"Арилжааны банк сонгосон зээлийг ХБ санхүүжүүлсэн нь буруу"

Хуучирсан мэдээ: 2023.03.14-нд нийтлэгдсэн

"Арилжааны банк сонгосон зээлийг ХБ санхүүжүүлсэн нь буруу"

"Арилжааны банк сонгосон зээлийг ХБ санхүүжүүлсэн нь буруу"

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах гурав дахь удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр /2023.03.14/ хоёр дахь өдрөө үргэлжлүүлэв.


НЭМЭЛТ: 

Газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжихээр 93 иргэн, ААН-д 24.2 тэрбум төгрөгийн зээл олгосон

Хөгжлийн банкны санхүүжилтээр арилжааны банкаар дамжуулан 2016 онд санхүүжүүлсэн Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах богино хугацааны  хөтөлбөрийн зарцуулалт үр дүнгийн талаар шинжээч танилцууллаа.  Монгол Улсын Засгийн газрын 2016 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 42 дугаар тогтоолоор “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах”  богино хугацааны  хөтөлбөрийг баталсан.  Уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хөгжлийн банкны ТУЗ-ийн 2016 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 26 дугаар тогтоол гарч Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах”  богино хугацааны  хөтөлбөрийн хүрээнд дамжуулан олгох зээлийн нөхцлийг баталсан байна. Үүнд зээлдэгчид 9.5 хувийн хүүтэй, дэд зээлдэгчид 12.5 хувийн хүүтэйгээр 25 тэрбум төгрөг хүрэлх зээлийг хоёр жил хүртэлх хугацаагаар дамжуулан олгохоор шийдвэрлэсэн байна.

Энэхүү тогтоолын хүрээнд  ХХБ, Хаан банк, Голомт банктай гэрээ байгуулсан бол 2016 оны дөрөвдүгээр сард Төрийн банк нэмэгдэж орсон. 2016 оны 06 дугаар сард Капитрон банк нэмэгдсэн байна. Газар тариалан-2016 дамжуулан зээлийн багцыг нийт таван арилжааны банкаар дамжуулан олгосон. Нийт 93 дэд зээлдэгчид 24 тэрбум 297 сая 976 мянган төгрөгийн зээлийн санхүүжилтийг олгосон байна. Үүнээс, Голомт банкаар дамжуулан 20 дэд зээлдэгчид 5.9 тэрбум төгрөг, Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан 8 дэд зээлдэгчид 2.3 тэрбум, Хаан банкаар дамжуулан 17 дэд зээлдэгчид 5.2 тэрбум төгрөг, Төрийн банкаар дамжуулан 42 дэд зээлдэгчид 10.5 тэрбум төгрөг, Капитрон банкаар дамжуулан 6 зээлдэгчид 477.4 тэрбум төгрөгийн санхүүжилт тус тус олгосон байна. Нийт 93 дэд зээлдэгчид олгосон зээлийг зээлийн дүнгээр нь багцлан танилцуулвал:

  • 500 сая төгрөг болон түүнээс дээш санхүүжилтийг 14  зээлдэгч
  • 300-500 сая төгрөг хүрэлх  санхүүжилтийг 17  зээлдэгч
  • 100-300 сая төгрөг хүрэлх  санхүүжилтийг  32 зээлдэгч
  • 50-100 сая төгрөг хүрэлх  санхүүжилтийг 13 зээлдэгч
  • 50 саяаас доош зээлийн санхүүжилтийг 17 зээлдэгчид тус тус олгосон байна.

Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах”  богино хугацааны  хөтөлбөр-ийн хүрээнд ХХААХҮЯ-наас гаргасан жагсаалтаар дэмжигдсэн, зээлдэгч банкны шаардлага хангасан төсөл хэрэгжүүлэгчид дамжуулан зээл олгохоор заасан. Энэ хүрээнд ХХААХҮЯ-ны 2016 оны тавдугаар сарын 4-ний өдрийн 01-1477 тоот албан бичгээр Хөгжлийн банкинд хандан УИХ-ын 2015 оны 108 дугаар тогтоолын 12 дах хэсэг, Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах”  богино хугацааны  хөтөлбөр батлах тухай Засгийн газрын 2016 оны 42 дугаар тогтоолыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор тариалан бүхий аж ахуй нэгж, иргэдийн 2016 онд тариалах талбай, бэлтгэх уринш, олгох зээлийн дээд хэмжээг нэгтгэж хавсралтаар хүргүүлэв. Хавсралт 39 хуудастай хэмээн ХХААХҮЯ-наас 2016 онд газар тариалангийн салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж байсан иргэн, ААН-үүдийн жагсаалтыг хүргүүлж байсан байна. Уг жагсаалтад 1600 орчим иргэн, ААН-ийн нэрийн жагсаалт багтсан гэдгийг шинжээчийн дүгнэлтээр харуулсан гэв. Шинжээчийн дүгнэлт дууссаны дараа асуулт хариултаар үргэлжлэв.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: -Төрийн банкныханаас асуумаар байна. Нийт 93 төслийн 42 нь Төрийн банкаар дамжиж гарсан буюу нийт энэ салбарт олгосон зээлийн 43.2 хувийг эзэлж байна. Төрийн банк 100 хувь төрийн өмч. Нэмээд Хөгжлийн банк 100 хувь төрийн өмч. Зээлийн эрсдлийн хувьд төр дарамтад орох асуудал байна. Төрийн банкаар дамжуулж зээл олгосны цаана хардлага төрүүлж байна. Учир нь Төрийн банкны томилгоо төрөөс хийгдэж байгаа. Хөгжлийн банкны санхүүжилт ч мөн төрөөс… Дийлэнх санхүүжилтээ Төрийн банкаар дамжуулсаны цаана улстөрч байна уу, шийдвэр гаргахад нэр нөлөө бүхий хүмүүсийн оролцоо байсан юм байна гэх хардлага байна. Төрийн банкаар дамжуулан олгосон 42 зээлийн хэдэн нь эргэн төлөгдсөн бэ. Төрийн байгууллагуудаас ямар нэгэн нөлөө үзүүлсэн эсэх талаар мэдээлэл авмаар байна?

Төрийн банкны Зээлийн газрын захирал н.Батбаяр: 2016 оноос эхэлсэн Хөгжлийн банкны дамжуулан зээлдүүлэх Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах  богино хугацааны  хөтөлбөр хоёр жилийн хугацаанд хэрэгжсэн. Үүнтэй холбоотойгоор Төрийн банк 42 зээлдэгчид 10.4 тэрбум төгрөгийн газар тариалангийн зээл олгосон. Хоёр жилийн хугацаанд эх үүсвэрийг Хөгжлийн банкинд бүрэн төлж дуусгасан. Ямар нэгэн эх үүсвэрийн төлбөрийн зөрчил байхгүй. Гурван зээлдэгчийн хувьд хугацаа хэтэрсэн явж байна. Энэ асуудалд бид холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна. Нэг зээлдэгчийн хувьд 1000 төгрөгийн үндсэн зээлийн өртэй, 25 сая төгрөгийн үлдэгдэлтэй. Нэг нь 15 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тухайн үед ямар нэгэн байдлаар улс төрд нөлөө бүхий хүний нөлөө байсан эсэхийг хэлж мэдэхгүй байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Танай байгууллагыг цагаан сарын өмнө бүтцийн өөрчлөлт хийсэн гэх мэдээлэл аваад байна. Уг нь бол Хэмнэлтийн хуулиар орлогч дарга нар байхгүй болсон. Яам, агентлагуудын, төрийн өмчийн компаниудын дэд захирлууд байхгүй. Гэтэл эдгээр захирлуудыг буцаагаад томилсон сурагтай. Төрийн банкыг гурван захиралтай болсон гэх мэдээлэл авсан.  Гэтэл гүйцэтгэх, дэд, тэргүүн дэд захирал нь энд байхгүй байгааг хариуцлагагүй байдал хэмээн харж байна. Нөгөө талаар өмнөх түүхээ сайн мэдэхгүй байгаа бол Хөгжлийн банкны удирдлагуудаас тодруулмаар байна. Ийм байдлаар ажиллаж байсан түүх байдаг юм болов уу. Та нар Төрийн банк болон бусад банкуудтай ажилладаг зээлийн шугам гаргаад явахыг хэр зүйтэй хэмээн үзэж байна вэ?  Миний хувьд зохимжтой биш байх хэмээн бодож байна. Үүний цаана ашиг сонирхолын нөлөө орох магадлал өндөр байна. Зээл эрсдэл хүлээлээ гэхэд энэ нь эргээд татвар төлөгчдийн мөнгөн дээр ирэх байх. Явц дундаа Төрийн банк олон нийтийн банк болсон тохиолдолд энэ асуудал өөрөөр яригдах байх. Өнөөгийн нөхцөлд та бүгдийн Төрийн банктай харилцах харилцаа ямар байгааг тодруулмаар байна?

Хөгжлийн банкны захирал Т.Мандуул:- Банкны салбараараа авч үзээд хэрэв манай банкны хувьд Төрийн банкин дээр томоохон хэмжээний экспожир байхын бол таны санаа зовж байгаатай санал нийлж байна. Гэхдээ одоогийн байдлаар хөгжлийн банкны хувьд Төрийн банктай ямар нэгэн онцгойлсон харилцаа байхгүй. Их хэмжээний хадгаламж байршуулсан зүйл байхгүй болохоор өнөөгийн нөхцөлд гайгүй болов уу гэж бодож байна. Ер нь бол дамжуулан зээлүүдийг олгохдоо Хөгжлийн банкны хувьд өөрсдөө ямар нэгэн шүүлтүүргүйгээр, санхүүгийн тооцоолол хийхгүйгээр шууд яам болон арилжааны банкны сонгосон зээлүүдийг автоматаар санхүүжүүлж байсныг бид буруу гэж үзэж байгаа. Хөгжлийн банкны хувьд тухайн кердит эрсдэлээ арилжааны банкинд  үүрүүлчихсэн учраас санхүүгийн хувьд эрсдэлгүй гэж тооцоод яваад байсан юм шиг байгаа юм. Гэхдээ хөгжлийн банкны зорилго зорилт улс орны хөгжлийн төсөл, хөтөлбөр гэдэг зорилт, үүргийнхээ дагуу банк өөрсдөө тухайн төсөл дээр үнэлгээ хийж зээлүүдээ гаргах нь цаашдын зорилтуудтай нийцнэ хэмээн үзэж байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Хөгжлийн банк анх байгуулагдахдаа хувийн сектор буюу арилжааны банкууд санхүүжүүлж чадахгүй томоохон хэмжээний экспортыг дэмжиж, импортыг орлох бүтээн байгуулалтын санхүүжилтүүдийг хийнэ гэсэн зорилготой байсан. Гэтэл Хөгжлийн банкны эх үүсвэр нь өөрөө хувийн сектор, арилжааны банкныхаа эх үүсвэртэй өрсөлддөхийн хажуугаар санхүүжилт өгдөг байдлыг цаашид хязгаарлах хэрэгтэй. Шулуухан хэлэхэд, цаашид Төрийн банктай холбоотой харилцаан дээрээ Хөгжлийн банк анхаарах шаардлагатай. Төрөөс дамжин олгогддог, зах зээлийн санхүүгийн системийг эвддэг тоглоомын дүрмийг хүлээн зөвшөөрч болохгүй. Дарга нараар дамждаг санхүүжилтийн системтэй байх юм бол та нарын зах зээл хумигдах учраас энэ асуудалд арилжааны банкны төлөөллүүд анхаарч ажиллах  хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:- Төрийн банкнаас зээл олгосон Товхонхан ХХК бол ЗГХЭГ-ын дарга, сайдаар ажиллаж байсан С.Баярцогт сайдын хамаарал бүхий компани 700 сая төгрөгийн зээл авсан. Энэ зээлийг сайд байх үедээ авсан юм уу, үгүй юу?

Шинжээч:- Товхонхан ХХК 2016.06.02-2018.06.02 өдрийг хүртэл Төрийн банкнаас тус зээлийг авсан.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Яг сайдаар ажиллаж байх үедээ мөн сонгуулийн үеэр авсан зээл юм байна. Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах богино хугацааны  хөтөлбөр 2016 оны төслийн талаар шинжээчийн дүгнэлттэй танилцаж холбогдох гэрчээс асуулт асууж дууслаа.

Ийнхүү өнөөдрийн сонсголыг өндөрлүүллээ.

Ш.Адьшаа: 6 тэрбум төгрөгийн зээл авснаа төлсөн

Сонсголд 59 хүн гэрчээр дуудагдсан бөгөөд эхний асуудал нь Хүнсний улаан буудайн нөөц бүрдүүлэх төслийн талаар хэлэлцсэн бол үргэлжлүүлэн Арьс ширийг дотооддоо гүн боловсруулах болон бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлттэй зээл олгох төслийн талаар үргэлжиллээ. Тус салбарт олгосон зээлтэй холбоотой  шинжээчийн дүгнэлтийг сонссоны дараа гэрчээр дуудагдсан УИХ-ын гишүүн Ш.Адьшаагаас асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Э.Батшугар:

-Нэгдүгээрт, та зээлээ эргэн төлсөн үү, Хоёрдугаарт, төсөл хэрэгжсэн үү.  Хэрэгжээгүй бол ямар шалтгааны улмаас хэрэгжээгүй вэ?

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Монгол Улсын Их хурлаас Хөгжлийн банкны зээлийг хянан шалгах түр хороо байгуулж, тус банкаар дамжин олгосон  төсөл хөтөлбөрийн асуудлыг төрийн бодлогын хэмжээнд хэлэлцэж, гарсан алдаа дутагдалыг цаашид  хэрхэн шийдвэрлэх талаар өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулж байна хэмээн харж байна. Миний бие өнөөдрийн сонсголд төрийн түшээгийн хувиар хууль хэрэгжүүлэгч, бодлого тодорхойлогчийн  хүрээнд хүрэлцэн ирсэн. Би “Ховд хаан бирж” гэдэг компаниар дамжуулж, жирийн иргэн байхдаа 2014 онд тус банкнаас зээл аваад 2019 онд төлж дуусгасан. Уг төсөл яагаад хэрэгжээгүй талаар УИХ-ын гишүүн Э.Батшугар асуулаа. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Ховд аймагт уг төслийг хэрэгжүүлэх бодлогын шийдвэр гарч, зээлийн асуудал яригдсан. Ховд аймагт арьс ширний үйлдвэр, ноос ноолуурын үйлдвэр эргэлтийн хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зориулалтаар арилжааны банкаар дамжуулж уг зээлийг авсан. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төрийн хүлээх ёстой үүрэг, иргэний хүлээх ёстой үүргийн хүрээнд уг үйл ажиллагаа явагдаж байсан. Гэтэл  төрийн хүлээх үүрэг хэрэгжээгүйгээс  өнөөдрийг  хүртэл уг  төсөл хэрэгжээгүй.  Би үүнийг нотлох баримттай ярина. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын энэ төсөлтэй холбогдуулж ирүүлсэн бичгийг уншиж танилцуулъя. Олон нийт уг хэлэлцүүлэгийг анхааралтай харж байгаа учраас уншиж танилцуулах нь зүйтэй хэмээн бодож байна. Энэ бичиг бол төрийн сайдаас ирүүлсэн нотлох баримт учраас энд танилцуулж байгаа юм.  2023 оны гуравдугаар сарын 13-ны өдөр 01809 дугаартай  тайлбар ирүүлсэн.  Ховд аймгийн Жаргалан сумын нутагт баригдаж буй малын гаралтай түүхий эд боловсруулах, үйлдвэрлэлийн цэвэрлэх байгууламжийн талаарх мэдээллийг хүргүүлж байна.  Нэг. Ховд аймагт байгуулах арьс ширний үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн  1.370.000.000 үнэ бүхий тоног төхөөрөмжийг Сан компани 2012 онд нийлүүлсэн. Төрийн өмчийн хорооны 2014 оны наймдугаар сарын 20-ны өдрийн 455 дугаар тогтоолоор Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлж өгсөн. Хоёр, Ховд аймгийн Жаргалан суманд малын гаралтай түүхий эд боловсруулах, үйлдвэрлэлийн цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ, зураг төсөв, төсөл боловсруулах тоног төхөөрөмж, шаардлагатай засвар үйлчилгээг хийж угсарч, суурилуулах, барилга угсралтын ажлыг гүйцэтэхээр 4.789.145.000 төгрөгийн санхүүжилт бүхий  18101506393 дугаартай түлхүүр гардуулах гэрээг Саруул цамхаг ХХК компанитай 2018 онд байгуулсан. Цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажилд өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэл хийгдээд байна. Гэрээний дагуу 2018 онд 710 сая төгрөг, 2019 онд 2.958.000.000 төгрөг, 2020 онд 887.146.000 төгрөг, 2022 онд 650.000.000 төгрөгийн санхүүжилт тус тус хийгдсэн. Хөдөө аж ахуй , хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны есдүгээр сарын 06-ны А-305 дугаартай тушаалаар цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж суурилуулах ажилтай танилцах, тоног төхөөрөмжийг ашиглах боломжтой эсэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг 2020 оны есдүгээр сард ажиллаж, зарим тоног төхөөрөмжүүдийг солих, засварлах шаардлагатай гэсэн дүгэлт гаргасан. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт 2014 онд хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмжийг өнөөдрийг хүртэл стандартын дагуу хадгалалт , хамгаалалт хийлгүй ашиглах боломжгүй болгосон шалтгаанаас үүдэн цэвэрлэх байгууламж ашиглалтад одоог хүртэл ороогүй байна. Тус ажлыг гүйцэтгэсэн “Саруул цамхаг” компани анх тоног төхөөрөмж нийлүүлсэн БНХАУ-ын компанийн төлөөллийг урьж газар дээр нь ажиллуулж, холбогдох дүгнэлт гаргуулан, цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулахад шинээр солих, засварлах шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Ховд аймагт 2023 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс ажиллаж байна” гэх дүгнэлтийг ирүүлсэн. Миний бие нэгэнт гэрчээр дуудагдсан учраас  зарим зүйлийг ярих нь зүйтэй байх хэмээн бодож байгаа. “Сан” компани 2010 онд намайг тус үйлдвэрийг барих зээл авахаас өмнө 1.380.000.000 төгрөгөөр цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг оруулж ирсэн байсан. Одоогийн ханшаар гурав орчим тэрбум төгрөг. Энэ компани бас нэг УИХ-ын гишүүний хамаарал бүхий компани.  Гэтэл цэвэрлэх байгууламж, үйлдвэр барих төсвийг улсын төсөвт цаг тухайд нь суулгаж өгөөгүйгээс энэ төсөл амжилтгүй болсон. Ер нь улс төрийн болон хувийн шалтгаанаар энэ асуудалд хандаж байсан нэг л хүн байдаг. Тус зээлийн төлөх хугацаа болоход 2019 онд 6 тэрбум төгрөгийн төлөлт хийсэн. Үүнээс хоёр тэрбум төгрөгийн хүү, алданги төлсөн. Үндсэн зээлдээ 2.3 тэрбум төгрөг төлсөн бол барьцаа хөрөнгийн хангалтаар 3.9 тэрбум төгрөг төлж уг зээлийг 2019 онд бүрэн төлж дуусгасан. Миний хувьд ийм л тайлбар өгье.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Уг зээл 2014 оны есдүгээр дүгээр сард олгогдсон зээл. Та энэ зээлийг авах үед иргэн байсан хэмээн хэллээ. Таныг 2013-2015 онд Зам тээврийн  сайд А.Гансүхийн зөвлөхөөр ажиллаж байсан гэдэг шүү дээ?

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан гэдэг асуудал ямар байдаг гэдгийг гишүүн та өөрөө мэднэ шүү дээ. Ордон руу, яам руу ордог нэг л үнэмлэх л байдаг. Одоо бид нар 20-30 тооны орон тооны бус зөвлөхтэй байдаг  шүү дээ. Цалин хөлс авдаггүй хүнтэй улс төрийн албан тушаалтан зөвлөх гэдэг байдлаар хандаж арай болохгүй байх гэсэн бодолтой байна.

Б.ЭНХБАЯР: АРЬС ШИР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГЫГ ЗУРГААС ХАРАХААР ОРОН СУУЦ ШИГ ХАРАГДААД БАЙНА

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-“Ховд хаан бирж” ХХК нь 2014 оны хоёрдугаар сард үүсгэн байгуулагдсан. Нэг эзэмшигчтэй компани байгаа. Тэгэхээр уг компани байгуулагдаад зургаан сарын дараа 6 тэрбум төгрөгийн  зээл авсан байна. Энэ зээлийг авахаасаа өмнө ямар үйл ажиллагаа явуулж байсан бэ?.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Байгуулагдсан намтар түүхийн тухайд таны ярьж байгаатай адилхан байх. Тэгэхээр энэ бодлогын зээл байсан учраас төсөл, ТЭЗҮ-ийг боловсруулж өгөөд барьцаа хөрөнгөө тавиад авсан ийм л зээл.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Шинжээчийн дүгнэлттэй холбоотой “Ховд хаан бирж” ХХК-ийн зарцуулалтыг дэлгэцэнд өгчихөөрэй. Шинжээчийн дүгнэлтэд зааснаар 3.7 тэрбум төгрөг нь баримтаар нотлогдоогүй буюу бэлэн гүйлгээ байгаа гэсэн зарцуулалт танилцуулагдсан. Арьс шир боловсруулах үйлдвэрийн барилгыг зургаас харахаар орон сууц шиг харагдаад байна л даа. Энэ үйлдвэр үү, орон сууц уу?

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Би ч бас энэ зургийг ойлгохгүй байна. Ямар зураг авч ирээд тавьсан юм. Ер нь бол 2019 оны аравдугаар сард энэ компанид татварын иж бүрэн шалгалт орсон. Шалгалт ороод үйлдвэрийн барилгатай танилцаж, Үл хөдлөхийн татвар төлөөгүй байна гэх үндэслэлээр таварын акт үйлдэж байсан. Өөрөөр хэлбэл, Татварын албанаас тус үйлдвэрийн барилгатай танилцаад барилга байгууламжийг нь үнэлээд татварын акт тавьж байсан.. Энэ шинжээч хийж байгаа хүмүүс дүгнэлт гаргахдаа яагаад компанийн хүмүүстэй уулздаггүй юм. Б.Энхбаяр гишүүн ээ, гэтэл одоо нэг зураг тавьчихаад “Мөн юм уу, биш юм уу” гэх зүйл байхгүй. Цэвэрлэх байгууламжийн хажууд 4650 м.кв үйлдвэрийн барилга баригдчихсан байгаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Энэ гүйцэтгэлийн зургийг аудитын байгууллагаас газар дээр нь ажиллаж аудит хийсэн тайлангаас авсан зураг юм байна шүү. 2014-2018 онд арьс ширний гүн боловсруулалтын  түвшин 10.4 хувиас  25.7 хувь болж 2.5 дахин өссөн гэдэг эерэг үзүүлэлт гарсаныг шинжээч танилцуулсан. Гэхдээ 2018 оноос буцаад энэ үзүүлэлт унасан гэдгийг шинжээч мөн танилцуулсан. “Нийт 57 ААН, үйлдвэрт 86 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл олгосон гэх асуудал бий. Үүнээс  долоон  ААН зээлийн зарцуулалттай холбоотой асуудал дээр дуудагдсан. “Ховд хаан бирж” ХХК-ийн төлөөллөөс бусад нь ирсэнгүй”  гэв.

П.БАТЗАЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж