Хуучирсан мэдээ: 2023.03.16-нд нийтлэгдсэн

Сүүлчийн ЧУУЛГАН

Сүүлчийн ЧУУЛГАН

Хэрэвзээ, эрх баригчдын сценарийн дагуу Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийж, ирэх намар УИХ-ын ээлжит сонгууль явуулбал энэ хаврын чуулган Г.Занданшатарын парламентын сүүлийн чуулган байх болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ тухай “Шилэн нам” хэлэлцүүлгийн үеэр “Тогтолцоогоо өөрчилбөл намраас парламентын сонгууль явуулахад татгалзах зүйлгүй” гэсэн нь санамсаргүй үг биш нь ойлгомжтой, эрх баригч намын даргад ийм сонирхол байна гэсэн үг.

АН-ын дарга Л.Гантөмөр ч Л.Оюун-Эрдэнэтэй ижил байр суурьтай байгаа нь “Энэ парламент чадамжгүй болсон, хугацаанаасаа өмнө бүрэн эрхээ дуусгах шаардлагатай” гэх үгнээс нь уншигдаж байна. Гэвчиг  намын дарга нарынхаа үгэнд МАН, АН-ын бүлгийн гишүүд нь орох эсэх нь эргэлзээтэй. Бүрэн эрхээ дуусгана гэвэл, энэ парламентад хоёр чуулган үлдэнэ.  Парламентыг тараах бүрэн эрх парламентад хадгалагддаг. Санал гаргах эрх нь Ерөнхий сайдад биш Ерөнхийлөгчид байдаг. Хуульд зааснаар Ерөнхийлөгч үүнийгээ УИХ-ын даргатай зөвшилцөх ёстой. УИХ-ын дарга Г.Занданшатарын  байр суурь нь парламентынхаа бүрэн эрхийг дуусгах хүсэлтэй байгааг  “Миний дахин, дахин илэрхийлж хэлээд байгаа зүйл бол парламентын ардчиллаа  эрсдэлд оруулах вий гэх болгоомжлол юм. Аль нэг нам, хэн нэгэн улстөрчийн хүсэл амбицаар улс орныхоо чухал асуудлыг шийддэг тогтолцоотой улс биш” гэх үгнээс нь дүгнэж болно. Хоёрт, УИХ-ын Г.Занданшатар Ерөнхийлөгчийн гаргасан саналыг дэмжиж гэмээнэ УИХ-ын 51-ээс дээш гишүүний кноп шаардлагатай болох юм. Сөрөг хүчний хувьд УИХ-ыг тараах хүсэлтэй байж болох ч  эрх барьж буй  МАН-ын бүдүүн бүлэгт ийм эрх зориг дутах байх.

Г.Занданшатарын парламентаас лавтайяа 10 гаруй гишүүн хулгай, луйвар, авлига, албан тушаалын хэргээр хууль шүүхээс “зарлан дуудах” авчхаад байгаа.  Ийм парламент авлигын эсрэг эрх зүйн шинэчлэл хийж чадна гэдэг эргэлзээтэй. Монголын том авлигач, хулгайчид авлигатай тэмцэх эрх зүйн шинэчлэл хийж чадна гэдэгт иргэд ч итгэхгүй.

 Парламентын нэр хүндийг аваръя гэвэл 76 гишүүний 20 хувь  нь хулгай, луйвар, хүчин, хүчирхийлэлд холбогдсон өнөөгийн УИХ тарахаас өөр сонголтгүй. Энэ бол хэн нэгэн улстөрчийн хүсэл биш улс төр, эдийн засаг нийгмийн захиалга болсон.

Нөгөө талаасаа Үндсэн хуульд “гар дүрэх”-эд өөр шалтаг, шалтгаан олохоос өөр аргагүй болсон. Эцэг хуулийг өөрчлөх эрх баригчдын “төлөвлөгөө”-нд төсөөлөөгүй саад учирсан нь зөвлөлдөх уулзалтад оролцсон иргэдийн төлөөлөл “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй” гэх зөвлөмж гаргачихсан. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гээд зөвлөлдсөн нь үнэн, зөвлөмж нь цагаан дээр хараар бичигдсэн нь үнэн болохоор эвтэйхэн шалтаг, шалтгаан олж Үндсэн хуулийг өөрчлөх тухай МАН-ынхан “хээр явахдаа” тохирсон тухай хэвлэлээр бичигдах болсон нь оргүй хоосон цуурхал биш нь ойлгомжтой. Овоо босгосон учраас л шаазгай шагширсан хэрэг.

  Нөгөө талаар Улсын их хурал биш улсын их хулгайчдын цугларал болсон парламентыг тарааж, шинээр бүрдүүлэх нь Монголын ардчилал, тусгаар тогтнолд нэн чухал болсон.

Тэрхүү шалтаг, шалтгаан нь авлигын эсрэг эрх зүйн шинэчлэл байх бололтой, Г.Занданшатарын “…Парламентын төлөөллийн чадавхыг дээшлүүлэх, Улсын Их Хурлын сонгуулийг олонхын болон хувь тэнцүүлсэн тогтолцоог хослуулан явуулах, улс төрийн намын хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалтыг ил тод болгохыг 80-аас дээш хувиар дэмжсэн. Мөн намын хатуу гишүүнчлэлээс татгалзах, төвлөрлийг сааруулахын тулд бүсчилсэн хөгжлийг эхлүүлэх, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг батлах, төрийн алба хаагчид хөрөнгө орлогоос гадна зарлагаа мэдүүлэхийг хуульчлах нь зүйтэй. ….Улс төрийн намын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулиас эхлээд Үндсэн хууль хүртэл бүхий л хуульд авлигатай тэмцэх, авлигыг үл тэвчих үзэл санааг тусгах хэрэгтэй гэж үзэж байна” гэх үгнээс харвал.

Өнөөдрийн Монголд нүүрлэсэн хулгай, луйвраас харвал тогтолцоогоо ч, хүнээ ч өөрчлөх нь цаг үеийн шаардлага, нөгөө талаасаа улс төр, эдийн засгийн захиалга болжээ. Мажоритори тогтолцоогоо өөрчлөхгүй аваас МАН үнэмлэхүй засагласан хэвээр, авлигач, хулгайчдаасаа салж чадахгүй нь бодит үнэн.  Хэдийгээр Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр УИХ-ын сонгуулийг пропорциональ тогтолцоогоор явуулах нь боломжтой болсон ч Үндсэн хуульдаа суулгах өгөхгүй бол манаж яваа хуулиа машинаар сольдог л  “манаач”-тай улс шүү дээ. Нөгөөтэйгүүр, гишүүдийн тоог нэмэх нь аюулгүй байдал талаасаа ач холбогдолтой.  Хорь, гучин хүн хууль хэлэлцээд бүхэл бүтэн улсын хувь заяаг шийддэг байж болохгүй. Хорь, гучин гишүүний талыг нь худалдаад авчихад захиалгын хуулиа амар, хялбархнаар батлуулчихна.

Иймээс Үндсэн хуульдаа өөрчлөлтөө хийвэл хийгээд УИХ тарах хэрэгтэй. УИХ-ын даргын авлигын эсрэг цогц шинэчлэл УИХ-ын анги, танхимаас эхлэх ёстой, спикер ээ!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж