АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби өнгөрсөн Баасан гаригт гэнэтийн мэдэгдэл хийлээ. ОХУ нь Европын өөр нэг ардчиллыг нураах төлөвлөгөөтэй байгааг АНУ-ын тагнуулынхан тогтоожээ. “Оросын тагнуулын албатай холбоотой хүмүүс Молдавт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, Молдавын засгийн газрын эсрэг бослого гаргахыг эрмэлзэж байна” гэж Жон Кирби хэлэв.
Энэ мэдэгдлээс хоёр өдрийн дараа Молдав улсад дүрмийн дагуу жагсаал болсон юм. Цэнхэр, шар, улаан тугийг мандуулсан олон мянган хүн нийслэл Кишинев хотын төв гудамжнаа жагслаа. Жагсагчид “Майя Сандуг зайлуул” гэж Европыг дэмжигч ерөнхийлөгчийн нэрийг хашгирч байв.
Орон нутгийн цагдаа нар хэв журам зөрчсөн хэргээр 54 жагсагчийг баривчилсан. Гэтэл тэдний тал хувь нь насанд хүрээгүй хүмүүс байв. Түүнчлэн дөрвөн байрлалд тэсрэх бөмбөг тавьсаны нэг нь олон улсын нисэх онгоцны буудалд байжээ. Молдавын хилээр “Вагнер”-ын хөлсний цэргүүд болон гадаадын 181 иргэн нэвтрэхийг завдсаныг цагдаа нар саатуулсан гэв.
Гэвч энэ эсэргүүцэл Путины Молдавт чиглэсэн геополитикийн амбицын хаана ч хүрэхгүй аж. Молдавыг тогтворгүйтүүлэх ОХУ-ын нууц төлөвлөгөөг харуулсан баримт бичгийг “Yahoo News” агентлаг олж авчээ. Нууц төлөвлөгөөг задруулсан эх сурвалжийн мэдээлснээр Молдавын стратегийг 2021 оны намар ОХУ-ын Жанжин штаб болон тус улсын тагнуулын үндсэн албад болох ФСБ, СВР, ГРУ-ын саналаар боловсруулсан байна.
Тус стратеги нь гадаадын орнуудыг Молдавын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, нөлөөллөө бэхжүүлэхийг нь эсэргүүцэхэд чиглэнэ. Гадаадын орнууд гэдэгт АНУ, Европын холбоо, Турк, Украин улсууд онцгойлон багтах юм. Мөн уг төлөвлөгөө нь Москвагийн дэмжлэгтэй салан тусгаарласан Приднестровь дахь Оросын цэргийн оролцоог багасгах гэсэн Молдавын аливаа үйлдлийг саармагжуулах зорилготой.
Молдав нь 2.6 сая орчим хүн амтай. Орос, Украины дайны эхэн үед тус улс 430 мянга орчим дүрвэгч хүлээж авсан. Хүн амын тоо цөөн улс учир нэг хүнд ногдох дүрвэгсдийн тоогоороо бусад орноос хавьгүй илүү байгаа юм. Молдавын эдийн засаг Европтоо хамгийн буурайд тооцогддог.
Үүрэгт ажлаа хүлээж аваад ганцхан сарын нүүр үзэж буй Молдавын ерөнхий сайд Дорин Речеанд өнгөрсөн долоо хоногт уг баримт бичгийг дэлгэжээ. Энэ төлөвлөгөө дотроо гурван бүлэгтэй. Нэгдүгээрт, улс төр, цэрэг, батлан хамгаалахын салбар, хоёрдугаарт, хүмүүнлэгийн салбар, гуравдугаарт, худалдаа, эдийн засгийн салбар гэж ангилжээ. Эдгээр нь дотроо богино, дунд, урт хугацааны зорилтуудыг тусгасан. Богино хугацааны зорилт нь 2022 оны зорилт байсан бол дунд нь 2025 он, урт нь 2030 он байжээ.
Мөн Молдавын улс төр, эдийн засгийн элитүүдийн дотор Оросыг дэмжигч тогтвортой, нөлөө бүхий бүлгүүдийг бий болгох ёстой гэж төлөвлөгөөнд дурдсан байна.
Беларусь улс авторитар дэглэмээ бататган Москватай ойр дотно байгаа бол Молдав эсрэгээрээ тойргоос гарч, баруунш чиглэж байна. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүн орнуудыг ОХУ өөрөөсөө холдуулах дургүй. Тэд АНУ, НАТО, Европын холбооны хөндлөнгийн оролцоог буруутгах хандлагатай байдаг. ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд барууныг дэмжсэн бодлого явуулах нь Оросыг цэргийн ажиллагаа явуулахад хүргэдэг гэж үзэж байна. Тухайлбал, 2008 онд Гүржийн удирдагчид АНУ, Европын холбоотой дотно харилцаа тогтоохыг эрмэлзсэний дараа ОХУ түрэмгийлэл үйлдсэн.
Молдавын удирдах түвшний албан тушаалтнууд барууны талыг баримтлах хандлагатай болсон гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тус улс өнгөрсөн зун Украинтай хамт Европын холбооны нэр дэвшигчийн статус авсан бөгөөд элсэх үйл ажиллагааг иргэдийн 63 хувь нь дэмжжээ. Ерөнхий сайд Майя Санду ч Харвардын их сургуулийг төгссөн баруунд талтай хүн юм. Тиймээс Кремлийн стратегийн зорилго биелэхэд улам бэрх болж байна. Тэд зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дарамтыг тогтмол нэмэгдүүлж, илүү түрэмгий тактик хэрэглэж байна.
Путины Молдавт ашиглаж буй гол зэвсэг нь танк, сөнөөгч онгоц бус улс төр юм. Тэр тагнуулын ажилтнуудыг Молдавт нэвтрүүлж, ардчиллын эсрэг үйл ажиллагааг өдөөж байна.
ОХУ-д ээлтэй Шор намын дэмжлэгтэй жагсаал өнгөрсөн оны есдүгээр сард Молдавыг донсолгосон. Үүний улмаас Молдав улс анх удаа Оросын байгалийн хийг ашиглахаас татгалзжээ. Майя Сандугийн хэлснээр “Тэд хүчирхийлэл үйлдэх, засгийн газрын барилга руу халдах, барьцаалах зорилгоор энгийн иргэний дүрд хувирсан цэргийн сургуулилалттай хүмүүс байсан” аж.
Жагсагчдын гол шаардлага нь хэрэглээний өндөр өртгийг төрөөс нөхөн төлөхийг шаардах явдал байв. “Нийт иргэдийн өвлийн гурван сарын дулаан, цахилгаан, хийн төлбөрийг засгийн газраас төлөхийг шаардаж байна” гэж Марина Таубер хэлжээ. Тэдгээр жагсагчид Шор нам мөнгө төлсөн тухай мэдээлэл орон нутгийн хэвлэлд олонтоо гарсан. Германы хэвлэлд ч бас жагсагчдыг өдөрт 20 евро, шөнөдөө 80 еврогоор цалинжиж байсныг мэдээлжээ. Энэ нь дундаж орлоготой молдавчуудын хувьд маш их мөнгө юм.
Шор намын дарга Илан Шор нь Молдавын улс төрд багагүй шуугиан тарьсан хүн. Түүнийг 2014 онд Молдавын банкнаас нэг тэрбум ам.доллар хулгайлсан хэргээр баривчилжээ. АНУ-ын Сангийн яам өнгөрсөн оны аравдугаар сард Шорд хориг арга хэмжээ авсан. Түүнийг Молдавын сонгууль болон тус улсын Европын холбоонд элсэх оролдлогыг сааруулах Оросын гар хөл гэж үзжээ.
Молдавыг тогтворгүйтүүлэх төлөвлөгөөнд дурдсанаар хүмүүнлэгийн салбар гэсэн ангилалд багагүй анхаарал хандуулах юм байна. Тодруулбал, Молдав дахь Оросыг дэмжигч хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг хязгаарлах оролдлогыг саармагжуулах, Орос, Молдавын харилцааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төрийн бус байгууллагуудын сүлжээг бий болгох, молдав оюутнуудад орос хэл дээр боловсрол олгох зэрэг зүйл үүнд багтана. 2025 он гэхэд Орост ээлтэй төрийн бус байгууллагуудыг тогтвортой ажиллуулахаар төлөвлөж байна.
Молдавын албаны хүний хэлснээр суртал ухуулга хамгийн хэцүү аж. Олон жил үргэлжилсэн суртал ухуулгын суваг болох Оросын телевизүүдийг хаасан ч оронд нь телеграм, фэйсбүүк зэрэг орчин үеийн платформууд гарч ирсэнтэй энэ нь холбоотой.
Түүнчлэн ОХУ баруун жигүүрээс Украин руу довтлох шинэ шугам нээхийн тулд Приднестровийг ашиглаж магадгүй гэх болгоомжлол бий. Шинжээчдийн үзэж байгаагаар Приднестров нь авлига, хууль бус наймаа, зохион байгуулалттай гэмт хэргийн голомт болсон газар аж.
Эх сурвалж: YAHOO NEWS
Холбоотой мэдээ