Гэрийн дотоод тохижилт дотор нь амьдарч буй хүнийхээ амьдралд ихээхэн нөлөөтэй аж. Хятадын уламжлалт Фэнг-шүйн ухаанд гэрийн тавилгыг хааш нь харуулах, юуг юутай хослуулах зэргийг нарийн заасан байдаг. Тэгвэл барууны одон орон судлаачид ч бас зурхайн ордныхоо дагуу гэрээ хэрхэн тохижуулахыг зөвлөжээ.
Хонины ордныхон зоримог, гал цогтой зан чанартай байх нь элбэг. Тиймээс сүр жавхлант улаан өнгийг гэрийн дотоод тохижилтдоо ашиглавал зохимжтой. Тэд шинэ санааг туршихаас айдаггүй гэдгийг мэргэжлийн хүн хэлжээ. Хэрвээ улаан өнгө хэтэрхий хүнд санагдаж байвал жижиг деталь оруулсан ч болох юм.
Үхрийн ордныхны хувьд харьцангуй тайван, уламжлалаа дээдэлдэг хүмүүс байдаг. Тэд ая тухтай байдлыг эрхэмлэдэг бөгөөд гэрээ ном, сувинер сэлтээр чимэх дуртай. Уламжлалт хэв маяг болон байгалийн өнгө, тэр дундаа цайны бор өнгө тэдний гэрийн тохижилтод хамгийн тохиромжтой. Цайны бор өнгө гэхээр модон тавилга хамгийн түрүүнд санаанд орох болов уу. Модон тавилга нь айл гэрт тайван, халуун дулаан эрчим мэдрүүлэх болно.
Ихрийн ордныхон хөгжилтэй, нийтэч, бүтээлч сэтгэлгээтэй. Тэдний гэрт зочлоход яг л энэ хэв маяг нь мэдрэгдэнэ. Ихрийн ордныхны гэрт хамаатан садан, найз нөхдийн цугларалт ойр ойрхон болдог гэдгийг судлаач хэлжээ. Үдэшлэгийг санагдуулам өнгө өнгийн засал чимэглэл, богемийн хэв маяг тэдний гэрт хамгийн тохиромжтой. Ханандаа солонгон хивс өлгөж, өнгө өнгийн шилэн эдлэлээр гэрээ чимээрэй.
Мэлхийн ордныхон хамгийн гэр бүлсэг хүмүүс байдаг аж. Тэд орон гэрээ халуун ам бүлээрээ байхад тохирсон байгаасай гэж хүсдэг. Энгийн хийгээд тансаг, уламжлалт хэв маяг давамгайлсан засал чимэглэлийг тэдний гэрээс харах боломжтой. Мэлхийн ордныхны гэрийн дотоод засалд хамгийн тохирсон өнгө нь хөх, ногоон, нил ягаан юм.
Арслангийн ордныхон хамгийн дэгжин, максималист байдаг. Тиймээс гэрийн дотоод засал нь ч максималист, гэрэл гэгээтэй, олон тавилга, сувинер сэлттэй байх нь бий. Хүрээлэн буй орчин нь тансаг харагдаж л байвал тэд гэртээ байгаа мэт мэдрэмж авдаг. Алтлаг өнгийн тавилга тэдэнд хамгийн тохиромжтой.
Охины ордныхныг хамгийн мэдрэмжтэй гэхэд хилсдэхгүй. Тэд аль болох минималист хэв маягийг эрхэмлэдэг аж. Гэртээ анхаарал сарниулах зүйлс аль болох бага байрлуулж, төвийг сахисан байдалтай байхыг хүсдэг. Тиймдээ ч хар, саарал, цагаан өнгө тэдний гол сонголт болдог. Тэдний гол уриа бол тайван уур амьсгал.
Жинлүүрийн ордонд төрсөн хүмүүс дэгжин, эелдэг зантай. Тэд тайван, дуу чимээ багатай, сэтгэл санааг үймүүлдэггүй орчинд дуртай. Цайвар өнгийн дотоод засалтай орчинд тэдний төвлөрөл, бүтээлч чадвар хамгийн өндөр байдаг. Тэр дундаа пастел өнгө хамгийн шилдэг сонголт болох юм.
Хилэнцийн ордныхныг зурхайн хамгийн готик орд гэдэг. Тэд орчин үеийн чиг хандлагатай засал чимэглэлд дуртай. Хааяа огцом хэв маяг бүхий сувинер, хувцас хэрэглэлд дурлах нь ч бий. Зургийн жааз зэрэг жижиг деталийг готик хэв маягтай болговол тэдний санаанд нийцнэ.
Нумын ордныхон адал явдалд дуртай, зоригтой. Тэд өөрсдийн гараар хийсэн, сэтгэл шингэсэн дотоод засал чимэглэлд дуртай. Тиймдээ ч тэд амьдралын хором мөч бүрийнхээ дурсамжийг нандигнадаг төрлийн хүмүүс юм. Хэдий олон өнгө, олон хэв маяг холилдсон ч юмс өөр өөрийн байрандаа байх л тэдэнд хангалттай. Хааяа жаахан хэтрүүлмээр санагдвал амьтны дүрстэй, ширэнгэн ойн сэдэвтэй ханын цаас, сувинер зэргийг сонгоорой.
Матрын ордныхон бол хамгийн ажил хэрэгч хүмүүс. Тэдний хүрээлэн буй орчин эмх цэгцтэй байснаар ажлын бүтээмж нь нэмэгдэж, амжилт гаргадаг. Харахад эмх цэгцтэй байхаас гадна тавилгууд нь бат бөх, буйдан нь тав тухтай, цэвэрлэхэд хялбар байх ёстой. Өнгөний хувьд цөцгийн шаргал, цайвар өнгө тохиромжтой. Олны нэрлэж заншсанаар скандинав хэв маягийн дотоод засал тэдэнд хамгийн тохиромжтой.
Хумхын ордныхон бүтээлч, сонирхолтой хүмүүс байдаг. Тэд орчин үеийн хэв маягтай, цайвар, өөгүй тавилга сэлтэд дуртай. Цагаан тавилгаа бага зэрэг сонирхолтой болгоё гэвэл цайвар хөх, ногоон зэрэг зөөлөн өнгийг нэмээрэй. Зөөлөн өнгө тэдэнд урам зориг өгч, сэтгэлийг нь хөгжөөдөг.
Загасны ордныхон сэтгэл хөдлөл өндөртэй, мөрөөдөмтгий, дурсамжаараа хөглөгдөх дуртай хүмүүс байдаг. Загас гэдэг нэр шигээ тэд ус, далай тэнгисийг санагдуулам дотоод засал болон өнгөнд дуртай. Далайг санагдуулам бэлэг дурсгалын зүйлс, гар хийцийн зүйлсээр гэрээ чимэх нь тэдний хобби юм.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ