Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, Авлигатай тэмцэх газарт шалгуулж буй УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг чөлөөлөх захирамжийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргажээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын захирамж гарснаар Т.Аюурсайхан нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын албанаас чөлөөлөгдөж байна.
Т.Аюурсайханы хувьд 2023 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт УИХ-ын гишүүн, сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байдаг. Мөн хаврын чуулганы завсарлагаанаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд буй.
Гэтэл өчигдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 14-ны өдөр Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийж, УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг чөлөөлөх асуудлыг хөндөхөөс өөр аргагүй нөхцөл байгаа гэв. Тодруулбал, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн “Нэр бүхий УИХ-ын гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байгаа. Холбогдох хэргийн мөрдөн шалгах явцад зарим нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг хөндөх нөхцөл байдал үүссэн. Өнөөдрийн байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад үндэслэж УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарыг УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх нь саад учруулж байна гэж үзэж, бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурорт хүргүүлж байгаагаа мэдэгдэв.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хувьд эрүү үүсгэж, яллагдагчаар татагдсан. 2022 оны ХОМ мэдүүлээгүй, УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэх хүсэлтээ өгсөн байгаа учраас бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулахгүй, өөрийнх нь хүсэлтийг харгалзаж, УИХ шийдвэр гаргах байх гэж үзэж байгаа” гэсэн тайлбарыг өгөв.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нар хоёулаа УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэх хүсэлтээ түмэнд зарлаж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зарласан байхад АТГ яагаад ганцхан Ж.Мөнхбат гишүүн л өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн учраас Т.Аюурсайханы УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг прокурорт хүргүүлэх болов. Ийн АТГ-ын мэдэгдэлтэй зэрэгцэн Тусгаар тогтнолын ордонд ч Т.Аюурсайхан зөвхөн сайдаасаа чөлөөлөгдөж, УИХ-ын гишүүнээс түдгэлзэх хүсэлтээ эргүүлэн татсан гэх бор шувуу нисэх болжээ. Өөрөөр хэлбэл, Т.Аюурсайхан зөвхөн сайдын суудлаасаа чөлөөлөгдөж, УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэх хүсэлгүй байгаа эсвэл намын даргатайгаа тохиролцох нь уу гэсэн хардлага үүсээд байна. Түүний энэ үгийг АТГ-аас бататгаж, ганцхан Ж.Мөнхбат л өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байгааг ч тодотгов. Ямар ч гэсэн түүнийг сайдаас нь чөлөөлөх шийдвэрийг намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргасан. Харин Т.Аюурсайхан чөлөөлөгдөх хүсэлтээ татсан уу эсвэл АТГ газар "хэргээр" түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг прокурорт өгч, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байгааг нь зарлав уу.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ