Хууль зүйн Байнгын хороо өнөөдөр /2023.03.15/ хуралдаж Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын өргөн барьж батлуулсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн 100 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авав.
Нөхөн сануулахад, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал нэгдүгээр сарын 18-ны өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлж, хоёр хоногийн дараа намрын чуулган хаахтай зэрэгцэн УИХ баталсан нь иргэдийн шүүмжлэлийг ихээхэн дагуулсан. Тэгвэл УИХ-аар батлагдсан бусад хуулийн хамтаар дээрх хуулийг нэгдүгээр сарын 26-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн юм. Уг хуулийг УИХ-д өргөн мэдүүлж, батлагдах хүртэл процессын алдаа гаргасан гэж үзсэн байдаг. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын баталсан хуулиудтай танилцсанаар шаардлагатай гэж үзвэл ажлын тав хоногт багтан хуульд бүхэлд нь эсвэл хэсэгчлэн хориг тавих эрхтэй. Гэтэл дээрх хуулийг Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлсэн хугацаа нь Ерөнхийлөгчийн хориг тавих бүрэн эрхэд заасан хугацаанд халдсан орон зайг үүсгэсэн хэмээн мэдээлж байсан билээ.
Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын баталсан дээрх хуульд бvхэлд нь хориг тавьсан бол эхлээд Хууль зүйн байнгын хороогоор уг хуулийг хэлэлцэхээр болсон. Хууль зүйн байнгын хорооны санал дүнэлтийг үндэслэн УИХ-ын хаврын ээлжит чуулганаар Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэхээр боллоо. Хэрвээ чуулганд оролцсон нийт гишvvний гуравны хоёр нь Ерөнхийлөгчийн хоригийг хvлээж аваагүй тохиолдолд уг хууль, шийдвэр хvчин төгөлдөр хэвээр vлдэх юм.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
-Ерөнхийлөгчийн хоригийг ойлгож байгаа.Ерөнхийдөө хуулийг яаралтай горимоор хэлэлцэж баталсан. Ер нь хуулийг хэлэлцэхдээ иргэд, олон нийтийн санаа бодлыг тусгаагүй, олон нийтээр хэлэлцүүлээгүй, эрх ашиг нь хөндөгдөж байгаа иргэд, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангаагүй гэдэг асуудал дээр Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчсөн байна хэмээн үзэж байгаа. Түүнээс биш Олон нийтийн сүлжээнд хүний эрхийн тухай хууль нийгэмд зайлшгүй байх ёстой юу гэвэл байх ёстой. Хууль зүйн болоод практик хэрэгцээ шаардлага зайлшгүй байна.
Сая энэ хууль батлагдсантай холбогдуулж, орон нутагт иргэдтэйгээ уулзаж, энэ хуулийн чиглэлээр мэдээлэл танилцуулга хийхэд уг хуулийг эсэргүүцэж байгаа иргэн ерөөсөө алга. Зайлшгүй байх ёстой хууль юм байна.
Өнөөдөр цахим гэмт хэрэг, түүний хохирогч болж байгаа олон арван кейс, тохиолдлууд байна. Тиймээс энэ хууль нэг талаар байх ёстой хууль байна шүү хэмээн бидэнд хэлж байсан. Гагцхүү Ерөнхийлөгчийн зүгээс эрх ашиг нь хөндөгдөж байгаа олон нийтийн оролцоог хангаагүй, цагт баригдаж, хэт яаралтай горимоор хэлэлцсэн гэж би хувьдаа ойлгож байгаа юм. Тиймээс цаашид Цахим хөгжил, харилцаа холбооны яам хууль тогтоомжийн хүрээнд хууль хэлэлцэх процессын алдаа гаргалгүйгээр олон нийтээр хэлэлцүүлж, санал хүсэлтийг нь сонсож, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн, судлаачдын саналыг сонсоод дахин оруулж ирэх байх гэж бодож байна.Тэгэхгүй бол нийгэмд мөрийтэй тоглоом, гэр бүлийн хүчирхийлэл гэх мэт олон арван гэмт хэрэг цахимиорчинд үйлдэгдэж сар бүр хохирлын хэмжээмгэмт хэргийн гаралт нэмэгдэж байгааг бид бүгд статистик тоон мэдээллээс харж байна.
Энэ хуулийг иргэдийн дунд Н.Учрал гишүүний хууль гээд нэрийдээд тогтчихсон юм билээ. Тиймээс Н.Учрал гишүүн энэ хуулиа процессынх нь дагуу оруулж ирнэ гэж бодож байна.
Хуралдаан даргалагч Б.Энхбаяр:
-Монгол Улсын Их хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 88.5-д гишүүд энэ хуулийн 88.4 заасны дагуу үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлаар ил санал хураалт явуулах бөгөөд хэрэв хууль тогтоолын зарим хэсэгт хориг тавьсан бол тухайн зүйл заалт нэг бүрээр санал хураалт явуулж дүнг танилцуулна гэж заасан. Мөн Монгол Улсын Их хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 88.6-д байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй бол хууль тогтоол хүчин төгөлдөр үлдэнэ гэж заасан байна. Одоо санал хураана. УИХ-аас 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр баталсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэлд нэмэлт оруулах тухай, Татварын Ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.
Холбоотой мэдээ