Авлига ба Ардын нам: Уйлмаар, дуулмаар…

Хуучирсан мэдээ: 2023.03.15-нд нийтлэгдсэн

Авлига ба Ардын нам: Уйлмаар, дуулмаар…

Авлига ба Ардын нам: Уйлмаар, дуулмаар…

ТЭМЦЛИЙН ЭХЭНД ӨРГӨСӨН ТУГ

Сүржин хэлбэл, МАН авлигатай “дайн” зарласан. Авлигачидтай биш, авлигатай шүү. "Шударга 5" гэх гуншин өөрсдөдөө нааж явсан ч нэгэнт албан тушаалд очицгоож хэлсэн үгнээсээ буцан тэмцлийнхээ эхэнд бууж өгсөндөө бантаад өөр нэгэн ажиллагаа өрнүүлсэн бөгөөд тэр нь "5Ш" ажиллагаа аж. Таван хошуу мал, таван хошуу, алтан тавд дуртай тэдний үеийнхэн аргагүй тавын тоонд дуртай.

Хоёр дахь 5-ын ажиллагааг зарлахдаа хэлэлцээрийн цагаан тугаа өргөснөө МАН-ын дарга “Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид өөрөө өөрсөдтэйгээ, мөн намынхаа журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг” гэх үгээрээ зарлав. Энэ туг бууж өгснийг гэрчилдэг ч бас нэгэн утга нь байлдагч талууд хэлэлцээр хийхийг илэрхийлдэг билээ.

Эхлээд бусдыгаа номхотгохын тулд өндөр албан тушаалтай журмын нөхөрт гүйцэтгэх ажиллагаа явуулав. Баригдав, балрав. Бууж өгөв. Ингээд хэлэлцээ хийв. Тулгалтыг хүлээн зөвшөөрөв. Баригдсан авлигчаа суллав. Яагаад гэвэл авлигын эх үндэс нь МАН өөрөө учраас энэ намын эд, эс болсон жирийн гишүүд цэвэр байж болох ч эрх мэдэлтнүүдэд цэвэр явсан жишээ ховорхон. Тиймээс хүчтэй нь хүчгүйгээрээ цагаан тугаа тахихаар тохиров. Гол зорилго нь өөрсдийн мөнхийн бай болох сэхээнд буй сөрөг хүчнээ сэхэхгүй болтол нь намнах . Тиймээс эхний шүглээ үлээв, Хөгжлийн банкны хэрэг. Дараагийн шүгэл тас дуугарав, нүүрсний хэрэг…

ШҮҮР НЬ ШАНАГА БОЛОВ

Авлигчдыг гэм буруугүй хүнээс ялгаж салгах нэгэн шүүр нь сонсгол гэж тэд тодорхойлж буй. Гэвч… Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах гурав дахь удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол болов. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр улайм цайм тулгасан, чиглүүлсэн асуулт асуугаастай.

АСЕМ Вилла төсөлд Хөгжлийн банкнаас олгосон зээлийн талаарТаныг ер нь МSC групптэй холбоотой гэж ярьдаг. Сонин хэвлэлээр ч гардаг. Энэ чинь үнэн юм уу” гэж Сангийн сайд асан С.Баярцогтоос асуух жишээтэй. Үнэндээ энэхүү группээс шууд хамааралтай байгаад УИХ-д сонгогдсон гишүүн нь журмын нөхдөд нь бий.

Ер нь намаасаа хаймаар… Хөгжлийн банкны сонсголоор өөрийн намын хэдэн нөхрийг золигт гаргаад Ардчилсан намыг адгийн хулгайчид болгож харагдуулах зорилготой болохоор энэ асуултыг ийм өнцгөөс тавих нь ч аргагүй биз. Сонголын зорилго нь тэрхүү намд харъяалалтай болгоныг дуудаж, харлуулахыг оролдож байгаа. Гэвч дүрдээ хэт итгэснээр онигоо болоход тун чиг ойрхон байна. Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг бас л буруутгасан ч түүнийг ажлаа өгөхөд долларын ханш өнөөгийнхөөс хоёр дахин бага байсныг ард түмэнд зарлуулах гээд байсан учраас амыг нь хааж, микрофоныг хаав. Ер нь өөрөө бусад руу дайрч, элдвээр харлуулдаг. Яллаад буй сэжигтэн нь өөрийгөө өмгөөлж, үг хэлэх боломж ч олдоггүй өрөвдөлтэй сонсгол болсоор удлаа. Өшөө удаан үргэлжлэх тусам булайгаа дэлгэх бололтой. Тэд шүүхээс өмнө шүүж байна.

Шүүлт нь дэмийрэл, шүүр нь шанага болоод эхэллээ. Үнэхээр шударга дүрд тогломоор байгаа бол дэмжих сангуудаас зээл авагсдаа дуудууштай.

ШУВУУХАЙ ЮУ ШУЛГАНАНА ВЭ…

Нэгэнт тэдний авлигатай тэмцэх тэмцэл эхнээсээ үлгэр болов. Шувуу ажиллагааг эхлүүлснээ Х.Нямбаатар сайд зарлав. Ингээд 90 гаруй хүний нэрсийг зарласнаас авлигын гэх хэрэгтэй холбоотой Т.Бадамжунай, Н.Удаанжаргал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгээс бусад нь урд өмнө нь нэрийг нь ч сонсч байгаагүй "хулгайч" нар байв.

Т.Бадамжунай өнөөдөр тэдэнд хэрэггүй  болсон бөгөөд “Авлигачдаасаа салсан” гэх үгтэй болгоход л үнэ хүрэх, үеэ өнгөрөөж буй хүн. Харин Н.Удаанжаргалыг нисгэсэн буруутан нь өөрсдөө. Түүнийг барьж ирээд яллаа гэхэд нэг бол хөнгөн ялласан болоод өнгөрнө эсвэл  Н.Удаанжаргалын өргөдлийн дагуу Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан бүдүүн бүлгээрээ буруутан болох хэрэг гарна.

Ч.Сайханбилэгийг буруутгаад буй “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын хувийг Монголд авчирсны ачаар бид хоёр жил хэртээ цахилгаан, дулааныхаа мөнгийг төлүүлсэн бол Дубайн гэрээнийх нь ачаар Оюутолгойн далд уурхайн нээлтийг хийлээ. Муу хэлсээр тууз хайчилдаг нь баримт юм даа. Энэ уурхайн хойшдоо өгөх өгөөжийн талаар амаа олохгүй магтацгааж байна. Харин шувуу ажиллагааг санаачлагч энэхүү нээлтийн туузыг хайчлах болсон нь тоглоом уу, шоглоом уу?  Оюутолгойн гэрээг гардан хийсэн С.Баярцогтыг сонсголоор буруутгагдаад сууж байдаг. Гэрээг хийлгүүлсэн С.Баярыг хорьж, Ч.Сайханбилэгийг буруутгаж, Ц.Элбэгдоржийг харлуулсан үйлдэл нь өөрсдөд нь ирэхгүй л гэж бодоод байх шиг. М.Энхболд шиг адгийн авлигачин байхгүй гэсээр буулгасан хэр нь яагаад түүнийг дурсахгүй байна гэдгийн учир нь эхэнд хэлсэн цагаан тугийн хэлэлцээр байжээ. Гэтэл М.Энхболдоос өмнө хаанчилж байсан шар дээлтээр шинэ Үндсэн хууль санаачлуулаад л байгаа нь хөх инээд хүрмээр… Хулгайч хулгайчийг бариарай гэж хамгийн чанга хашгирдаг гэдэг байх аа.

 ШҮҮР УНАСАН “ШУЛАМ”…

 Жигүүртэйсэн бол нисэхсэн, далавчтай бол дүүлэхсэн… гэдэг шиг шувуу биш хойно онгоцоор эсвэл "шүүртэй" нисэх хоёр арга бий. Эхнийх нь бүтлээ гэхэд гадныхан өөрсдийн нутаг дэвсгэр дээрээс улс төрийн зорилгоор, шүүхээр буруутай нь тогтоогдоогүй хүнийг шүүрүүлэх нь юу л бол… МАН-ын суртал ухуулга "Авлигатай тэмцэнэ" болохоор амаараа бол шүүртэй ч ниснэ. шүүргүй ч шүүрдэнэ. Үлгэрт яаж ч болно шүү дээ.

АВЛИГАГҮЙ БОЛ АМИА АЛДАХ АРД ТҮМЭН …

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг  "Эрхтэн шилжүүлэн суулгуулах иргэдийн байр, тоног төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Тиймээс энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Албан тушаал, авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн барагдуулж буй орлого, энэ төрлийн гэмт хэргийн улмаас улсад хураагдсан хөрөнгийг зөвхөн эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, хавдрын өвчлөлийг бууруулах, эрхтэн шилжүүлэн суулгуулах иргэдэд зориулсан тусламж үйлчилгээ, байр, тоног төхөөрөмжийн хүртээмжийг сайжруулахад зарцуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Энэ бол төсөв санхүү хомсдолтой байгаа үед тусламж шаардлагатай иргэдэд үзүүлэх томоохон дэмжлэг болно" гэв. Дургүй нэгнийхээ хөрөнгийг хуулиар дээрэмдэх төлөвлөгөөний тухай энд яриад байна.  Энэ намд монголчуудын хөрөнгийг хураан авч нийгэмчилсэн арвин туршлага архивт нь бий. Хавдраар нэг номерт бичигдэж буйн шалтгааны том хүчин зүйл нь утаа. Шахмал түлш гээч иргэдийн эрүүл мэндэд энгийн хүний нүдээр ямар их хордуулж буйг ил болгохгүй байгаагийн цаана "Агаарын бохирдол 50 хувь буурсан" гэдэг эрх баригчид бий. Тиймээс тэд өөрсдийгөө шоронд хийж, шонд дүүжлэх нь юу л бол…

Хэдийгээр авлигачдын мөнгийг хурааж иргэдийн эрүүл мэндийг хамгаалах нь сайхан санаа мэт боловч тэгж чадахгүй бол үхэх л сонголт бидэнд үлдэх нь. Энэхүү логикоор бол авлигачид маш их мөнгийг авсан байх хэрэгтэй бололтой. Гэхдээ эрүүл мэндийн салбарыг сэргээх их хэмжээний мөнгө авлигын сүлжээнд байна гээд бодохоор уйлмаар… Авлигачдын буян юм даа гэж дуулмаар…

Сайдтан "Бидний судалгаагаар хавдрын шинэ эмнэлэг 160 орчим тэрбум, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилга барихад 140 орчим тэрбум, эх, хүүхдэд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэхэд долоон тэрбум, нийт 310 орчим тэрбум төгрөгийн хэрэгцээ шаардлага байна"  гэсэн нь энэ хэмжээний авлига авсан нөхөр тэдний жагсаалтад байна л гэсэн үг. Хавдартайгаа тэмцэн үхэлтэй үзэлцэж буй хүн бас авлигачдыг бариад өгөөсэй гэж залбирах хэрэг гарах нь…

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн өчигдөр мэдээлэл хийж, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар гэсэн гурван гишүүнийг мөрдөн шалгаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурорт хүргүүлснээ мэдэгдсэн. УИХ-ын дарга Г.Занданшатар ч "Товчхондоо хаврын чуулган авлигын эсрэг эрх зүйн шинэчлэл хийсэн чуулган байх болно" гэж ярьжээ. Өмнө нь энэ хүн авлигаар дагнасан шүүх байгуулах тухай сэрүүн зүүдэлж явсан билээ. Харамсалтай нь, Үндсэн хуулийг өөрчлөлтөөр улам сайжруулан сайхан болгоно гэсэн нь дордуулж, давхар дээлээ тайллаа гэсэн нь өмсөхөд хүргэж, авлигатай тэмцэх тоолонд авлигын индекс нь уруудсаар буй нь гашуун ч гэлээ үнэн. Тэд хуулиар энэ бүх завхарлыг бий болгож байна. Авлигын үндэс нь авлигачдад бус энэ нам болоод хувирчихлаа. Тэдний сүр дуулиантай шүгэлдээд зарлаад байсан авлигачдын жагсаалтаас энэ хугацаанд хэд нь хасагдав. Ингээд бодохоор энэ тэмцэлд авлигаачдад дуулах, бусдад нь уйлах л боломж олгож байна. Айдсаар удирдах адгийн арга барилыг л хэрэгжүүлж байна.

Тиймээс О.Дашбалбар агсны гэрээсэлчлэн,

Өнөөдөр чи инээж нөгөөдөх чинь уйлдаг ч
Өөр нэгэн өдөр чи гуниж, цаадах чинь дуулах болно… 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж