“Бүрэн цутгамал” ХХК-аас өнөөдөр /2023.03.14/ хэвлэлийн бага хурал хийлээ.
“Бүрэн цутгамал” ХХК-ийн захирал Б.Батдэлгэр:
“Барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах улсын комиссын хууль бус бүрэлдэхүүн, хууль бус үйлдлүүдийн талаар Авилгатай тэмцэх газар/АТГ/-т 2017 оны хоёрдугаар сарын 20-нд “Бүрэн цутгамал” компаниас гомдол гаргасан. Гэвч АТГ ажлаа хийхгүй, хэргийг удаа дараа хааж ирлээ. Яагаад бэлэн баримт байхад АТГ ажлаа хийхгүй байгаа юм бэ?. Монгол Улсын Засгийн газраас авлигатай тэмцэх таван “Ш” хөтөлбөр зарласан. Иргэд мэдээлэл өгч, авлигын эсрэг тэмцэхийг уриалж байгаа. Гэвч өгч байгаа мэдээллийг нь шалгах субъект нь ашиг сонирхлоороо хандаж, шалгахгүй байна.
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 151 дэх тогтоолоор барилга байгууламжийн улсын комиссын бүрэлдэхүүнийг тогтоож өгсөн байдаг. Үүнд 7 байгууллагын төлөөлөл оролцоно. Долоо дахь байгууллага нь мэргэжлийн хяналтын төлөөлөл оролцоно гэдгийг нарийвчилж заасан. Гэтэл Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар мэргэжлийн хяналтын төлөөлөл оролцуулахгүй өөрсдөө инженерүүдээ оролцуулсан. 2013 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж Засгийн газрын 151-дүгээр тогтоолыг зөрчиж дахин комиссын бүрэлдэхүүнийг шинэчилсэн байдаг. Үүнээс гадна Засгийн газрын тогтоолд дурдагдаагүй Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний инженерүүдийг оруулахаар шинээр тогтоол гаргасан. Энэ асуудал нь Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 8 дахь заалт буюу Засгийн газрын шийдвэрийг төрийн байгуулга, албан тушаалтан үг дуугүй даган биелүүлнэ гэсэн энэ заалтыг зөрчиж дураараа улсын комиссын бүрэлдэхүүнийг өөрчилсөн байна. Ингээд улсын бүрэлдэхүүнт комисс мэргэжлийн албаны хүн байхгүй байна. АТГ, Улсын комисстой ашиг сонирхлоор нэг байна гэж манай зүгээс хардлага төрж байна.
Д.НЯМХҮҮ