Парис хогонд дарагдаж, хархнуудад эзлэгдэв

Хуучирсан мэдээ: 2023.03.15-нд нийтлэгдсэн

Парис хогонд дарагдаж, хархнуудад эзлэгдэв

Парис хогонд дарагдаж, хархнуудад эзлэгдэв

Францын гудамж талбайн цэвэрлэгээний ажилчид гуравдугаар сарын 6-наас хойш ажил хаялт зарласнаас болж нийслэл Парис хот хогондоо дарагдаж, эвгүй үнэртэж эхэлсэн бөгөөд хархнуудад эзлэгджээ. Гэтэл улстөрчид асуудлыг шийдэж чадахгүй нэг нэгэн рүүгээ хашгичиж эхэлсэн байна. Парисын гудамжуудад, ялангуяа ресторан, зоогийн газар олонтой хэсгүүдэд өнгөрсөн амралтын өдрүүдээр элдэв хог, хаягдал хуримтлагдсаар явган хүний замын хажуугаар хүний мөрний өндөртэй тэнцэхүйц хогон овоонууд үүсчээ.

Цэвэрлэгчид ажил хаясан нь Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны санаачилсан тэтгэврийн системийн шинэчлэлттэй холбоотой юм.

Тэтгэврийн шинэчлэлтийн маргаан дагуулсан заалт нь тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлжээ. Гудамж, талбайн цэвэрлэгчид ажлынхаа хүнд хэцүү байдлаас шалтгаалан тэтгэмжийн хэмжээг багаар тогтоолгон эрт тэтгэвэрт гарах боломжтой байдаг. Гэвч эдгээр ажилчдын тэтгэвэрт гарах насыг 57-59 болгож хоёр жилээр нэмэгдүүлэхээр болсон нь ажил хаялтад хүргэсэн байна. 

Олон хоног үргэлжилсэн ажил хаялтаас болж Парисын гудамжуудад Даваа гариг гэхэд 5600 гаруй хог, хаягдал ачигдаагүй овоорсон байгааг хотын захирагчийн албанаас мэдээлжээ. Хот бохир заваан, эвгүй үнэртэй болж байгааг Парис хотын оршин суугч 23 настай залуу шүүмжлэв. Тэрбээр цэвэрлэгчдийн тавьж буй асуудалд анхаарал хандуулах шаардлагатай ч хот бохир заваан болсноос эрүүл ахуйн эрсдэл үүсч байгааг учирласан байна.

ХАРХНУУДЫН ДАЙРАЛТ

Европын олон хотуудын адил харх бол Парист хархнууд эртнээс байсаар ирсэн асуудал. Тиймээс хотын гудамжуудад хэдэн шуудай хог овоорч, хөглөрөхөд хүмүүс тийм  ч их санаа зовнихгүй ч энэ нь хархнуудыг татаж, халдварт өвчний эх үүсвэр болохоос хүн бүр санаа зовниж байна. "Гэрлийн хот" Парист амьдарч буй хүний тооноос хоёр дахин олон харх байдаг нь дэлхий дээрх хамгийн халдварын эрсдэл өндөртэй хотуудын нэг гэдгийг Францын анагаахын үндэсний академи анхааруулжээ. Тус академиас өнгөрсөн долдугаар сард гаргасан мэдэгдэлдээ, хархнуудаас хүнд дамжихн халдварлах өндөр эрсдэлтэй өвчнүүдийн талаар анхааруулсан байна.

Хог, хархны асуудал энэ долоо хоногийн эхээр улс төрийн хэрүүлийн шалтгаан болсон. Парис хотын дүүргүүдийн засаг дарга нар өнгөрсөн амралтын өдрөөр цэвэрлэгчдийн ажил хаялтыг олон нийтийн эрүүл мэндэд заналхийлж буй асуудал болгож улстөржүүлсэн байна. Тэд уг асуудалд Социалист намын улстөрч, хотын захирагч Энн Идалгог арга хэмжээ авсангүй гэж буруутгажээ.

Тухайлбал, Ням гаригийн шөнө Парис хотын даргын суудалд санаархаж буй Тээврийн сайд Клемент Бон үүссэн асуудлын бурууг Парис хотын захирагчийн ажлын албыг буруутган дайрсан байна. Тэрбээр твиттерт гудамжинд овоорсон хогны зухргийг оруулаад "Цэвэрлэгчгүй долоо хонолоо. Өмхийрч, илжирч байна. Парисчуудыг үл тоомсорлож, үл тоомсорлож буйн тод жишээ" гэж Энн Идалгод хандан үг хаяжээ.

Үүний хариуд хотын даргын орлогч Антуан Гилу "Энэ ялзрал таны нийгмийн асуудлаарх яриа хэлэлцээний алсын харааг харуулж байна. Та үнэхээр парисчууд, Францын иргэдийн төлөө санаа зовниж байгаа юм бол шударга бус тэтгэврийн шинэчлэлтийн хуулиа эргүүлэн татах хэрэгтэй. Олон нийт үүнийг чинь эсэргүүцээд байна" гэж бичсэн байна. 

Үүний зэрэгцээ хотын даргыг цэвэрлэгчдийн ажил хаялтыг дэмжсэн гэж Францын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Оливье Веран Даваа гаригт телевизийн нэвтрүүлгийн үеэр буруутгажээ. 

Өдөр тутмын "Le Parisien" сонинд мэдээлснээр цэвэрлэгч нарын ажил хаялт өнөөдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд үйлдвэрчний эвлэлүүд эсэргүүцлээ үргэлжлүүлэх эсэхийг төлөөлөгчдөөс санал авч шийдэх гэнэ. Гэхдээ үйлдвэрчний эвлэлүүдийн зүгээс Францын засгийн газар тэтгэврийн шинэчлэлтийн хуулиа эргүүлэн татах хүртэл ажил хаялтыг үргэлжлүүлэх болно гэж мэдэгдсэн. Хуулийг энэ долоо хоногийн сүүлээр эцэслэн батлахаар байгаа юм.

Францчуудын дундаж наслалт нэмэгдэж, илүү урт наслах болсон учраас илүү олон жил ажиллах шаардлагатай гэж Эммануэль Макрон үзэж, тэтгэврийн насыг 64 болгож нэмэгдүүлэхээр болсноо өнгөрсөн оны аравдугаар сард зарласан.

Энэ тухай зарласан цагаас эхлэн Францад үйлдвэрчний эвлэлүүд ээлж дараалан ажил хаялт зарласаар байгаа юм.  "Elabe" судалгааны бүлгээс мэдээлснээр Франц иргэдийн дийлэнх нь тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэж байна. Нээлттэй санал асуулга явуулахад иргэдийн 56 хувь нь ажил хаялтыг дэмжсэн бол судалгаанд оролцогчдын гуравны хоёр нь эсэргүүцлийн жагсаалыг дэмжжээ.

Дашрамд дурдахад, Европийн зарим оронд дундаж наслалтыг уртасгахын тулд тэтгэврийн насыг 65 хүртэл сунгасан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж