Сурвалжлага: Фторт түрхлэг 25-40 мянган төгрөгийн үнэтэй байна

Хуучирсан мэдээ: 2023.03.15-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Фторт түрхлэг 25-40 мянган төгрөгийн үнэтэй байна

Сурвалжлага: Фторт түрхлэг 25-40 мянган төгрөгийн үнэтэй байна

Бага насны хүүхдүүдийн дунд шүдний цоорол өвчин түгээмэл байна. Засгийн газраас 0-17 насны хүүхдийн шүдэнд фтор түрхэх бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар мэдээлсэн. Уг мэдээллийг олон нийт хоёр талтай хүлээн авч буй. Өмнө нь Засгийн газраас “Шүд” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн цоорсон шүдийг эмчилж байсан ч төдийлөн олон нийтэд үр дүнгээ өгөөгүй гэлцдэг. Тиймээс энэ удаагийн фторт түрхлэгт ч эргэлзэх хүмүүс олон байгаа билээ. Бид энэ удаагийн сурвалжлагаараа хүүхдийн шүдний өвчлөл, тэр дундаа фторт түрхлэгийн талаар хөндлөө.

Энгийнээр хэлэхэд, фтор нь хүүхдийн шүдийг цоорлоос хамгаалдаг. Ингэхдээ эрдэсжүүлж, бат бэх болгодог аж.

Эмнэлгүүдийн үнэ ханшийг судалбал, 25-45 мянган төгрөгийн хооронд байна. Үнийн хувьд эмнэлэг бүрийн материалаас хамааралтай гэдгийг эмч нар тайлбарлаж байлаа.

Хамгийн гол нь фтор нь шүд цоорсон хойно үр дүнгүй бөгөөд зөвхөн урьдчилан сэргийлэлт болохыг мэргэжилтнүүд онцоллоо. Хэрэв Засгийн газраас шийдвэр гарвал фторт түрхлэгт Эрүүл мэндийн даатгалын сангаас таван тэрбум төгрөг зарцуулах тооцоолол байна. Олон нийтийн зүгээс Засгийн газраас хэрэгжүүлсэн өмнөх хөтөлбөр шиг үр дүнгүй, төсвийн мөнгөөр тоглох вий гэдгээс болгоомжилж байгаа. Тиймээс бид мэргэжилтнүүдийн байр суурийг хүргэж байна.

“ШҮД” ТӨСӨЛ ЗӨВХӨН ФТОРЖУУЛАЛТААР ХЯЗГААРЛАГДАХГҮЙ

Эрүүл мэндийн яамны Амны хөндийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Анагаах ухааны доктор Б.Дөлгөөнөөс тодрууллаа.

-Засгийн газраас өнгөрөгч долоо хоногт “Шүд” төслийн хүрээнд 0-17 насны хүүхдэд шүд цооролтоос хамгаалсан фтор түрхэнэ гэдгээ мэдээлсэн. Хүүхдийн шүдний цоорол улсын хэмжээнд ямар байна вэ. Фтор түрхсэнээр шүд хорхойтохоос хамгаалж чадах уу? 

-Шүдний цоорлын талаар АУШИС-ийн эрдэмтэн, докторуудын хамгийн анхны судалгаа Монгол Улсад 1980 онд хийгдсэн. Тухайн үед шүдний цоорлын тархалт өндөр байсан. Харин өнөөдөр 40 гаруй жилийн дараах судалгааг авч үзвэл мөн л ялгаагүй шүдний цоорол өндөр буюу өвчлөл нийт хүн амын 80-90 хувьд байна. Өөрөөр хэлбэл, 10 хүүхдийн 8-9 нь шүдний цооролтой байгаа бол нэг хүүхдэд дунджаар 4-6 шүд цооролтой байна гэдэг мэдээлэл гарч ирж байна. 

Хоёрдугаарт, эрт илрүүлэг үзлэгт одоогийн байдлаар 580 мянган хүүхэд хамрагдсан. 0-17 насны хүүхдүүдийн дунд зонхилон тохиолдож байгаа нь шүдний өвчлөл гэдэг нь дахиад гараад ирсэн.

Хүүхдүүд зөвхөн өртөөд байгаа юм уу гэвэл, үгүй. Насанд хүрэгчдийн 98 хувь нь шүдний цооролтой байна. 

Энэ нь бие филизогийн хувьд явсаар байгаад шүдгүйдэлд хүргэдэг. Шүдийг эрт чанартай эмчилж байж, шүдээ хамгаалж авч үлдэнэ. Тэгэж чадахгүй байгаа тул хүн амын дунд шүдгүйдэл өндөр түвшинд хүрсэн байна. Дагаад дотрын өвчнүүд, хоол боловсруулах, зүрх судас, чихрийн шижин, амьсгалын замын өвчний хүндрэл, судасны хатуурал, цус харвалтад хүртэл нөлөөлж байна. 

-Шүд цоорлын шалтгаан юу байна вэ. Шүд цоорсон тохиолдолд фтор түрхэх нь зөв үү? 

-Цоорлыг сүүн болон байнгын шүдний цоорол гэж ангилж болно. Хамгийн эхэлж цоордог шүд бол сүүн шүд, цаашаа үргэлжлээд байнгын шүднээс араа шүд цоордог. Хүнд хоёр араа шүд байдаг, нэгдүгээр их араа, хоёрдугаар их араа. Энэ хоёр шүд зургаа болон 12 насанд ургадаг. Энэ хоёр араа хамгийн эхэлж шүдэлж, хамгийн эхэлж цоордог, тэгээд хамгийн эхэлж унадаг. Хүүхдийн байнгын шүдний хувьд хамгийн эхэлж 6 насанд шүдэлдэг араа шүд нь цоордог. Энэ араа шүд дахиад хэзээ ч ургахгүй. Тиймээс маш чухал шүд, хамгаалах хэрэгтэй шүд. Хэрвээ унавал бид хиймэл шүдэлбэр, имплант хийлгэхээс өөр аргагүй болдог. Учир нь араа шүд хоолыг зажилж буталдаг гол эрхтэн. Араа шүдгүй болбол хоол боловсруулах эрхтэн, ходоод, дотор, зүрх судасны өвчлөл, амьсгалын өвчин, чихрийн шижин, таргалалт, бодисын солилцооны эмгэг хам шинж гэх мэтчилэн маш олон суурь өвчин үүсэхэд нөлөөлдөг нь судалгаагаар нотлогдсон. Тиймээс энэ бол зөвхөн шүдний асуудал биш юм.  Шүдний цоорлоос урьдчилан сэргийлэх, фтор түрхэх талаар “Зүгээр ингээд хаяач ээ, наадахаа эцэг эхэд нь даатгаач ээ” гэж ярьж байгаа хүмүүсийн хувьд хэлэхэд, үгүй юм аа. Яагаад гэвэл шүд таны эрүүл мэндэд сөрөг үр дагавар авчирдаг.

Таныг суурь өвчтэй болоход нөлөөлнө. Үүнээс болоод эрүүл мэндтэй холбоотой бусад өртөг зардал нэмэгдэнэ. 

Өнөөдөр хувийн эмнэлгийн зардал ямар байгаа билээ. Иргэдийн цалин хүрэлцээтэй байна уу, эмчилж чадаж байна уу. Эргэлзээтэй байгаа шүү дээ. Эрүүл мэндийн яамны зүгээс ямар шийдэл олсон бэ гэвэл, өвчилсөн хойно нь эмчлэх биш, харин  урьдчилан сэргийлэх ёстой гэж үзэж байна. 

-Фтор түрхэх нь зөвхөн урьдчилан сэргийлэлт гэж ойлгох нь зөв үү? 

-Та хэд зөвөөр ойлгох ёстой. Фторжуулалт бол шүдний цоорлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээний нэг. Бидний зүгээс шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн оновчтой, нотолгоонд суурилсан, бусад улс орнууд хэрэглээд амжилтад хүрсэн сайн туршлагыг нутагшуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цогцоор нь авна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээний гол зорилт нь тухайн хүний зан үйлтэй холбоотой байдаг. Том хүнийг шүдээ угааж сургахаас илүү хүүхэд байхад нь сургах нь илүү амархан, үр дүнтэй. Хоёрдугаарт, ач холбогдол өндөр байна. Хүүхдийн ясан шүд нь зургаан насанд нь ургадаг. Тиймээс хүүхдийг зургаан нас хүрэхээс өмнө нь шүдийг нь хамгаалах ёстой. Бүр тэр хүүхдийг төрөхөөс нь өмнө, эхийг жирэмсэн байхаас нь эхэлж арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Монгол 1600 гаруй  жирэмсэн эмэгтэйн амны хөндийг судлахад тэдний 96 хувь нь шүдний цооролтой байсан. Дунджаар нэг эмэгтэйн долоон шүд цоорсон байна. Долоон шүдэн дотор нөгөө араанууд орсон байгаа. Жирэмсэн эмэгтэйчүүдийн амны хөндий өвчлөлтэй байгаа нь нярайн эрүүл мэнд, бойжилтод сөргөөр нөлөөлдөг. Амны хөндийн эрүүл мэнд муу байгаа эмэгтэйгээс нярай дутуу төрөх, хугацаанаасаа өмнө төрж байгаа нь судалгаагаар мөн нотлогдсон. Шүдний цоорол халдварладаг өвчин. Амны хөндий  нь эрүүл биш ээжээс төрсөн хүүхдийн шүд цоорох магадлал гурав дахин их болчихдог. Тиймээс  жирэмсэн байхаас эхэлж, эрүүл мэндийн хяналтыг нь сайжруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эхлүүлэхээр төлөвлөж байна.  “Шүд төсөл” нь зөвхөн фтор түрхэх төсөл биш юм. Нийт иргэдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах шаардлагатай арга хэмжээг нотолгоонд суурилсан байдлаар бусад улс орнуудын хэрэгжүүлсэн сайн туршлагыг эх орондоо авчиръя, нутагшуулъя гэсэн санаа явж байгаа юм. Фторт түрхлэг бол зөвхөн нэг арга хэмжээ нь. 

-Одоо зөвхөн бэлтгэл ажил хангагдаж байгаа  юм уу? 

-Тийм, яг зөв. Одоо бэлтгэл ажил хангагдаж байгаа учраас яг ингэнэ гэсэн тодорхой мэдээлэл гараагүй байна. ЭМЯ-ны хувьд шүдний өвчлөл тулгамдсан асуудлын нэг болсныг хүлээн зөвшөөрөөд дорвитой арга хэмжээ авахгүй бол болохгүй юм байна гэсэн үүднээс дээрх шийдлийг гаргасан. Өмнө нь зөвхөн өвчилсөн хүүхдүүдийн цоорсон шүдийг ломбодсон бол энэ удаад эрүүл хүүхдийг мөн хамруулж, ганц ч хүүхдийг орхихгүй хяналтад авч, урьдчилан сэргийлэлтийг багаас нь эхлэх, зөв зүйтэй эрүүл аж төрөх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх зорилготой төсөл юм. 

-Нэг хүүхдэд фтор түрхэхэд дунджаар хэдэн төгрөгийн зардал гарах вэ? Та бүхэн судалгаа хийж байгаа юу? Шаардагдах санхүүжилтийг Эрүүл мэндийн сайд ЭМД-аас гаргах талаар мэдээлсэн? 

-Наснаасаа ялгаатай. 0-2, 2-6, 6-12 гэхчлэн насны онцлогоос шалтгаалсан ялгаанууд байдаг. Дээрээс нь хүүхдүүд маань дотроо эрсдэл өндөр, багаар мөн ялгаатай. Эрсдэл өндөртэй хүүхдэд олон дахин түрхдэг заалттай байдаг. Зарим аймгуудад усан дахь фторын хэмжээ өндөртэй бол тэндхийн хүүхдүүдэд фтор түрхэхгүй. Иймд бүгдэд нь ижилхэн хэмжээгээр ингэж түрхэнэ гэж хэлэх боломжгүй байна. 

"НЭГЭНТ ЦООРСОН ШҮДЭНД ФТОР ТҮРХЭХ ҮР ДҮНГҮЙ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР Л ТҮРХДЭГ"

Шүд эрүү нүүрсний мэс заслын эмч Т.Туулаас фторын талаар тодрууллаа.

-Фторт түрхлэг гэж юу вэ гэдгийг та тайлбарлаж өгөхгүй юу. Шүдний цоорлоос хамгаалж чадах уу?

-Фторт түрхлэг гэдэг нь шүдний пааланг бэхжүүлэх, цоорлоос урьдчилан сэргийлэх, хэт мэдрэгшилтийг бууруулах, шүдний бат бөх талд нөлөөлнө. Фторт түрхлэгийг урьдчилан сэргийлэх зорилгоор түрхэнэ үү гэхээс биш, нэгэнт цоороод цоорлын түвшин гүн болчихсон, эсвэл сувгийн үрэвсэл үүсгэсэн нь хүндрээд ясны хальсны үрэвсэл үүссэн, хүндэрсэн тохиолдолд фторыг үр дүнтэй гэж үзэхгүй. Яагаад гэвэл амны хөндийд нэгэнт бактери үржээд, хүүхдэд үрэвслийн голомт явагдсан тохиолдолд фтор үр дүнгүй. Харин эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдийг үнэхээр анхаарч зургаан сар тутамд нэг үзүүлдэг ч юм уу, цоорлоос өмнө нь түрхүүлж байгаа бол учиртай. Хараахан тэгж чадахгүй, дандаа хүүхдийн шүдийг хүндрүүлсэн, хавдсан тохиолдолд фторт түрхлэг үр дүнтэй биш гэж үзэж байна.

-Танай эмнэлэгт эцэг эхчүүд фтор түрхүүлэхээр хэр их ханддаг вэ?

-Манайд фтор түрхүүлье гэж мэр сэр ирдэг. Үнэхээрийн бүрэн бүтэн шүдтэй, түрхэх боломжтой сүүн шүдтэй хүүхэд цөөхөн ирнэ. 12-оос дээш насны хүүхэд огт ирдэггүй. Ямар тохиолдолд хүүхдүүд ирж байна гэхээр цоорсон, өвдсөн, хүндэрсэн тохиолдолд эцэг эхчүүд хүүхдээ авчирч байна. Ер нь ээж аавуудад бага дээр нь анхаарч эмчлүүлнэ гэдэг ойлголт байхгүй дээ. Манайд ирж байгаа хүүхдүүдийн ихэнх нь өнгөр суусан, бохирдол ихтэй, амны хөндийд 2-3 шүд цоорсон жишээтэй ирдэг.

-Фторт түрхлэгийн үнэ ханшийн талаар та юу хэлэх вэ?

-25-30 мянган төгрөгийн хооронд байдаг. Бусад эмнэлгийн хувьд ч тийм байгаа байх. Гэхдээ фторт түрхлэгийг хамгаалах зорилгоор түрхэнэ үү гэхээс биш нэгэнт цоорсон, хүндэрсэн шүдэнд үр дүнгүй гэдгийг эцэг эхчүүд ойлгох хэрэгтэй. Ер нь зургаан сараас нэг жилийн дотор хүүхдийн шүдийг заавал үзүүлж байх шаардлагатай.

"НЭГ УДАА ФТОР ТҮРХСЭНЭЭС ИЛҮҮ ШҮДИЙГ ЭРҮҮЛ БОЛГОХОД АНХААРСАН НЬ ДЭЭР"

Иргэдийн хувьд фторыг үр дүнтэй арга гэж үзэхгүй байна. Ингэхдээ, өмнөх “Шүд” хөтөлбөр шиг төсвийн мөнгийг хий дэмий салхинд хийсгэсэнээс илүүтэй цэцэрлэг сургууль барих гэх мэт хүртээмжтэй байдлаар татвар төлөгчдийн мөнгийг зарцуулаасай гэж санал хэлж байна. Иргэн Б.Мөнхжаргалан “Шүдний асуудал их эмзэг байгаа л даа. Эмнэлэгт очихоор их үнэтэй. Фтор түрхээд шүд зүгээр болно гэж бодохгүй байна. Улсын эмнэлэгт хүүхдийн шүдийг урьдчилан сэргийлээд бага үнээр эмчлээд өгчихөж болох байх. Гэтэл тэгдэггүй шүү дээ. Шүдний төвд оочерлож үзсэн. Оочер нь дийлддэггүй юм билээ. Оочерлож байж сарын дараа ганцхан шүд үздэг юм билээ. Тиймээс улсын эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулаад хөнгөлөлттэй үнээр үзэхэд нь анхаарах хэрэгтэй” гэв.

Иргэн Т.Баясал “Хүүхдийн шүдэнд фтор түрхээд эмчлэх нь зөв байх. Гэхдээ мөнгөн дүн нь арай биш ээ. Төсөвт тусгана гэдэг өөр асуудал байх. Таван тэрбум бол сургууль, цэцэрлэг барих мөнгө” гэлээ. Б.Ундрам “Хүүхдийн шүдний өвчлөл маш их болсон. Өвчнөөр нь далимдуулж маш их мөнгө гарч байна. Нэг удаа түрхлэг түрхсэнээс, хүүхдийн шүдийг эрүүл болгосон нь дээр. Тэрнээс биш тэр олон тэрбум төгрөгийг гаргаад юу гэх вэ” гэсэн бол

Иргэн Б.Цэцэгмаа “Би хүүхдэдээ фтор түрхүүлдэг. Шинэ араа шүдэнд удаан байдаг юм байна л даа. Ер нь хорхойтохоос хамгаалж өгдөг гэж л боддог. Эрүүл мэндийн салбарт тодорхой тоног төхөөрөмж гэдэг юм уу Засгийн газраас хөрөнгө оруулах нь зүйтэй. Эрүү нүүрний салбарт тоног төхөөрөмж хомс байдаг” гэх мэдээллийг өгч байна.

Иймд, нэг удаадаа фтор түрхээд өнгөрөх бус хүүхдийн шүд цоорлыг эмчилсэн урт хугацааны бодлого хэрэгтэйг иргэд уламжилж байлаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж