Эден Азар: Талбайд гарч хөгжилдмөөр байна, ингээд дуусвал ичгэвэртэй

Хуучирсан мэдээ: 2023.03.15-нд нийтлэгдсэн

Эден Азар: Талбайд гарч хөгжилдмөөр байна, ингээд дуусвал ичгэвэртэй

Эден Азар: Талбайд гарч хөгжилдмөөр байна, ингээд дуусвал ичгэвэртэй

Цагтаа Франц, Английн лигүүдэд гялалзаж, дэлхийн шилдгүүдийн нэгт зүй ёсоор тооцогдож явсан Эден Азарын Реал Мадрид дахь нөхцөл байдал сайнгүй байна. Дараалсан бэртэл гэмтэл нь түүний гайхалтай замналыг дордуулж, талбайд гарах нь эрс багаслаа. Тэрбээр энэ улирал ердөө 98 минутыг Ла лигт өнгөрүүлсэн бөгөөд 2022 оны есдүгээр сараас хойш талбайд гараагүй аж.

Саяхан Эдэн Азар “RTBF” гэх Бельгийн телевизэд ярилцлага өгчээ. Тэрбээр ярихдаа “Би тогломоор байна. Талбайд гарч хөгжилдөхийг хүсч байна. Бэлтгэл дээр сайн байгаа ч тоглолтод оролцмоор байна. Би дотроо багтаа тус хүргэж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Гэхдээ дасгалжуулагчаас л хамаарна. Улирлын төгсгөл гэхэд тоглох эсэхийг харж л байя. Бага зэрэг эргэлзэж л байна. Түүнд бэлтгэл дээр юу чаддагаа харуулах нь миний хийх зүйл. Тэгэж чадвал тэр намайг дуудах байх” гэв.

Эден Азар 2019 онд 100 сая еврогоор Челсигээс Реал Мадрид руу зарагдсан билээ.

Өдгөө Реал Мадридад Карим Бензема, Винисиус Жуниор, Родриго, Вальверде, Марко Асенсио, Мариано Диаз гээд довтолгооны олон сонголт бий. Гэсэн хэдий ч Эден Азар багтаа үлдэж, гарааны эрхийн төлөө өрсөлдөхийг хүсч байна.

Азар үргэлжлүүлэн ярихдаа “Би үлдмээр байна. Үргэлж үүнийг л хэлдэг байсан. Талбайд гарч, одоо ч хөлбөмбөг тоглож чадна гэдгээ баталмаар байна. Хүмүүс эргэлзэж байгаа байх. Гэхдээ зүгээр ээ. Би үүнийг сайн ойлгож байна. Гэхдээ би ирэх жил ч энд байх болно. Юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Миний төлөвлөгөөнд өөр баг руу явах гэдэг зүйл байхгүй” гэжээ.

Мөн сэтгүүлч түүнээс 2018 оны ДАШТ-ээс хойшхи замналынхаа нэг үйл явдлыг өөрчлөх боломж олдвол юуг нь өөрчлөх вэ гэж асуухад “Би магадгүй Тома Мёньетэй мөргөлдөхөөс сэргийлж нөгөө тал руугаа гүйх байлаа. Тэр бэртэл арай өөр байх байсан биз. Гэхдээ энэ бол миний түүх, миний тавилан” гэж хариулжээ.

Эден Азар нэг сонирхолтой зүйлийг ярьсан нь багийнхаа дасгалжуулагч Карло Анчелоттитой харьцдаггүй гэжээ. Тэрбээр энэ талаар “Би Анчелоттиг хүндэлдэг. Гэхдээ бид хоорондоо ярьдаггүй. Би хөлбөмбөгөө санаж байна. Тогломоор байна. Хөгжилдмөөр байна. Өөрийгөө хэрэгтэй гэдгийг харуулмаар байна. Үүнийг хэлэхээсээ айхгүй байна. Би гайхалтай замналтай. Сүүлийн 15 жилийн хугацаанд хийсэн бүх зүйл минь гайхалтай. Гэхдээ сүүлийн 2-3 жилийг эс тооцвол гайхалтай байсан. Энэ янзаараа дуусвал ичгэвэртэй хэрэг. Юу болохыг харцгаая” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж