Монголын ерөнхий боловсролын 50 сургуульд Их Британийн "Pearson" компаниас англи хэлний хөтөлбөрийн платформыг авч, туршилтаар нэвтрүүлнэ гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлж байна. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яам Боловсролын нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаагаас тодрууллаа.
Тэрбээр "Англи хэлний сургалт манайд нэлээн удаан хугацааны турш хүндрэлтэй байсан. Бид төдийлөн сайн үр дүнд хүрч чадахгүй байгаа. Тэгэхээр олон улсын байгууллагуудаас хийсэн судалгаагаар сурах бичиг чанартай сайн байж чадахгүй байна. Хоёрдугаарт, багш нар маань хүүхдүүдэд зааж байгаа арга барил, хичээлийн бэлтгэлтэй холбоотой асуудал байна гэж дүгнэсэн. Үүнтэй холбоотойгоор бид Их Британийг "Pearson" компанитай хамтран ажиллаж, платформыг хэрэгжүүлнэ. Энэ платформ багшийн заах бүх агуулга, англиар ярих, бичих, сонсох ур чадварын хүрээнд хангалттай нөөцтэй гэсэн үг. Энэ платформыг Монголын өндөр төлбөртэй хувийн сургуулиуд нэвтрүүлсэн байдаг. Тиймээс бид улсын сургуулийн сургалтыг хувийн сургуульд дүйцүүлэхийн тулд үр дүн нь баталгаажсан системийг улсын сургуульд нэвтрүүлж, сурагчдад ижил боломжийг олгоно. Монголын хувийн сургуулиудад нэг сурагчид 6-12 хувийн ахиц авч ирдэг гэсэн үр дүн гарсан.
Энэ платформ нь дижитал систем учраас интернэтийн холболт, багш нарын ур чадвар, сурагчид бэлэн байна уу гэдгийг баталгаажуулах үүднээс тавдугаар ангиудад туршилт хийж байна.
Уг туршилтын үр дүнд тодорхой тохируулгыг хийж, бэлтгэл хангана. Ирэх жилүүдэд таваас дээш ангиудад англи хэлийг заахдаа "Pearson" компанийн англи хэлний хөтөлбөрийн платформыг ашиглана. Бид ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийн өөрчлөлтийг хийж байгаа. Үзэл баримтлалаа боловсруулж буй. Монголын хүүхдүүдэд ямар ур чадвар хэрэгтэй вэ гэдгээ тодорхойлж байгаа. Ер нь Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн нэг жил орчим ажиллаж, маш олон хүмүүстэй уулзсан. Ингэснээр сурагчдад заах хичээлийн тоог цөөрүүлж, багш сурагчдыг ачааллыг бууруулах, технологийн дэвшлийг ашигласан сайжруулсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэл хангаж байна. Хот, хөдөөгийн боловсролын ялгаа орчин нөхцөл, багшийн ур чадвараас хамаардаг. Улаанбаатарын хамгийн сайн багшийн хичээлийг онлайнаар Medlee.mn цахим сургуулиас үзэж, суралцах боломжтой" гэв.
Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих хөтөлбөрийг Засгийн газраар батлуулан хэрэгжүүлж байна. Боловсролын тухай хуулийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд гуравдугаар ангиас нь англи хэлийг тоглоомын хэлбэрээр заадаг арга барил руу оруулах гэнэ. Бага ангийн хүүхдүүдэд үлгэр ярьж, үүний дараа сонссон үлгэрийнх нь агуулгыг яриулах, зөв дуудлагад сургах зэрэг хэлний дөрвөн чадварыг жигд хөгжүүлэх зорилгоор цахим сургалтын платформыг нэвтрүүлж тухай албаныхан тайлбарлалаа.