувьтай байсан. Эрээнээс-Замын-Үүд хүртэлх ачаа тээврийн үнэ 2500 ам.доллар буюу 2019 оны төвшинд очсон.
2023 оны төсвийн зардал 20 их наяд байгаа. Цалинг 15 хувиар нэмэгдүүлсэн. Бодит орлого нь буурсан иргэдэд очиж байгаа халамжийн мөнгө төсөвт суугдсан учраас нэмэлт эрсдэл гарахгүй болов уу гэсэн хүлээлттэй бна. Одоогоор 2023 оны төсвийг тодотгоё гэдэг зүйл яригдаагүй учраас нэмэлт зардал өсөхгүй болов уу, энэ бүхнийг тооцсон.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ