“БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдэд арын хаалга үйлчлэхгүй”

Хуучирсан мэдээ: 2023.03.15-нд нийтлэгдсэн

“БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдэд арын хаалга үйлчлэхгүй”

“БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдэд арын хаалга үйлчлэхгүй”

Өмнөд Солонгост гэрээгээр ажиллах хүсэлтэй монгол иргэн цөөнгүй. Тиймээс жил бүр Монголоос тус улс руу ажиллах хүч гэрээний дагуу илгээдэг. Ингэснээр нэг талаар хөдөлмөрийн зах зээлд хэрэгтэй төдийгүй нөгөө талдаа иргэдэд нэгдсэн үйлчилгээ үзүүлж байгаа давуу талтай.  Гуравдугаар сарын 9-10-нд гэрээгээр ажиллах сонирхолтой иргэд хэлний шалгалтад бүртгүүлсэн.  БНСУ-д гэрээгээр ажиллахад ямар шаардлага, шалгуур тавьдаг, иргэд юуг анхаарах ёстой талаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүчний шилжих хөдөлгөөний газрын дарга З.Буянбадрахтай ярилцлаа.


БНСУ-д гэрээгээр ажиллах сонирхолтой хүмүүсийг саяхан бүртгэсэн. Хэчнээн хүн цахимаар бүртгүүлсэн бэ?

-Өмнөд Солонгос улс аж үйлдвэрийн салбартаа Монголоос ажиллах хүч авдаг. Өнгөрсөн жил нийт 855 гэрээний ажилтан авах хүсэлттэй байсан бол энэ жил солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн 2404 иргэнийг БНСУ өөрийн хөдөлмөрийн бирж дээр мэдээллийг нь байршуулъя гэсэн. Тиймээс бидний зүгээс 2023 ондоо багтаж 2404 гэрээний ажилтанг илгээхээр ур чадварын шалгалтыг авах хуваарийг товлосон. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг "EHalamj" системээр гуравдугаар сарын 9, 10-нд явуулсан. Нийт 6968 иргэн цахим системээр хандсан. Гэхдээ сонирхлын түвшинд сэтгэл хөөрлөөр хандахаас сэргийлж солонгос хэлний түвшин тогтоох таван асуулттай тест оруулсан юм. Тухайн асуултын хоёрт нь зөв хариулсан тохиолдолд системд үргэлжлүүлэн нэвтрэх боломж бүрдсэн.

Солонгос хэл огт мэдэхгүй хүмүүс гэрээний ажилтнаар бүртгүүлэх боломжгүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Тиймээс тест асуултыг оруулсан байгаа.

Тэгэхээр гэрээний ажилтнаар явах хүсэлтэй иргэд сэтгэл хөөрлөөр хандаж болохгүйгээс гадна бүртгүүлсэн ч танил талаа ашиглаад явчихна гэсэн ойлголтгүй. Өмнөд Солонгост ажиллах хүсэлтэй иргэдэд арын хаалга үйлчлэхгүй. Тодорхой хэмжээний ур чадвартай, анхан шатны мэдлэгтэй хүмүүс одоогийн байдлаар эхний ээлжид бүртгүүлсэн гэж ойлгож болно.

"EHalamj" системд амжилттай бүртгүүлсэн хүмүүсийг 45, 45-аар хуваарилж товлосон өдрийн дагуу тусгай танхимд ур чадварын болоод тестийн шалгалт авна. Ингэхдээ хүн нэг бүр рүү мэдэгдэж, хуваарьт өдөр заасан танхимд ирэх мессеж явуулдаг.

Нийт бүртгүүлсэн иргэдээс 5444 хүн өнөөдрийн байдлаар шалгалтад орохоо мэдэгдэж, төлбөрөө тушаасан байна. Төлбөрөө төлж чадаагүй иргэдэд өдөр, цаг товлож төлбөрөө төлөх нэхэмжлэл явуулсан. Хэрэв шалгалтын төлбөрийг төлөөгүй тохиолдолд дараагийн удаа дахин бүртгэл үүсгэж, нэвтрэх эрх үүснэ.

-Бүртгүүлэхэд алдаа гарсан, товлосон хугацаанд бүртгүүлж амжаагүй хүмүүст дахиад бүртгүүлэх боломж бий юу?

-Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт гэрээгээр ажиллах иргэдийн бүртгэлтэй холбоотой гомдол, санал ирээгүй. Бид бүртгэлийн хуваарийг урьдчилж мэдэгдсэн бөгөөд тухайн өдөр системд ямар нэгэн алдаа гараагүй учир дахин өөр өдөр товлох боломжгүй байгаа.

Бүртгэлийн эхний өдөр буюу гуравдугаар сарын 9-нд 4400 хүн бүртгүүлсэн. Харин 10-нд 500 гаруй иргэн бүртгүүлсэн.

Тэгэхээр систем тухайн хоёр өдөр алдаагүй ажилласан учир дахин бүртгэлийн тов үүсгэх боломжгүй гэсэн үг. Өнгөрсөн жил төлбөр төлөлт болон программ дээр алдаа заах тохиолдол гарч байсан. Харин энэ жил дээрх алдаанууд гараагүй.

-Өмнөд Солонгост одоогийн байдлаар Монголын хэчнээн иргэн гэрээгээр ажиллаж байгаа вэ?

-Он гарснаас хойш 117 иргэнийг Өмнөд Солонгос руу илгээгээд байна. Энэ сарын 23-24-нд дахин 84 иргэнийг илгээнэ. ХХҮЕГ жилийн дөрвөн улирал гадаад руу ажиллах хүч илгээдэг.

Өнгөрсөн долоо хоногт бүртгүүлсэн иргэд хуваарьт шалгалтдаа ороход хугацаа шаардлагатай. Ойролцоогоор 3-4 сар болно. Сая бүртгүүлсэн 6000 гаруй иргэнээс шалгалт авч дууссанаар дараагийн шалгалтын тухай яригдана.

Шалгалт дөрөвдүгээр сарын 10-наас эхэлж наадам хүртэл үргэлжлэх төлөвлөгөөтэй байгаа.

-Гэрээгээр гадаадад ажиллах хүсэлтэй иргэдийн шалгалтын төлбөр юунд зарцуулагддаг вэ?

-2023 онд Өмнөд Солонгос улс 16 орноос гэрээгээр ажиллах хүч авах хүрээнд шалгалт зохион байгуулна. Өнгөрсөн жил шалгалтын төлбөр 24 ам.доллар байсан бол энэ онд 28 ам.доллар болж өссөн. Тус төлбөр нь солонгос талын шалгалтын төлбөр буюу монгол мөнгөөр 98 мянган төгрөг.

Ам.долларын дансанд байршсан төлбөрийг солонгосын тал шууд татаж авдаг.

Тус шалгалтыг өгсөн иргэд 200 онооноос 110 буюу 55 хувиас дээш дүн авбал тэнцдэг. Тэдгээр тэнцсэн хүмүүсийг солонгосын хөдөлмөрийн бирж дээр хоёр жилийн хугацаатай байршуулдаг. Хэрэв энэ хугацаанд ажиллах хүчээр татаагүй бол иргэний хүсэлтээр дахин нэг жил сунгах боломжтой байдаг.

Цуцлагдсан тохиолдолд тухайн иргэн дахин бүртгүүлж шалгалтаа өгөөд эхний жишгээр явах эрх нь нээлттэй.

Өнөөдрийн байдлаар БНСУ-д 4400 гаруй иргэн ажиллаж байна.

-Энэ жилийн шалгалт өнгөрсөн онуудаас онцлог, ялгаатай юу?

-Ур чадварын шалгалтын хэмжээс дээр багахан өөрчлөлт орсныг эс тооцвол өөр ямар нэгэн онцлог гараагүй. Тодруулбал, өөр, өөр ур чадварын шалгалт авахгүй зөвхөн угсрах чадварыг харгалзаж иргэдийг сонгож авна гэсэн үг.

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын жишиг загвар бол сайтууд дээр бий.

Иргэд тэдгээр жишиг даалгавартай танилцах боломжтой. Шалгалтыг Солонгосын талаас авч байгаа учраас оноонд нөлөөлөх, танил талаа ашиглах ямар ч боломжгүй. Дөрвөн талаас камертай, ажиглагчтай тусгай танхимд шалгалт авдаг. ХХҮЕГ зөвхөн шалгалтын бэлтгэлийг л хангаж өгдөг байгаа.

"ӨМНӨД СОЛОНГОСТ МОНГОЛ ИРГЭДИЙН ХАРЛАХ МАГАДЛАЛ 39 ХУВЬ БОЛСОН"

-Иргэд гэрээгээр ажиллах хугацаандаа тус улсад харлах, ажлын байраа орхих зэрэг тохиолдол гардаг уу? Үүнээс үүдэж ямар нэг эрсдэл үүсдэг үү?

-Мэдээж байдаг. Өмнөд Солонгос улсад нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж байгаа. Тус төв гэрээгээр ажиллаж байгаа иргэдэд болон бусад бүх монгол хүнд шаардлагатай тусламжийг үзүүлдэг. Нэг цэгийн төв харласан болон гэрээний ажилтнуудтай илүүтэй тулж ажиллахыг зорьдог.

Гэхдээ харлах үзэгдэл сүүлийн үед ихэссэн. Энэ нь маш олон эрсдэлтэй. Гэрээгээр ажиллуулах хүсэлтэй хүмүүсийн тоо буурах төдийгүй виз гарахад ч сөрөг нөлөө үзүүлдэг.

Тодруулбал, Өмнөд Солонгост харлах иргэдийн хувь 39 болсон. Энэ тоо бол өндөр. Тиймээс цаашид иргэдийг харлахгүй байх тал дээр анхаарч, эх орондоо ирж буй иргэддээ хөдөлмөрийн зах зээлийг бэлдэх зэргийг авч үзэж байгаа. Үүний нэг жишээ бол ажлын байранд зуучлах өдөрлөгүүд. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Мишээл экспод нэгдсэн өдөрлөг хийсэн. Ирэх зургадугаар сард хөдөлмөрийн өдөрлөгийг дахин зохион байгуулна.

Харлах болон визийн хугацаа хэтрүүлэх зэрэг асуудлаас үүдэж Монголоос ажиллах хүч авах тоо жил бүр буурсан онууд бий. Харин энэ онд өссөн үзүүлэлттэй байна.

Гол нь ажиллах хугацаандаа хариуцлагатай, ухамсартай байх нь чухал. Мөн нөгөө талдаа Монголын хөдөлмөрийн зах зээлийг иргэдэд ээлтэй болгоход анхаарах хэрэгцээ, шаардлага ч их байна гэж харж байгаа.

-Гадаадад гэрээгээр ажиллаж байгаа хүмүүс ажлын байр, орчин нөхцөл нь таалагдахгүй тохиолдолд ажлаа солих боломжтой юу?

-Боломжтой. Ажлаа солино гэдэг тийм ч таатай зүйл биш. Гэхдээ иргэн өөрөө хүсвэл гэрээгээр тус улсад ажиллаад зургаан сар болсон тохиолдолд ажлаа солих боломжтой. Нэг цэгийн төвийнхөн энэ асуудалд анхаарч бүр болохгүй тохиолдолд тухайн иргэнийг дараагийн ажлын байранд зуучилж өгдөг.

Хөдөлмөрийн харилцаанд маргаан үүссэн үед монгол ажилтнуудын эрх ашгийг хамгаалах байгууллага байгаа учраас иргэд мөн санаа зовох шаардлагагүй.

-Монгол иргэд түлхүү ямар ажлын байранд хуваарилагддаг вэ?

-Гол төлөв аж үйлдвэр, дэд бүтцийн салбарт ажиллаж байна. Өрхийн үйлдвэрлэл, цонх, цэвэр усны үйлдвэрт төдийгүй гагнуурчин зэрэг ажлын байранд хуваарилагддаг. Түүнээс хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг монгол иргэд сонирхдоггүй.

Шалгалтад тэнцсэн иргэд өөрсдөө аль салбарт ажиллах сонирхолтой байгаагаа хэлж бид түүний дагуу тус улсын хөдөлмөрийн бирж дээр иргэний мэдээллийг кодлон байршуулдаг.

"СОЛОНГОСООС ГАДНА ЯПОНД УР ЧАДВАРТАЙ ХҮМҮҮСИЙГ АЖИЛЛАХ ХҮЧЭЭР ИЛГЭЭДЭГ"

-Өмнөд Солонгосоос бусад улс руу монгол иргэд гэрээгээр ажиллах боломжтой юу?

-Япон руу гэрээгээр ажиллах хүсэлтэй ур чадвартай хүмүүсийг илгээдэг байгаа. Ур чадварын дадлагажигчийг хувийн аж ахуй нэгжүүд илгээдэг. Ур чадвартай гэж тодотгоод байгаа нь японд ажиллаж, амьдрах сонирхолтой иргэд тусгай шалгалт өгч сертификат авч, ХХҮЕГ-т бүртгүүлдэг.

Манай байгууллага тухайн хүнийг бүртгэж ажиллах боломжтой салбар буюу сувилахуй, барилга, туслах үйлчилгээ зэрэг чиглэлүүдээр тус улсын ажил олгогчдод танилцуулдаг байгаа.

Ийнхүү хөдөлмөрийн гэрээгээр гадаадад ажиллах боломжтой. Гэхдээ энэ нь солонгосоос өөр нөхцөлтэй зуучилдаг. Харин солонгосын хувьд тус улсын талаас ажиллах хүчээ сонгож, шалгаруулж, шалгалт авч авдаг гэсэн үг.

-Гэрээний ажилтныг ХХҮЕГ-аас бусад газар зуучлах боломжтой юу. Цахим хуудаст гэрээний ажилтан илгээх талаар зарууд их байдаг?

-Цахим залилантай холбоотой анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээллийг цагдаагийн газар болон ЭСЯ, ХХҮЕГ-аас иргэдэд хүргэж байгаа. Тухайлбал, усан онгоцны үйлдвэрт гагнуурчин авна, E10 зэрэг өөр визээр БНСУ-руу гаргана зэрэг зарууд их бий. Энэ төрлийн залилан сүүлийн үед газар авч байгаа учраас сэрэмжлүүлгийг тогтмол гаргаж байна.

Монгол Улс нь Өмнөд Солонгосын аж үйлдвэр, хүний нөөцийн газартай гэрээтэй ажилладаг. Мөн тус улсын хөдөлмөрийн яам Монголын Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам хоорондоо санамж бичиг байгуулж ажилладаг.

Энэ хүрээнд гэрээт ажилтныг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар зөвхөн зуучилдаг гэж ойлгож болно. Тиймээс иргэд өөрт шаардлагатай мэдээллийг манайхаас болон ЭСЯ зэрэг баталгаат эх сурвалжаас лавлахыг зөвлөж байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.МӨНГӨНСИБИРЬ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж